Олонхи, цөөнхгүй онцгой парламент
Өнөөгийн УИХ албан ёсны олонхигүй. Харин одоо үүн дээрээ нэмээд албан ёсны цөөнхгүй боллоо. Энэ бол дэлхийн аль ч улс орны парламентын түүхэнд гарч байгаагүй тохиолдол. 2012 оны сонгуулийн үр дүнд хуульд заасан босгыг давж 38 болон түүнээс олон суудал авсан улс төрийн хүчин гараагүй. Тиймээс хамгийн олон суудал авсан нам нь парламент дахь намуудтайгаа зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газраа байгуулах ёстой. Энэ нь парламентад суудалтай бүх намуудтай эвсэнэ гэсэн үг биш. Олон улсын жишигт эвслийн Засгийн газар байгуулахдаа үзэл баримтлал ижил, нэг чиглэлийн намууд хамтардаг. Харин бусад нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэдэг. Манай УИХ энэ жишгээс гадуур, “стандарт бус”-аар Засгийн газраа байгуулав. Өнгөрсөн хоёр жил УИХ-д хамгийн олон суудал авсан АН болон “Шударга ёс” эвсэл, ИЗНН хамтран Засгийн газар байгуулан ажиллаж, МАН хүчтэй сөрөг хүчин болж үлдсэн. Эрх баригчид хэдийгээр МАН-ынхныг УИХ-ын ажлыг гацааж, хэт улстөржлөө гэж шүүмжилдэг байсан ч нөгөө талаас нь харах юм бол парламентад сөрөг хүчний дуу хоолой, хяналт хангалттай байсан. Харин өнөөдрийн дүр зургийг харахад Шийдлийн Засгийн газарт УИХ-д албан ёсны бүлэг бүхий нам, эвслүүд хамтарчихлаа. Одоо УИХ-д сөрөг хүчин болох хэмжээний албан ёсны бүтэц үлдсэнгүй. Гурван бие даагч, ИЗНН-ын хоёр гишүүн нийлээд ч УИХ-ын ямар нэгэн бүтэц болж чадахгүй. Яагаад гэвэл найм болон түүнээс олон суудал авсан нам, эвсэл албан ёсны бүлэг байгуулах хуулийн заалттай. Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн 26.9-д “Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар 8-аас доош суудал авсан өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж нэг бүлэг байгуулахыг хориглоно” гээд заачихсан. Тиймээс парламентад албан ёсны бүлэг бүхий нам, эвслүүд нь Засгийн газарт хамтарчихаар бусад нь зүгээр л сул гишүүд болж хувирч байна. Тэд өөрсдийгөө сөрөг хүчин гэж мянга нэрлээд нэмэргүй. Хууль эрх зүйн хувьд ч тийм боломж байхгүй. Зүгээр л шүгэл үлээгчийн үүрэг гүйцэтгэхээс цаашгүй. АН-ынхан МАН болон МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулахаар дөнгөж ярьж эхэлж байхад л бие даагчдын зөвлөл мэдээлэл хийж “Энэ хэдэн нам хамтрах юм бол бид сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ” гэж мэдэгдэж байв. Хэрэг дээрээ УИХ-д бие даагчдын зөвлөл гэж албан ёсны бүтэц огт байхгүй. Тиймээс тэдний хувьд зөвлөл гэдэг нэрээр шийдвэр гаргах нь хууль эрх зүйн хувьд чадамжгүй гэсэн үг. Ер нь ийм бие даагчдын зөвлөл, эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг зэрэг нь парламентат ёсны төлөвшилд тийм ч таатай үзэгдэл биш. Гишүүд аливаа нэг хуулийг батлах асуудлаар үзэл бодлоороо нэгдэж лобби бүлэг байгуулдаг жишиг бол бий. Ийм лобби бүлэг тухайн зорилгоо гүйцэлдүүлсний дараа, эсвэл тэр зорилго нь нэгэнт дэмжлэг авахгүйд хүрсэн бол тардаг. Түүнээс биш байнга албан бус бүлэг гэж байгуулчихаад парламентын үйл ажиллагаанд гацаа үүсгэх, ашиг сонирхлын зөрчлийн үүднээс хэн нэгэн сайдыг огцруулах зэргээр буруу чиг хандлага руу явах юм бол утгагүй. УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа ийм байр суурь илэрхийлж байсан удаатай. Тэрээр албан бус гэдэг үгийн ард юу ч нуугдаж байж мэднэ хэмээн онцолж байв. Тэгвэл одоо УИХ дахь цөөнхийн байр суурин дээр бие даагчдын албан бус зөвлөл гол тоглолтыг хийх бололтой. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг л энэ ажээ. УИХ дахь хамгийн олон суудалтай болон албан ёсны бүлэгтэй нам, эвслүүд нь стандарт бусаар эвсчихээр үлдэж байгаа цөөнх нь хүртэл стандарт бус болж байна.