Шинэ сайдад сануулах хуучин асуудал
Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал сайдын суудлаа намынхаа Нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбад шилжүүлэхээр болсон нь УИХ-д өргөн барьсан Шийдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнээс ил болов. Ирэх онд Түлэнхийн төв нь ашиглалтад орно гэдгээс өөр гэрэл гэгээгүй энэ салбарт тулгамдаж байгаа гол асуудал нь эмнэлгийн хүрэлцээ. Эх, хүүхдийн, хавдрын, төрөхийн, эрт оношилгооны… гээд бүх төрлийн эмнэлгийн дутагдалд орж, иргэд эмнэлгийн шалаар хэвтэн эмчлүүлдэг болсон нь эдийн засгаас илүү эмзэг асуудал ч байж болох юм.
Ямартай ч шинэчлэл хэрэгтэй, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг ч эмнэлэг бариагүйн эсрэг хүн амын дундах өвчлөл ихэссээр байгаа гэдгийг шинэ сайд хүлээн зөвшөөрөх нь эхний асуудал юм.
Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал сайдын суудлаа намынхаа Нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбад шилжүүлэхээр болсон нь УИХ-д өргөн барьсан Шийдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнээс ил болов. Ирэх онд Түлэнхийн төв нь ашиглалтад орно гэдгээс өөр гэрэл гэгээгүй энэ салбарт тулгамдаж байгаа гол асуудал нь эмнэлгийн хүрэлцээ. Эх, хүүхдийн, хавдрын, төрөхийн, эрт оношилгооны… гээд бүх төрлийн эмнэлгийн дутагдалд орж, иргэд эмнэлгийн шалаар хэвтэн эмчлүүлдэг болсон нь эдийн засгаас илүү эмзэг асуудал ч байж болох юм. Ямартай ч шинэчлэл хэрэгтэй, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг ч эмнэлэг бариагүйн эсрэг хүн амын дундах өвчлөл ихэссээр байгаа гэдгийг шинэ сайд хүлээн зөвшөөрөх нь эхний асуудал юм. Гэхдээ Н.Удвал сайдын үед батлагдсан төсвөөр буюу ирэх оны ЭМЯ-ны мэдлийн хөрөнгөөр дээрх асуудлыг бүр мөсөн шийдэх боломжгүй. Иргэд ч аргаа барахдаа Асашерюү Дагвадоржийг Эх, хүүхдийн эмнэлэг, Хакухо Даваажаргалыг Түлэнхийн төв барихаар болсон гэх яриа гарган тэднийг шахаанд оруулж сууна. Тэгвэл дээрх эмнэлгийн хүрэлцээний асуудалд нэмээд хэд гурван эмнэлэг нэрлэж болно.
АКТТАЙ ЭМНЭЛГҮҮД
Тухайлбал, иргэдийн зүгээс болон ЭМЯ-наас төдийлөн дэлгээгүй ч аль хэдийн ашиглалтын шаардлага хангахаа больсон Наркологийн эмнэлэг, Төмөр замын Төв эмнэлэг, Хүүхдийн клиник, 20-р сувилал, Жаргалант тосгоны эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, 41-р клиник сувилал, ЭМН-ийн нисэх дэхь салбар амбулатори гээд цааш хөвөрсөн жагсаалт байна. Нийслэлийн хүн амын 10 хувьд ногддог Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл гэхэд л 1964 онд ашиглалтад орсон, ус, чийгийн нөлөөгөөр гадна, дотор хананд нь хөгц ургаж бохирдсон, эмнэлгийн барилгын хөрсөнд ус нэвчдэгээс болж хөрсний овойлт үүссэн, шалны доорх сантехникийн шугамын сувгаас эвгүй үнэр гардаг, чийгийн нөлөөгөөр модон шал цөмөрч эвдэрсэн гээд эмнэлгийн зөрчил дутагдлын нийтлэг шинжийг агуулсан тухай акт байна. Хүн хэвтэн эмчлүүлэх байтугай эмнэлэг нь өөрөө эмчилгээ шаардсан дээрх шиг жишээ олон бий. Хамгийн наад зах нь төрөх эмнэлэг хүрэлцээ муутайгаас болж, жирэмсэн эхийг нааш цааш явуулсаар хүүхэд хэвлийдээ бүтэж үхсэн эмгэнэлт жишээ хэд билээ.
ТӨСВӨӨС ТУСЛАМЖ ХУРДАН
Нэгдүгээр төрхийн өргөтгөлийн ажлыг “Сентерра Гоулд” хувийн хэвшил 10 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж өгсөн. Зүгээр байшин хэлбэрдээд өнгөрөх бус 1.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж зэргийг өгснөөр эмэгтэйчүүдийн зориулалттай 100, хүүхдийн эрчимт эмчилгээний 50 ортой тасаг өнөөг хүртэл ажиллаж байна. Мөн хэдхэн сарын өмнө Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг” үүд хаалгаа нээсэн нь “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” байгууллагын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвданы санаачилгаар эхлүүлсэн хандивын үр дүн байсан. Бүрэн тоног төхөөрөмжтэй, бүхэл бүтэн зургаан давхар энэ эмнэлгийн ажилд УИХ 400 сая төгрөг гаргасан мөртлөө, тууз хайчлах мөчид худалч хүнд “бүтэн бүрэлдэхүүнээрээ” ирж жагссан нь хачирхалтай.
БАРИАД “АЛДСАН” ЭМНЭЛГИЙГ БУЦААЖ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ
Тэгвэл шинэ сайдад төсөв мөнгөний хүрэлцээгүй байдлаас үл хамааран эмнэлэгтэй болох боломж бий. Тэр нь Н.Удвал сайдын ганц үг ган хийлгүй алдчихсан Засгийн газартай хаяа дэрлэдэг сүүлийн үеийн тодотголтой эмнэлэг юм. Сануулбал, жилийн өмнөх Засгийн газрын хуралдаанаар улсын төсвөөс 10 тэрбум орчим төгрөг зарцуулж, дээрээс нь Солонгосын хөнгөлөлттэй зээлээр 20 сая ам.долларын өртөг бүхий хамгийн сүүлийн үеийн компьютер, томографийн аппарат оруулж ирэхээр бэлтгэж, хийн систем, цахим сүлжээг цоо шинээр суурилуулсан байсан эмнэлгийг УЕП-ын 40, Хууль зүйн яамны 90, нийтдээ 130 хүний оффисын байр болгох шийдвэр гаргасан юм. Ингэснээр нийтдээ 240 хүний ортой, жилд хоёроос гурван мянган хүнд хагалгаа хийж, долоогоос найман хүнийг хэвтүүлэн эмчилж, амбулаториар 120 мянган хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай энэ эмнэлэг бараг мартагдаж байна. Гэтэл эрүүл мэндийн яамнаас гаргасан тооцоогоор Хятад, Тайланд, Сингапур зэрэг оронд жилдээ 20 мянга гаруй монголчууд эмчилгээ, оношилгоо хийлгэхээр зорчиж, 100 гаруй сая ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. Харин энэ нь голдуу компьютер томограф, соронзон резонанст томографын эмчилгээ байдаг талаар ч мэдээлж байв. Мөн барилгын гүйцэтгэл дуусахаас өмнө байрлуулсан байх шаардлагатай тоног төхөөрөмжийг эмнэлэгт суурилуулсан учраас барилгыг оффис болгон өөрчлөх юм бол дахин барихаас өөр аргагүй гэж тухайн үед барилгын ерөнхий архитектор нь мэдэгдэж байсан. Олны нүдэн дээр булаалгасан энэ эмнэлгийн хувь заяаг тэгвэл Н.Удвалын дараагийн сайд шийдэж чадах болов уу.