Төрийн ордонтой танилцах цахим аялалын веб хуудасны хувилбарын нээлт боллоо
Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага-Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангаж, Улсын Их Хурлаас батлан гаргаж байгаа хууль тогтоомж, төрийн бодлого, шийдвэрийг иргэд сонгогчдод шуурхай, үнэн бодитой, хүртээмжтэйгээр мэдээлж сурталчлахад Улсын Их Хурлын Тамгын газар гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг билээ.
Өнөөдөр /2015.01.12/ Төрийн ордонд орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн Төрийн ордонтой танилцах цахим аяллын вэб хуудсыг албан ёсоор нээх ёслолын үйл ажиллагаа боллоо.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар уг ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын Тамгын газар өнгөрсөн 2014 онд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/-тай хамтран “Цахим парламент” төслийг амжилттай хэрэгжүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдааны дуу, дүрсний системийг иж бүрэн шинэчилсний зэрэгцээ Парламентын сэтгүүлчдийн өрөө, техникийн удирдлагын өрөө, мэдээллийн төв зэрэг өрөө тасалгаануудыг шинээр байгуулан орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон.
Тэгвэл өнөөдөр орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн Төрийн ордонтой танилцах цахим аяллын вэб хуудсыг албан ёсоор ашиглалтад оруулж байна гээд олон улсын жишигт нийцсэн энэ ажлыг “Пано интерфейс” ХХК-ийн хамт олон орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан өөрсдийн санаачлагаар амжилттай бүтээсэнд талархал илэрхийлье гэв.
Англи, монгол тайлбартай эл цахим аяллаар иргэд сонгогчид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны болон бусад танхимууд, Төрийн ордон дахь түүх, соёлын дурсгалт үзмэрүүдээс гадна Улсын Их Хурлын даргын албан өрөө тасалгаа, үе үеийн Улсын Их Хурлын дарга нар, Ерөнхий сайдуудын хөрөг зураг зэрэг сонирхолтой үзмэрүүдтэй танилцах боломжтой болж байгаа юм.
Цахим хуудсыг бүтээхэд нийт 3000 гаруй ажлын материал орсны зэрэгцээ Төрийн ордны өрөө тасалгаа, хуралдааны танхим, музей, үзмэр зэрэг 42 обьектыг 100 гаруй цэгээс харуулснаараа онцлог болсон.
Цаашдаа Тамгын газрын зүгээс цахим хуудсыг улам боловсронгуй болгож бусад хэлний тайлбарыг нэмэх, Төрийн ордонтой танилцах захиалгыг цахимаар авах, хөдөлгөөнт дүрс, видео дүрсээр баяжуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.
Хэдийгээр иргэд Төрийн ордонд чөлөөтөй орж танилцах боломжтой болсон ч бүхэлд нь танилцах боломжгүй. Харин энэхүү виртуаль аяллын шинэ цахим хуудас нээгдсэнээр эх орныхоо зүг бүрт ажиллаж амьдарч байгаа иргэн хэн боловч хүссэн цагтаа гэрээсээ, албан өрөөнөөсөө, гадаад орноос ч энэхүү хуудсанд нэвтэрч Төрийн ордны үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцах боломжийг олгож байгаа юм. /Төрийн ордонд цахимаар аялахын тулд та http://tour.parliament.mn хуудсан дээр дараарай/
Нээлтийн арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, “Пано Интерфейс” ХХК-ийн захирал Б.Баттулга, тус компанийн зөвлөх Д.Энхцогт нар болон Төрийн ордонтой танилцахаар ирсэн иргэдийн төлөөлөл оролцлоо.