Дэд сайдууд мэргэжлийнх байх уу, тохиролцооных байх уу?
Ч.Сайханбилэг танхимаа бүрдүүлж, сайдуудаа нэг юм томилуулж авлаа. Харин одоо дэд сайдуудаа томилох ажил үлдэв. Хэн, хэн дэд сайд болохоор горилж байгаа тухай хэвлэлүүд бичээд эхэллээ.
Хэнийг дэд сайдад томилох вэ гэдгээс өмнө хамтарч Засаг байгуулсан намууд хэд, хэдэн дэд сайдын суудал авахаа зөвшилцөх юм байна. АН, МАН-ын хувьд дэд сайдын уралдаан ид өрнөж байна. Урьдчилсан таамаг яриагаар бол дэд сайдын томилгоонд МАН-ынхан арай давамгай байх дуулдав. Харин МАХН-д гурав, ИЗНН-д хоёр дэд сайд өгөхөөр болжээ. ИЗНН-д сайдын суудал өгөөгүй учир хоёр дэд сайд өгнө гэж амласан гэнэ. Намуудын зөвшилцлийн ажлын хэсэг шийдвэрээ гаргачихвал дэд сайдуудыг шууд Засгийн газрын хуралдаанаар томилох тул цаг алдахгүй юм. Нөгөөтэйгүүр АН-ын сайдтай яаманд МАН-ын гэх мэтээр сөөлжүүлж томилно гэсэн яриа байна. Гэвч салбараа мэддэг, мэргэжлийн хүн чухал болохоос аль намынх байх нь хамаагүй гэх олон нийтийн хандлага байгаа юм.
Хэн, хэн дэд сайд болох вэ гэдэг олны анхаарлыг татаад байгаа. Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, эх сурвалжуудын хэлснээр бол МАН-аас НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, МАН-ын бүлгийн зөвлөх Г.Өнөрбаяр, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн, “UFC” группийн дэд ерөнхийлөгч Н.Цэрэнбат, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Х.Алтай, МАН-ын бага хурлын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарын нэр дуулдаж байна.
Харин АН-аас ШӨХТГ-ын дарга О.Магнайг дэд сайд болгох тухай дуулдав. Нөгөөтэйгүүр ажлаа мэддэг АН-ын дэд сайд нарыг өөрчлөх хэрэггүй гэж үзэж буй бололтой. Энэ шалгуураар бол Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган ажилдаа хэвээр үлдэх бололтой. Мөн Цөмийн Энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг Эрчим хүчний дэд сайд болгох тухай яриа байна. УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдины хүү Б.Баттүвшин, гишүүн асан Б.Батбаярын хүү Б.Батбилэг нар дэд сайд болох гэнэ. Дэд сайдуудыг мэргэжлийнх байх ёстой гэдэг шаардлагын тухай уул уурхайн салбарын төлөөллүүдийн байр суурийг сонирхлоо.
Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа: Асуудлаа ч шийдлээ ч мэддэг хүнийг дэд сайд болгоё
Шинэчлэлийн Засгийн газрыг би хувьдаа муу ажилласан гэж хэлэхгүй. Ялангуяа манай салбарынхны хувьд хүлээлттэй байсан хуулиуд батлагдаж,Эрдэс баялгийн бодлогын зөвлөлтэй болж, бодлогын баримт бичгээ баталж авсан гээд ойрын хэдэн жилдээ байгаагүй үр дүнтэй хоёр жил байсан гэж хэлмээр байна. Гэхдээ таван жил ярилцаад хоёр удаа Их хурлаараа хэлэлцчихсэн Оюутолгойн асуудлыг гацаачихсан, өөрөө шийднэ гээд авсан Тавантолгойдоо ямар ч ахиц гаргаагүй , төрийн доод дунд шатны хүнд суртал нь бизнесийнхний үйл ажиллагаанд дарамт учруулсан гэх мэт шүүмжлэлтэй хандахаар цаашид сайжруулж анхаарч ажиллах олон зүйл байна. Юуны түрүүнд Эрдэс баялгийн зөвлөлийн ажлыг шуурхай эхлүүлж энэ салбарыг тогтворгүй төрийн савлагаатай бодлогоос хамгаалж урт хугацааны тогтвортой үйл ажиллагааны голдрилд нь оруулах цаг хэдийнэ болсон . Энэ бүхнийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар анхаарч ажлаа мэддэг тогоон дотор буцалж явсан асуудлаа ч, шийдлээ ч мэддэг тийм хүнийг сайдаар сонголоо. Салбарын дэд сайдаар ч бас ийм хүн томилоосой гэж хүсч хүлээж байна.
Монголын геологийн холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбат: Геологичид ажилтай болмоор байна.
Манай улс газарзүйн байршил, ордуудын нөөц зэргээрээ хөрөнгө оруулагчдын анхаарлыг маш их татдаг. Гэвч хууль эрхзүйн орчин тогтвортой байх хэрэгжүүлэх арга зам ойлгомжтой байх тал дээр бид алдаа гаргаж байгааг хэн хүнгүй харж байна. Үүний үр дүнд манай геологичид сүүлийн таван жил ажилгүй сул зогсолт хийлээ. Энэ салбарт шийдлээ хайсан цаг хугацаа алдаж боломгүй олон асуудал байгаа учраас тулгамдсан асуудлаа сайн мэддэг хүндрэлээс хэрхэн гарах арга замаа олж чадах хүнийг салбарын сайдаар тавих ёстой. Энэ салбарт үйл ажиллагааны сайн үр дүн авчрах зарим нэг ахиц дэвшил гарч байгааг энд онцолмоор байна. Төр, орон нутгийн иргэд , мэргэжлийн байгууллага хамтран ажиллана гэж өмнө нь зөвхөн яригддаг байсан бол албан ёсоор санамж байгуулж хамтран ажиллаж эхэлсэн . Ер нь сүүлийн хоёр жилийн хугацаанд мэргэжлийн холбоодуудтай Уул уурхайн яам тулж ажиллаж эхэлсэн. Геологичдын хувьд Ашигт малтмалын нөөцийн хороо /CRIRCO/-нд элсэж монголын геологичдын тайлангийн чанар мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх боломж нээгдсэн . Энэ боломж нээгдэхэд Уул уурхайн дэд сайд бидэнтэй хамтран ажиллаж ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Одоо төрийн бодлогоор дэмжээд өгвөл өмнө судлагдсан олон зуун ордуудыг Ашигт малтмалын нөөцийн хороо /CRIRCO/-ны гишүүн орны хувьд геологи хайгуулыг дахин сайжруулж хийх боломж дүүрэн байгаа . Геологичид бид ажилтай болмоор байна. Тиймээс салбарын мэргэжлийн хүн нь дэд сайд болоосой.
Нефтъ хийн ассоциацийн тэргүүн Цэрэндаваа : Хэн юу хийж чадаж байгааг харах хэрэгтэй
Мэргэжлийн ч байна уу, шуурхай ч байна уу энэ удаагийн Засгийн газарт хугацаа бага. Тийм учраас бүх юмыг өөрчлөөд шинэчлээд байлгүй байсан сайн ажлуудаа үргэлжлүүлээд явахыг би Ерөнхий сайдаас хүсч байна. Жишээ нь , сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлийн эдийн засгийн уналт, гадаад зах зээл дэх түүхий нефтийн үнийн өсөлт зэргийн нөлөөгөөр хилийн үнэ тогтворгүй, өсөх хандлагатай байсан. Дээр нь уул уурхайн салбар, экспортын түүхий эдийн үнийн уналт, гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан зэргээс шалтгаалж гадаад валютын ханш огцом өсөх хандлагатай байсан. Үүний нөлөөгөөр шатахууны үнэ ч мөн тогтворгүй, өсөх хандлага үүсч түүнийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ, цаашлаад инфляцийг нэмэгдүүлэх томоохон эрсдэл үүсэх нөхцөл байдал бүрэлдсэн. Энэхүү эрсдэлийг урьдчилан харж Засгийн газар, Монголбанктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэнээр дээрх эрсдэлүүдээс хамгаалж чадсан. Мөн манай талаас Оросын талтай жишиг үнэтэй болох талаар сайн хэлэлцээр хийж чадсан.Үүний үр дүнд шатахууны үнэ өсөөгүй. Ер нь энэ салбарт гаднын хөрөнгө оруулагчидтай хэл амаа ололцож чаддаг хүлээн зөвшөөрөгдсөн тийм л хүн хэрэгтэй.. Тиймээс фракцийн тохироо хийхээсээ өмнө хэн юу хийж чадаж байгааг харах хэрэгтэй.