Дөрвөн төрлийн татварт өөрчлөлт оруулна

2015 оны 1 сарын 07

Засгийн газар төсвийн тодотголтой хамт Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлээд байна. Уг төсөлд татваруудыг төрөлжүүлж, хэрэгжилтийг нь хялбаршуулах үүднээс дээрх хуулийн төслийг боловсруулсан байна. Хөрөнгийн албан татварын тухай хуулийг боловсруулахдаа аж ахуйн нэгжийн хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгө, буу, мал болон автотээвэр, өөрөө явагч хэрэгсэлд ногдуулдаг татварыг зохицуулахаар тусгажээ. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар бол Монгол Улсын иргэн хуулийн этгээдийн өмчилж байгаа үл хөдлөх хөрөнгө, автотээврийн хэрэгсэлт, буунд тус тусын хуулиар татвар ногдуулдаг. Харин малын тоо толгойд ногдуулах албан татварын харилцааг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулдаг. Тэгэхээр дээрх татваруудыг төлж байгаа иргэн, аж ахуйн нэгж нэг төрлийн татварыг дөрвөн өөр хугацаанд төлж, тайлагнах, татварын албатай удаа дараа харилцах гэх зэрэг хүндрэлүүд бий болж байгаа юм. Иймд дээрх татваруудыг хамтатган Хөрөнгийн албан татварын тухай хууль байх ёстой гэж Засгийн газар үзжээ.

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухайд. Уг татвараас орон сууцыг чөлөөлж ирсэн нь иргэний амьдран суух орон сууцыг татвараас чөлөөлөх зорилготой байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөөд байна. Учир гэвэл зарим иргэний хувьд орон сууцыг амьдран суух зориулалтаар бус ашиг олох зорилгоор өмчилж, түрээсийн хөлсний байрууд ихэсч үүнд зөвхөн амьдран суух бус бизнесийн зорилгоор байр түрээслэх нь нэмэгдэж байна. Иймд иргэний хувийн өмчлөл дэх 2 орох сууцыг албан татвараас чөлөөлж 3 буюу түүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулахаар болж байна. Үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулах үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний аргачлалын дагуу тодорхойлох аж. Үүний аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах юм байна. Мөн үл хөдлөх хөрөнгөд албан татварыг дээрх аргачлалаар гаргасан үнэлгээнээс тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 0.6-3.0 хувийн хязгаарт багтаан тогтооно. Энэ удаа орж байгаа нэг өөрчлөлт бол татварыг тухайн аймаг, нийслэлийн ИТХ нь иргэдтэйгээ зөвшилцөх замаар тогтоох эрх мэдлийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар. Энэ татварын тухайд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумдын суудлын автомашинд ногдуулах татварын хэмжээг тогтоох орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээр болжээ. Автотээврийн хэрэгслийн татвар төлөх хугацааг тухайн аймаг, нийслэлийн ИТХ шийдвэрлэхээр тусгасан байна. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийг 1992 онд баталсан бөгөөд тухайн үед ашиглагдаж байсан автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, хүчин чадлаар тооцон албан татвар ногдуулсаар ирсэн. Энэ нь мөн л өнөөгийн нөхцөлд нийцэхгүй болоод байгаа юм. Түүнчлэн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нэрээр өндөр цилиндр, үнэ бүхий тансаг хэрэглээний автомашинууд шинээр орж ирэх болсон. Энэ нь 1992 оны хуулийн зарчмаас зөрүүтэй байх болсон учир тансаг хэрэглээний шинжтэй, нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг, өндөр цилиндртэй автомашины ангиллыг тодорхой болгохын тулд татварт нь өөрчлөлт оруулж байна.

Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар:

Мотоцикл /цилиндрийн багтаамжаар/

-          400 см3 хүртэл бол Улаанбаатар хот, Дархан-Уул,Орхон аймгийн төвийн сумд-10.000-15.000, харин бусад сумд 5.000-10.000 төгрөг

-          400 см3-ээс дээш бол Улаанбаатар хот, Дархан-Уул,Орхон аймгийн төвийн сумд-20.000-30.000, харин бусад сумд-15.000-25.000 төгрөг

Суудлын автомашин /цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/

-          2001 см3 хүртэл Улаанбаатар хот, Дархан-Уул,Орхон аймгийн төвийн сумд-16-72, бусад сумдад-14-21

-          2001-3001 см3 хүртэл Улаанбаатар хот, Дархан-Уул,Орхон аймгийн төвийн сумд-18-81, бусад сумдад-16-24

-          3001 см3 болон түүнээс дээш бол Улаанбаатар хот, Дархан-Уул,Орхон аймгийн төвийн сумд-22-99, бусад сумдад-20-30 байх юм байна.

Автобус түүнтэй адилтгах тээврийн хэрэгсэл

-          15 хүртэл хүний суудалтай бол Улаанбаатар хот, Дархан-Уул,Орхон аймгийн төвийн сумд-35.000-52.500, бусад сумд-28.000-42.000

-          15-аас дээш хүний суудалтай бол Улаанбаатар хот, Дархан-Уул,Орхон аймгийн төвийн сумд-52.000-78.000, бусад сумд-40.000-60.000

Энэмэтчилэн ачааны автомашинууд даацаасаа хамаарч өөр өөр татвартай байх юм. Засгийн газраас гаргаж байгаа энэ татварын хэмжээ бол дээд хязгаар нь. Харин энэ хязгаарт багтаан аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал татварыг тогтооно.

Бууны албан татвар. Одоогийн мөрдөж байгаа хуулиар буунд ногдох жилийн албан татвар 4.000-6.000 төгрөг байгаа. Энэ татварын хэмжээнд 1997 оноос хойш өөрчлөлт ороогүй. Тиймээс бууны татварын хэмжээнд өөрчлөлт оруулж, бууг эзэмшигчийн хариуцлагыг илүү өндөржүүлэхээр болсон байна.

Бууны жилийн албан татварын хэмжээ:

-          Үрлэн сумтай буу- 50.000

-          6.4 мм хүртэлх калибрийн бүх төрлийн буу-50.000

-          6.5 ба түүнээс дээш мм-ийн калибрийн бүх төрлийн буу-100.000

Гэхдээ албан татвараас чөлөөлөх тохиолдол бий. Үүнд:

-          Музейн үзмэр, урлагийн тогтлолтод ашиглаж байгаа болон ангийн зориулалтаар ашиглах боломжгүй болохыг тогтоож цагдаагийн байгууллага үнэмлэх олгосон буу

-          Байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны буу

-          Спорт, сургалтын зориулалтаар дагнан ашиглаж байгаа буу

-          Улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон тахарын албаны бие бүрэлдэхүүний зэвсэглэлийн зориулалтаар ашиглаж байгаа бүх төрлийн буу татвараас чөлөөлөгдөх юм.

Малын тоо толгойн татвар. Малын тоо толгойд ногдуулах татварыг түүний шинж чанарыг харгалзан Хөрөнгийн албан татварын төрөлд оруулахаар болсон байна. Малчдыг дэмжих зорилгоор 2009 оноос эхлэн малын тоо толгойд ногдуулж байсан татвараас малчдыг чөлөөлсөн. Өнөөдрийн хувьд малчин өрхөөс гадна аж ахуйн нэгж, гадаадын иргэд мал өмчилж, түүний ашиг шимийг хүртэж байгаа. Иймээс малын тоо толгойд ногдуулах татварыг авахаар болж байна. Таван хошуу малын хувьд хонин толгойд шилжүүлсэн тоонд үндэслэх аж. Ингэхдээ үхэр, адуу тус бүрийг 5, тэмээ, ямаг 2 хонин толгойд шилжүүлэн тооцох юм байна. Мөн тван хошуу мал өмчлөгч этгээд 50 хүртэлх хонин толгой малтай бол татвараас чөлөөлөгдөх нь.

Харин татварын тухайд, дээрх заалтуудаас хамааран хонин толгой тутамд ногдох албан татварыг аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 0-1000 төгрөгийн хязгаарт багтаан тогтоохоор Засгийн газраас оруулж ирлээ. Энэ бол дээрх 4 татварын хэмжээний хязгаар. Харин тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь татварыг эцсийн байдлаар тогтооно. Одоогоор 2015 оны төсвийн тодотгол болон холбогдох хуулийн төслүүд (үүн дотор Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөл орж байгаа)-ийг УИХ-аар хэлэлцэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15228
0 эможи
keyboard_arrow_up