Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнесийнхэнд том өршөөл үзүүлэх үү?

2015 оны 1 сарын 05

Улиран өнгөрөгч 2014 оны сүүлчийн өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын томоохон бизнесмэнүүдийг хүлээн авч уулзсан. Уг уулзалтыг ажлаа аваад удаагүй байгаа МХАҮТ-ын дарга Д.Лхагважав зохион байгуулсан. Өмнөх Ерөнхий сайд нар бүгд л бизнесийнхэнийг хүлээн авч уулзаж байлаа. “Бизнесийн таатай орчныг бий болгоно” “татварын орчинг сайжруулна”  “үндэсний үйлдвэрлэлээ төрөөс дэмжинэ” гэх мэт улиг болсон амлалт хэдэн ч үе улиран өнөөдөртэй золгосон ч бизнесийн таагүй орчин, татварын хачин тогтолцоо, үндэсний үйлдвэрлэлээ хорлох бодлого байсаар байгаа нь нууц биш. 

    Тэгвэл энэ удаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнесийхэнд нэгэн том амлалт өгсөн гэж эх сурвалжууд мэдээллэж байна. Энэ нь удтал дуншиж байгаа эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж, татварын орчноо шинэчилнэ, хамгийн гол нь татварын хуулийн гажуудлаас болж эрүүгийн хэрэгтэн болчихоод байгаа 2000 орчим компанид өршөөл үзүүлж дахин нэг удаа рестарт хийнэ гэсэн яриа явагдсан гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. 

    Ийнхүү зарим улстөрийн намуудын эсэргүүцэлтэй тулгараад байсан эдийн засгийн ил тод байдлын тухай буюу эдийн засгийн өршөөлийн тухай хууль энэ чуулганы хуралдаан завсарлахаас өмнө батлагдах бололтой. Үүнийг батлуулахад хувийн хэвшлийнхэн ч багагүй идэвхи чармайлт гаргаж лобби хийхээр болоод байгаа гэнэ. 

    Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг олон нийт хоёр янзаар хүлээн авч байгаа. Нэг талаасаа татварын тогтолцоо тэр тусмаа НӨАТ-ын тухай хууль амьдралд нийцэхгүй байгаагаас шалтгаалж дөрвөн жилийн давтамжтайгаар 2000 аж ахуй нэгж эрүүгийн хэрэгтэн болдог гаж тогтолцоо бий болсон. 70000 аж ахуй нэгж бүртгэлтэй атлаа 7000 аж ахуй нэгж л тайлан өгч байна. Өөрөөр хэлбэл далд эдийн засгийн нөлөө маш их байгаа нь макро эдийн засгийн бодлого төлөвлөлт, хувийн хэвшлийн шударга өрсөлдөөн, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд хүндрэл үүсгэж байна гэж тайлбарладаг. 

    Үнэхээр НӨАТ-ын тухай хуулинд амьдралд нийцэхгүй олон заалтууд бий. Энэ талаар эдийн засагч Д.Лхагважав  “Манай улсад  1997 онд НӨАТ-ын тухай хууль баталж, мөрдөж эхэлсэн. Үүнээс өмнө Худалдааны татвараар зохицуулж байсан юм. Гэхдээ энэ нь нэр солигдсоноос цаашгүй хууль болж, өнөөдөр ч хэрэгжиж байгаа. Хоёр өөр ойлголт, татварын асуудлыг нэг болгосон нь эргээд татварын орчны гажуудал согог болсон. Үүнд төр буруутай. Бизнес эрхлэгчдэд буруу дүрэм гаргаж, үүдийг нээж өгчихөөд эргүүлээд өөрсдийг нь шоронд хийдэг тогтолцоог бий болгосон гэж болно. Түүнчлэн бизнес эрхлэгчдэд 10 сая төгрөгийн босго тавьсан. Энэ нь үндэсний компаниудыг томруулахгүй байх бодлого, цаашлаад 10 саяас дээш давсан орлогоо нуун дарагдуулах, авлига өгч эхэлсэн зэрэг сөрөг үр дагаврууд гарч ирсэн. Үүнээс хамгийн эмгэнэлтэй нь үндэсний компаниудын аль нь ч томорч чадаагүй явдал. Яагаад гэхээр чөлөөт зах зээл дээрх өрсөлдөөнийг хуулиар шударга бус болгож, 10 сая дотор багтсан хөрөнгөтөн л төрүүлж эхэлсэн. Тэгш бус хууль хэрэглэснээсээ болоод нэг хэсэг нь татвар төлдөг, нөгөө нь төлдөггүй... 

    НӨАТ-ын тайланг нягтлан бодох бүртгэлийн тайлан гаргадаг аргаар гаргаад явчихсан юм. Нягтлан бодох бүртгэлийн тайлан гэдэг бол тусдаа шинжлэх ухаан. НӨАТ-ын тайлан ч тусдаа ойлголт. Манайд бол аккурэйль гэдэг. Баримт хүлээж авсан л бол энэ нь аккурэйль суурь юм. Бараа бичиж өгөх нь хамаагүй. Хэзээ мөнгө орж ирнэ тэр үед нь гүйлгээ хийсэн гэж үздэг.  Манайх энэ зарчмаар явдаг. Гэтэл энэ нь бараа бүтээгдэхүүнээ бөөнөөр нь авчихсан компаниуд хүний өмнөөс алдагдал хүлээдэг тогтолцоотой болчихоод байгаа юм. Манай ихэнх компани, үйлчилгээний байгууллага бараа таваараа захаас татдаг. Гэтэл тэдний хэнд ч НӨАТ-ын падаан байдаггүй. Хамгийн чухал нь төрөөс тухайн үйлчилгээний байгууллагуудад падаангүй үйл ажиллагаа явуулах эрхийг нь өгчихдөг. Тэгчихээд бараа худалдаж авсан компаниудаас падаан нэхээд, хариуцлага хүлээлгэхээр ханцуйгаа шамлаад байгаа юм.  

    Нэг дэлгүүр байлаа гэж бодъё. 200 газраас бараа нийлүүлдэг бөгөөд нэгээс нь л 100 сая төгрөгийн бараа нийлүүлдэг гэж бодъё. Сарын дараа 50 сая төгрөгийн бараа нь зарагдаж, түүнийхээ мөнгийг шилжүүлэв. Гэтэл бараа зарсан компани нь 100 сая төгрөгийн падаан гаргачихсан, 100 сая төгрөгийн бараагаа зарчихсан гэж тооцсон байдаг. Гэтэл манай татварын хуулиар ирээгүй 50 сая төгрөгт нь торгууль тооцдог. 200 газрын 50 сая гээд бодоод үз дээ. Гэтэл үүний цаана бараа нийлүүлэгчдийн татвар нуугдчихсан байдаг. Бүх татварыг худалдан авагч л төлөх зарчим үйлчилж байна. Энэ бол эдийн засгийн чөлөөт өрсөлдөөн биш юм. “ Тодорхойлсон байна. 

    Харин нөгөө хэсэг нь эдийн засгийн өршөөлийн хууль баталж татвараас хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгөө нуусан этгээдүүдэд өршөөл үзүүлж байгаа хэрнээ НӨАТ-ын тайлангаа цаг хугацаанд нь гаргаж хуримтлагдсан өртэй болсон эдийн засгийн хүндрэлээс болоод төлж чадахгүй хүнд байдалд орсон компаниудыг хамруулахгүй гэж байгаа нь шударга бус гэж тайлбарлаж байна. 

    Тус хуулинд зааснаар бол ногдуулсан татварыг хөнгөлөхгүй, харин нуун дарагдуулсан эд хөрөнгийг бүртгэж өршөөлд хамруулахаар байгааг шударга бус гэж үзэх хүн цөөнгүй байна. Ямартай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнесийн орчныг сайжруулахын төлөө татварын хачин тогтолцоог өөрчилж, эрүүгийн хэрэгтэн болох дээрээ тулаад байгаа аж ахуй нэгжүүддээ том өршөөл үзүүлэхээр сэтгэл шулуудаж байгаа бололтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15026
0 эможи
keyboard_arrow_up