Зарим агентлагийн даргын томилгоо дутуу байна
Ч.Сайханбилэгийн гэх “Шийдлийн засгийн газар” бүрэлдэж, элэг бүтэн болсон. Харин одоо зарим төрийн нарийн бичгийн дарга болон агентлагийн дарга нараа томилох дутуу байгаа юм. 30 агентлагийн дарга нарыг томилж дууссан бөгөөд зарим агентлагийн дарга нарыг солих ажил явагдсаар байна. Тухайлбал, өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ШӨХТГ-ын даргыг томилж, ОБЕГ-ын даргыг өөрчилсөн юм. Харин шинээр томилогдсон дарга нар Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу орон тооны цомхотгол хийхээ мэдэгдлээ. ШӨХТГ-ын даргаар томилогдсон Т.Аюурсайхан ажилчдынхаа тоог 15 хувиар бууруулж, 36 хүнтэй ажиллахаа мэдэгдээд байгаа юм. Агентлагийн дарга нарыг танилцуулбал,
ЦЕГ-ын дарга Р.Чингис
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдсоныхоо дараахан хэд хэдэн томилгоо хийсэн. Үүний нэг нь ЦЕГ-ын дарга Р.Чингис юм. Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд ЦЕГ-ын даргаар томилсон. Р.Чингис өмнө нь Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байгаад, Хууль сахиулах Их сургуулийн захирлын албан тушаалыг хашиж байсан юм.
ТЕГ-ын дарга Б.Хурц
АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурцыг мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ТЕГ-ын даргаар томилсон. Харин түүнийг томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл АТГ-ын дэд даргын суудал хоосон байгаа юм. Б.Хурц нь өмнө нь АТГ-ын Сөрөх Тагнуулын албанд ажиллаж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар мөн ажиллаж байв.
ШШГЕГ-ын дарга Б.Билэгт
ЦЕГ-ын даргаар ажиллаж байхдаа хууль бусаар халагдсан Б.Билэгтийг шүүхээс ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарсан. Гэвч Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг ШШГЕГ-ын даргаар томилсон юм. Тэрээр өмнө нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан
ЭБЭХ-ний яамны дэд сайдаар ажиллаж байсан Б.Ариунсан Н.Алтанхуягийн Засгийн газарт Тагнуулийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байв. Харин засаг солигдож, Шийдлийн Засаг газар байгуулагдсанаар тэрээр Татварын Ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байгаа юм. Б.Ариунсанг “Алтан гадас” фракцын угшилтай, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүн гэдэг. Тиймдээ ч Тагнуулын Ерөнхий газрын дэд даргад тэнцээгүй хүнийг даргаар нь томилж байсан түүхтэй.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал
ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Дуламдорж өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгснөөр дараагийн даргыг томилох зайлшгүй шаардлага гарч ирсэн. Энэ дагуу өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ОБЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан, хурандаа Т.Бадралыг томилсон юм. Т.Бадрал нь Онцгой байдлын албанд 2004 оноос хойш ажиллаж, 2009 оноос өнөөдрийг хүртэл тус газрын дэд даргын албыг хашиж байсан билээ.
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан
ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан О.Магнай Шийдлийн Засгийн газартай хамтарч ажиллаж чадахгүйгээ мэдэгдэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Харин түүний оронд МАН-ын Шинэчлэлийн хорооны тэргүүн Т.Аюурсайханыг томилоод байгаа. Харин тэрээр ажлаа хүлээн авсан даруйдаа ШӨХТГ-т орон тооны цомхотгол хийхээ мэдэгдээд байна. Тэрээр Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажилчдынхаа тоог 15 хувиар бууруулахаар болоод байгаа юм.
Мэдээллийн технологи шуудан, харилцаа холбооны газрын даргаЦ.Жадамба
Шинэчлэлийн засгийн газраас Шийдлийн Засгийн газар хүртэл ажиллаж байгаа хүн бол Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба. Түүнийг Ардчилсан Намын Нарийн Бичгийн Дарга Улс төрийн бодлогын хэлтсийн даргын албыг хашиж байхад Н.Алтанхуяг тус газрын даргаар томилсон. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг томилгоог хэвээр нь үлдээсэн юм.
Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаар Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан. Уг газрын даргаар Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг өөрсдийн хүнээ томилуулж дөнгөсөн гэдэг юм. Тодруулбал, Худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан цагаас өнөөг хүртэл уг газрын даргаар Д.Энхжаргал гэгч эмэгтэй ажиллаж байна.
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дарга Д.Батмөнх
Хэл ам хамгийн их таталдаг агентлагуудын нэг бол яах аргагүй Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар. Уг газрын даргаар ажиллаж байсан Р.Содхүүг зөвшөөрөлгүй орон сууц барилга гэх мэт олон асуудалд хариуцлага хандсан хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр Д.Гүньбазарыг томилсон. Харин өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сард МХЕГ-ын даргаар Д.Батмөнхийг томилсон байдаг. Д.Батмөнх нь тус газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм. Түүнийг ажилдаа сайн, хариуцлагатай нэгэн гэлцдэг.
Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа
Шинэчлэлийн Засгийн газраас Шийдлийн Засгийн газар хүртэл даргагүй байгаа агентлаг бол Ашигт малтмалын газар. Уг газрын дарга Г.Алтансүхийг өнгөрсөн оны зургадугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд тус газрын дэд дарга Д.Үүрийнтуяаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон юм. Харин өнөөдрийг хүртэл тус газрын даргыг томилоогүй хэвээр байна.
Гаалийн Ерөнхий газрын дарга О.Ганбат
2013 оны зургадугаар сард Гаалийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Ганбатыг тус газрын даргаар томилсон байдаг.
2012 оны арванхоёрдугаар сард Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнөөс хойшО.Ганбат даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчэж байсан юм.
Хил хамгаалах Ерөнхий газрын дарга Ш.Лхачинжав
Хил хамгаалах ерөнхий газрын дарга хошууч генерал Ц.Сэргэлэнг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөнөөр түүний оронд Хилийн 0129 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Ш.Лхачинжавыг томилсон байдаг.
Ш.Лхачинжавыг хил хамгаалах байгууллагад ахлагчийн албанаас ажлаа эхэлж баруун, зүүн, хойд, өмнөд хилийн хэсгүүдэд байрладаг ангиудад шалган нэвтрүүлэх албаны шалгагч, штабын дарга болон дөрвөн ангийн захирагчаар ажиллаж байсан шилдэг хилчин офицеруудын нэг хэмээн хилийн цэргийнхэн үнэлдэг юм байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Х.Өлзийбаяр
Дарга нь тэр бүр солигдоод байдаггүй газар бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн. Уг газрын даргаар Х.Өлзийбаяр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Х.Өлзийбаяр нь хуульч мэргэжилтэй, цагдаагийн хурандаа цолтой, ажилдаа туршлагатай нэгэн юм.
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж
Шинэчлэлийн засгийн газрын хамгийн эхний томилгоо нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Л.Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Харин түүний оронд Ц.Пүрэвдоржийг томилсон. Ц.Пүрэвдорж нь гаалийн байгууллагад ажиллаж байсан, мөн УБЕГ-ын орлогчийн албыг хашиж байсан нэгэн билээ.
Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа
2013 оны Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн төлөө үндэсний төвийн даргаар томилогдсон И.Нарантуяа өнөөдрийг хүртэл уг албан тушаалыг хашиж байна. Тэрээр 2012 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд сонгогдож чадаагүй юм.
ИНЕГ-ын дарга Т.Лхагвасүрэн
ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Буяндалайг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын даргаар Т.Лхагвасүрэнг томилсон. Т.Лхагвасүрэн нь 2014 онд даргаар томилогдсон ч 2001 оноос хойш ИНЕГ-т ажиллаж байгаа нисэхийн өндөр түвшний мэргэжилтэн юм.
Тахарын Ерөнхий газрын дарга Ц.Азбаяр
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хуулийн салбарт томоохон шинэчлэл хийнэ гэж Тахарын Ерөнхий газрыг байгуулсан. Харин Х.Тэмүүжинг сайдын суудлаас буусны дараа Тахарын Ерөнхий газрыг татан буулгах асуудал яригдаж УИХ-аар орсон ч хэвээр нь үлдээх шийдвэр гарсан юм. Мөн шинэ сайд Д.Дорлигжав ч Тахарын Ерөнхий газрын үйл ажиллагааг хэвээр үлдээхээр болоод байгаа. Энэ албыг дэд хурандаа Ц.Азбаяр удирдаж байгаа юм. Тэрбээр өмнө нь Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын газрын даргаар ажиллаж байсан юм.