Эдийн засгийн өршөөл үзүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл өргөн барилаа. Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль гаргах шаардлага бий болсон. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн, аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм байна.