2015 онд монголчууд бид ингэж бүсээ чангална

2015 оны 1 сарын 09

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албандаа томилогдсон өдрөөсөө эхлэн Монгол улс  хямрчихсан байгааг хүлээн зөвшөөрч, хямралыг даван гарахын тулд бүх зүйл дээр хэмнэлтийн горим барьж ажиллахаа мэдэгдсэн. Үүнээс ч өөр арга байхгүй. Монголчууд бид энэ жилээс эхлэн бондын өрийн хүүг буцаан төлнө. Үүнд бараг 700 гаруй тэрбум төгрөг шаардлагтай. Мөн 2015 оны улсын төсөв бараг нэг их наяд төгрөгөөр тасарчихсан байна. Үүнийг хэрхэн яаж төлөх нь Засгийн газрын хувьд жинхэнэ толгойны өвчин болоод байгаа.
 Энэ бүгд Ерөнхий сайдыг хэмнэлт, таналт, багасгалтын горимд өөрийн эрхгүй шилжүүлж, 2015 төсөвт тодотгол хийж бүсээ чангалахаас аргагүй болгов. Төсвийн орлого 905.6 тэрбумаар тасрах төлөвтэй байгаа учир зардал, хөрөнгө оруулалтыг энэ хэмжээгээр хасчээ. Тодруулж хэлбэл, олон халамж тэтгэмжийг хумьж, төсвийн ажилчдын орон тоог 15 хувиар бууруулж, олон сангуудыг нэгтгэж, заримыг нь татан буулгахаар төсвийн тодотголд тусгажээ. Ингээд “Шийдэл”-ийн гэх тодотголтой Засгийн газар монголчуудын бүсийг 2015 онд хэрхэн чангалах гэж буйг хүргэж байна.

Цалин тэтгэврийг нэмэхгүй

Үе үеийн Засгийн газар сонгогчдод хамгийн түрүүнд амладаг зүйл бол “Цалин, тэтгэврийг 2-3 дахин нэмэх” тухай байдаг. Түүндээ ч хүрэхийн тулд цалин, тэтгэврээ чадлаараа нэмж байсан. Жишээлбэл 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед цалин, тэтгэвэрийг хамгийн их буюу 20-30 хувиар нэмсэн түүхтэй. Улс орныг эдийн засгийн хямралд оруулж, төрийн “түрүүвчийг” юу ч үгүй хоосолсон хэмээн адлагдсан Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн засгийн газар” хүртэл бага ч гэсэн хэмжээгээр нэмж байсан. Харин энэ Ч.Сайханбилэгийн ЗГ энэ жилдээ багтаж төрийн албан хаагчдын цалин, өндөр настнуудын тэтгэврийг нэмэхгүй гэв. Арга ч үгүй биз тэд цалин, тэтгэвэрийг нэмэх нь байтугай, одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдынхаа цалинг ч тавьж чадахгүй дээрээ тулаад байгаа.

Одонтой ээжүүдийн мөнгийг ялгавартай олгоно

Засгийн газраас баримтлах дараагийн хэмнэлтийн горим.  "Алдарт эх"-ийн одонгийн мөнгийг зөвхөн хүүхэд нь 0-18 насны болзол хангасан эхчүүдэд олгоно. Бусдад нь олгохгүй. Энэ нь үндсэндээ ээжүүдэд мөнгө өгөхгүй гэсэн санаархал юм. Учир нь өдгөө “Алдарт эх”-ийн I, II дугаар одонтой ээжүүдийн 90 орчим хувь нь 1950-1960 оныхон байдаг. Тэдний хүүхүүдүүд өдгөө бүгд нас биед хүрсэн байгаа. Харин үлдсэн 10 гаруй хувь нь л одонгийн мөнгийг авах шаардлагыг хангах юм. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт чуулганы хурал дээр нэлээд тодорхой хэлсэн.

Оюутнуудад сар бүр олгодог 70 мянган төгрөгийг танана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан уг тэтгэлэгийг Ерөнхий сайд танах ёстой жагсаалтандаа багтаажээ. Уг тэтгэлэгийг сурлагын амжилтаар нь эрэмбэлж зөвхөн 3.0 голчтой оюутнуудад олгохоор болжээ. “Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт” зориулж улсын төсвөөс өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 307.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ жилийн төсөвт нийт 70 гаруй тэрбум төгрөг суусан байгаа. Дээрх шийдвэрээр жилд 33.7 тэрбум төгрөг хэмнэх боломжтой.

Малчдаас авдаг малын хөлийн татварыг сэргээнэ

Ерөнхий сайд улс орны эдийн засгийн хямралыг дотоодынхоо нөөц бололцоог шавхаж даван туулна гэдгээ илэрхийлээд, малчдаас татвар авах асуудлыг хуульчилж, УИХ-д оруулж ирэхээр болсон. Ингэснээр 2015 онд малчид малын хөлийн болон бэлчээр, ус ашигласны татвараа төлнө гэсэн үг юм. Малчдын бараг мартах дөхсөн малын хөлийн татварыг авах талаар өмнө нь буюу 2010 онд яригдаж байсан. Гэвч эцэстээ малын ноос, ноолуураа үндэсний үйлдвэртээ тушаасан малчдад урамшуулал олгохоор шийдвэрлэж, УИХ-аас тогтоол батлан жил тутамд 20 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгадаг жишиг тогтсон билээ.

Хүүхдийн мөнгийг ялгавартай өгнө

Хүүхдийн мөнгийн мөнгийг бүх хүүхдэд олгохгүй. Энэ жилээс эхлэн цензур тогтоож зөвхөн зорилтот бүлгүийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгож байх саналыг Засгийн газар гаргав. Өнгөрсөн жилийн статистик мэдээллээс харвал Хүний хөгжил сангаас11 дүгээр сард 990.5 мянган хүүхдэд 218.2 тэрбум төгрөг олгожээ. Хэрэв зорилтот бүлэгт олговол энэ мөнгөн дүн нэлээдгүй багасах ажээ.

Татвар нэмнэ

Татваруудын ерөнхий хэмжээг нэмэхээр болжээ. Мөн үүн дээр нэмээд шинээр хөрөнгийн албан татварын хууль шинээр бий болсноор үл хөлдөх хөрөнгөөс татвар авна. Тээврийн хэрэгслүүд, бөөний, малын хөлийн татвар гэсэн дөрвөн төрлийн татварыг авах гэж байна.

Жирэмсэн эхчүүдэд олгодог байсан тэтгэмжийг буруулна

2015 оны төсөвт тодотгол хийх хуулийн төсөлд  ингэж  тусгасан байна. Одоогийн хуулийн хүрээнд нийгмийн даатгалтай эхчүүд нийгмийн даатгалын сангаас төрөхийн өмнөх 2 сар, төрсний дараах 2 сар буюун ийт 4 сарын хугацаанд сүүлийн 12 сард авсан дундаж цалингийн 70-100 хувьтайтэнцэх тэтгэмжийг олгодог байсан. Энэ мөнгө нь дунджаар 1,071.0 мянган төгрөгийг олгодог. Мөн дээрээс нь халамжийн сангаас жирэмсний 5 сараас эхлэн нийт 12 сарын хугацаанд сар бүр 40 мянган төгрөг  олгодог. Харин Нийгмийн даатгалын санд хамрагдаагүй эхчүүдийн хувьд зөвхөн халамжийн сангаас жирэмсний 5 сараас эхлэн нийт 12 сард нийт 480 мянган төгрөг авч байна. Гэтэл Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдэд нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл
Хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн 7 сарын хугацаанд олгодог болохоор тооцлоо гэж тусгажээ.

Төрийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмжийг танана

Төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь 36 сарын цалинтай дүйцэхүйц мөнгөн олговрыг өгдөг байсан. Тэгвэл хямралтай байгаа энэ үед тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчид 12 сарын цалинг олгоно. Төрийн албанд ажиллагсдыг тэтгэвэртээ гарахад нь ажиллаж байсан салбараас нь хамааруулаад 12-36 хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаагийн тэтгэлэг болгон олгодог юм. Гэвч ирэх жилээс эхлэн тэтгэвэртээ суух төрийн албан хаагчдад салбарыг нь үл харгалзан дээрх тэтгэлгийг 12 сараар тооцон тэгшитгэж олгох саналыг Засгийн газар гаргав.

Ноос, тарианы урамшуулалыг өгөхгүй

Ноос, ноолуур болон тариаланчдад урамшуулал олгодог болоод нэлээд хэдэн жил болж байна. Энэ хугацаанд дээрх салбарынханд нэлээдгүй мөнгө зарцуулжээ. Жишээлбэл, өнгөрсөн жилд гэхэд л ноосны урамшуулалд 30 орчим тэрбум төгрөг, тариаланчдад 25.3 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. 2015 оны төсвийн тодотголд эдгээрийг хасахаар тусгажээ. Ерөнхий сайдын шийдвэрээр дээрх мөнгөн дүн хэмнэгдэж, бүгд улсын төсөвт үлдэнэ. Гэхдээ уг шийдвэр тухайн салбарынхандаа нэлээдгүй хүнд нөлөөлөх байх.

2015 онд төсвийн хөрөнгөөр шинэ барилга барихгүй

2015 онд төсвийн хөрөнгөөр нэг ч шинэ барилга, байгууламж барихгүй, эхлүүлсэн барилгуудаа концессийн гэрээгээр хувийн хэвшлийнхэнд өгөхөөр төлөвлөжээ. Ингэснээр төсвийн хөрөнгөөр барилга, байгууламж барьж ашиг олдог компани байхгүй болно гэсэн үг. Хэрэв тэгвэл нөгөө барилга дээр ажиллах хүмүүс ажилгүй болно. Түүнээс улбаалан иргэдийн амьдрал дахин хэцүү байдал орно. Товчоор хэлбэл барилгын салбарын ажилгүйдэл эрс нэмэгдэх магадлалтай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15376
0 эможи
keyboard_arrow_up