МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг баталлаа
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний зөвлөлд Д.Нямсамбууг нэр дэвшүүлсэн бол Засгийн газрын зүгээс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Зу.Энхболд, Б.Золбаяр нарыг дэвшүүлсэн юм. Харин УИХ-аас Б.Батбаяр, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, Б.Энхмандах нарыг дэвшүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар дээрх нэр дэвшигчдийг нууц санал хураалт явуулж гишүүдийг дэмжсэн.МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд төрийн жинхэнэ болон улс төрийн албан тушаалтан нэр дэвшихийг хориглодог. Иймд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд УИХ-аас томилох 4 хүнийг 25 хүнээс сонгосон. Энэ дөрвөн хүний дотор улстөрч хүн байхгүй гэдгийг УИХ-ын гишүүн А.Бакей тодотголоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Монголын телевизүүд өөрийн гэсэн брэнд нэвтрүүлгүүдийг хийдэг болсон. МҮОНРТ ч гэсэн ийм брэнд нэвтрүүлэгтэй байх ёстой. МҮОНРТ нь Монголын үнэт зүйл, соёл уламжлал болон соён гэгээрүүлэх ажлыг хийх ёстой” гэж бодож байгаагаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Баярцогт “Монгол Улсаа сурталчилдаг гадаад хэл дээрх өөрийн гэсэн сувагтай болох ёстой. Мөн хамгийн түрүүнд HD форматтай болох хэрэгтэй” гэлээ. Гишүүдийн тавьж байсан асуудал нь арилжааны телевизүүдтэй өрсөлдөхөөс илүүтэй үндэсний эрх ашигт нийцсэн мэдээллийг түгээх нь чухал болохыг анхаарууллаа. Ингээд гишүүд үг хэлсний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний зөвлөлд Д.Нямсамбууг нэр дэвшүүлсэн бол Засгийн газрын зүгээс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Зу.Энхболд, Б.Золбаяр нарыг дэвшүүлсэн юм. Харин УИХ-аас Б.Батбаяр, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, Б.Энхмандах нарыг МҮОНРТ-ийн Үндсэн зөвлөлийн гишүүнээр томилох асуудлаар санал хурааж, тэднийг дэмжлээ.