Гэмт хэргийн улмаас 24.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна
Өнөөдөр 11 цагаас Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийсэн бөгөөд Стратеги судалгааны хүрээлэнгийн хурлын танхимд болж өндөрлөлөө. Тус хэвлэлийн хуралд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Бат-Отгон
болон Судалгаа шинжилгээний албаны дарга Д.Дуламсүрэн нар оролцож үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.
Тодруулбал, АТГ-аас Мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр 2014 оны нэгдүгээр улиралд нийт 101 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 85 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 4 хувиар өссөн байна.
Иргэд байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн агуулгыг холбогдох байгууллага, салбараар нь авч үзвэл нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны хамаарах 19, түүний 4 нь Засаг даргын үйл ажиллагаанд, 15 нь ЗДТГ-ын үйл ажиллагаанд, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 15, түүний 4 нь цагдаа, 2 нь прокурор, 1 нь шүүх, 5 нь нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 3 нь мэргэжлийн хяналтын байгууллагад тус тус хамаарагдах аж.
Мөн оны нэгдүгээр улиралд нийт 96 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуусан бөгөөд энэ нь 2013 оны мөн үеийтэй харьцуулахад 20.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иймд гэмт хэргийн улмаас 24.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 798.9 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 7.9 тэрбум төгрөгийн эд зүйлсийг битүүмжлэн хамгаалж, анхан шатны шүүхээс 7.978.222 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гарсан байна.