Ч.Сайханбилэгийн танхимын дэд сайд нар хэн бэ
Ч.Сайханбилэгийн танхимд ажиллах сайд нарын нэрсийг тодруулж томиллоо. Сайд нараа тоимлохын тулд парламентад суудалтай намуудын зөвшилцлийн ажлын хэсгийнхэн чамгүй их хугацаа, хичээл зүтгэл гаргав. Тэдний ажил салбарын сайд нарыг томилсноор дуусахгүй. Одоо дэд сайд, яам, агентлагийн газрын дарга нарыг томилох асуудлаар улс төрийн намууд зөвшилцөж эхэлнэ. Хэдийгээр улстөрчид дэд сайдад анхаарал хандуулахгүй байгаа мэт дүр эсгэвч цаана нь сайдаас дутуугүй өрсөлдөөн өрнөж байна. Улс төрийн намууд хэнийг сайд болгохоо аль хэдийн дотроо ярьж, шинэ дэдүүдийн нэр чих дэлсэж эхлэв. Зарим нь дэд сайд болохын тулд наагуур цаагуур гүйлдэж өмнө нь хийж бүтээснээ тоочиж яваа сурагтай. Юутай ч зөвшилцлийн ажлын хэсгийнхэн АН-д тав, МАН-д долоо, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэгт хоёр, ИЗНН-д нэг дэд сайдын суудал өгөхөөр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, УИХ дахь суудлынхаа тоогоор дэд сайдын албан тушаалыг хуваарилах ерөнхий зарчим баримталж байна. Ингэхдээ дэд сайд нарыг сөөлжүүлж болох юм гэсэн хувилбар гарсныг МАН-ынхан хэлж байгаа юм. Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Дэд сайд нарыг сөөлжүүлж томилж болно. Яам, агентлагийн дарга нарын тухайд төрийн албаны тухай хуулийг баримтална. Ажлаа хийж чадахгүй, хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон хариуцлагагүй төрийн албан хаагчдад хариуцлага тооцох эрх нээлттэй. Хамтарч байгаа гэдэг нэрийдлээр ажлаа хийдэггүй төрийн албан хаагчдын толгойг илэхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Үүнийг нам дотор нь дэмжихгүй гишүүд Ц.Нямдоржоос эхлээд цөөнгүй байгаа ажээ. Дэд сайд нарын марафон АН, МАН-д хамгийн хүчтэй өрнөж байна. МАН-ын долоон дэд сайдын квотод 10 гаруй хүн өрсөлдөж байгаа ажээ. Анх үүнээс ч олон хүний нэр байсан ч шигшигдсээр үлдэж байгаа нь энэ. АН-ын шинэ засгийн газарт сойх дэд сайдуудад эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулах ёстой гэсэн байр суурьтай гишүүн цөөнгүй байгаа юм. Тиймээс НАМЭХ-ны тэргүүн, Нийслэлийн Засаг даргын орлогчийн албан тушаал хашиж байсан Ц.Цогзолмаа, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг нар нэр дэвшиж байна. Харин МАН-ын залуучуудын төлөөлөл болох НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, МАН-ын бүлгийн зөвлөх Г.Өнөрбаяр, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн, UFC группын дэд ерөнхийлөгч Н.Цэрэнбат, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Алтай, МАН-ын генсект өрсөлдөж байсан Ж.Сүхбаатар өрсөлдөж байгаа аж. Гэхдээ энэ эцсийн хувилбар биш ч тэд бол нам дотроо хамгийн их дэмжлэгтэй яваа нэр дэвшигчид. Эцсийн мөчид хэнийг дэд сайд, ямар яам агентлагийн дарга болгох вэ гэдгийг МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийднэ. Харин АН-ын гишүүдийн олонхи нь дэд сайд, яам, агентлагийн газрын дарга нарын өөрчдөх шаардлагагүй гэсэн саналтай байна. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан юм. Тэрбээр "Хариуцсан ажлаа сайн хийдэг дэд сайд нарыг авч үлдэх хэрэгтэй. Дэд сайд нарыг өөрчилнө гэхээсээ илүүтэй туршлагатай өсч, дэвжээд явж байгаа залуучуудыг дэмжих хэрэгтэй. Жишээлбэл ҮХАА-н дэд сайдаар ажиллаж байгаа Ц.Тувааныг Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувьд салбараа мэддэг сайн ажиллаж байгаа гэж би үнэлдэг. Тэгэхээр энэ хүн яагаад үргэлжлүүлээд ажиллаж болохгүй гэж" хэмээв. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн дотны найз ШӨХТГ-ын дарга О.Магнайг дэд сайдад сойж байна. Төв талбайгаас төрийн ордонд заларсан Ж.Батзандан хамтдаа хамтдаа жагсч явсан О.Магнайг дэд сайд болгохоор ухаан сийлж байна. Түүнээс гадна Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярыг Эрчим хүчний сайд болно гэсэн мэдээлэл байна. Энэ тухай түүнээс өөрөөс нь тодруулахад үгүйсгээгүй юм. Уул уурхайн шинэ сайдаар тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжид ажиллахаар болсон учраас дэд сайд О.Эрдэнэбулган суудалдаа тэсч үлдэх бололтой. АН-ын "Алтангадас" фракцийнхан дэд сайдын ахиу суудал намынхаа зөвшилцөх ажлын хэсгийхэнд шахалт үзүүлж эхэлсэн гэх сураг байна. Юутай ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ойр тойрныхноос дэд сайдын суудалд эзэн суух нь тодорхой болжээ. Тэр тусмаа зөвлөхөөр ажиллаж байсан хүмүүс хамгийн их шаанстай байгаа ажээ.