УИХ-ын дарга З.Энхболд С.Цогтсайхан агсаны хөшөөний нээлтэд оролцов
Улсын Их Хурлын дарга З.Энхболд С.Цогтсайхан агсаны хөшөөний нээлтийн арга хэмжээнд оролцож, үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ, та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэндийг хүргье. “Монголын ардчилсан хувьсгалын дууч” бидний журмын нөхөр С.Цогтсайхан агсаны гэгээн дурсгалд зориулж бүтээсэн дурсгалын хөшөөний нээлт болж байгаад баяртай байна. С.Цогтсайхан агсан шилдэг нийтлэлч, улс төрийн манлайлагч, Ардчиллын сүлд дуу “Хонхны дуу”-ны зохиогч гэдгийг хүн бүхэн сайн мэднэ. Энэ дуу 25 жилийн турш ардчиллыг сурталчлах гол хэрэгсэл болж цуурайтсаар ирлээ. Монголд Ардчилсан парламентын тогтолцоог үүсгэн бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлийг бий болгох үйлсэд гүйцэтгэсэн түүний үүрэг гавьяаг үнэлж, хойч үеийнхний бахархал болсон халуун эх орончийн дурсгалын хөшөөг бүтээсэн уран бүтээлчид, дэмжиж тусалсан бүх хүмүүст УИХ, Ардчилсан намын өмнөөс гүн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхныг хүсье гэлээ.
Уг хөшөө Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнийн санаачилгаар бүтсэн байна.