“Гостуу” парламент

2014 оны 12 сарын 06

Өчигдөр шөнө дөл болтол хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаан тун ч халуухан уур амьсгал дунд өрнөсөн юм. УИХ-ын даргын бухимдал, сайдаа хүлээлгэж дөрвөн цаг уясан МАХН-ын гишүүдийн тунирхал, Н.Батбаяр архи ууж намынхаа даргад агсам тавьсан гээд тун ч үзэж харах зүйлтэй өрнөсөн билээ. 

Тэр дундаа энэ өдөр жинхэнэ од болсон хоёр хүн бол УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ. Эгээ л айлын эхнэр гэртээ хэрүүл хийж байгаа аятай чуулганы танхимд чанга чанга дуугаран УИХ-ын даргыг хүртэл загнаж суугаа нь үнэнийг хэлэхэд ард түмэнд таалагдаагүй юм.  Асуудлаа ойлгохгүй атлаа цаг уях гэсэн үү яасан З.Баянсэлэнгэ гишүүний ярьж байгаа зүйл нь мөн л тэс хөндлөн байв.

Гэсэн ч эрхэм хоёр эмэгтэй гишүүн маань энэ өдөр тун ч ёсзүйгүй аашилсан гэж хэлж болно. Улстөрч гэдэг универсал хүмүүс биш. Тэд заавал бусдад таалагдах албагүй. Гэсэн ч харанхуй шөнөөр хэрэлдэж, уралдаж байгаа тэдний энэ үйлдэл Монголын ард түмэнд үнэнийг хэлэхэд таалагдаагүй гэдгийг хэлэх нь илүүц биз. Ер нь сүүлийн үед манай эмэгтэй гишүүд эсэргүүцэх нэрээр хэрүүл хийж, хаалга үүдээ шидэж гүйдэг хачин зантай болчихож. 

Улс төрд олон жил болсон С.Оюун сайдгүй үлдсэн атлаа танхимд хэрхэн биеэ авч явааг харж судлахсан. Д.Оюунхорол, М.Батчимэг, С.Одонтуяа зэрэг асуудалд буурьтай, ул суурьтай үндэслэлтэй хандаж сурахсан. Улс төр гэдэг хэн нэгнийг загнаж, популист зан гаргахыг хэлдэггүй гэдгийг надаар хэлүүлэх юун, зарим эмэгтэй гишүүд. 

Чуулганы танхимд согтуу сууж байсан нь ганцхан Н.Батбаяр гишүүн ч биш байсан болов уу. Ардчилсан хувьсгалын ой тэмдэглэсэн АН-ын олон гишүүд бүлэмцүүхэн танхимдаа морилсон гэдэг нь тодорхой байв. Төрийн ордоны хаалгаар үнэртүүлснийг нь ч шагайлгахгүй атлаа саарал ордон дотроо сархаданд хөлчүүрхэж суугаа тэднийг хараад үнэндээ хэлэх ч үг олдохгүй нь. 

УИХ-ын дарга ч гэсэн дарга шиг байхсан. Авгай хүүхний хэрүүл хийж танхимд суухаасаа ичихсэн. УИХ-ын даргын эрх үүрэг байж болох ч өөдөөс дуугарсан бүхний үгийг сөрж өрвөлзөж, танхимын гишүүдээ согтуу хөлчүүгээр нь дуудах шаардлага байсан уу гэдгийг бодоход илүүдэхгүй. 

Үнэнийг хэлэхэд өчигдрийн танхимын хуралдаан парламентын нэр хүндийг шалан дээр унагалаа. Согтуу галзуу солиотой, сөрөг хүчин болох гэж жүжиг тавьдаг, асуудлаа мэдэхгүй нөхдүүдээр дүүрчихсэн юм шиг л харагдсан юм. Монгол Улсын нэр хүндийг өргөж явах ёстой эрхэм гишүүд нь саарал ордондоо авгай хүүхний хэрүүл хийж, архи сархад эргүүлж суудаг гэсэн мессеж дэлхийн чихэнд хүрч байгаа нь харамсалтай. 

Архи уусан, уугаагүй ч бүгд адилхан албан тушаалд очиж чадаагүйдээ хорсож, шаралхаж хуурай агсам тавьж байлаа. Монголын парламент тэр чигээрээ “гостуу” байсан даа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13369
0 эможи
keyboard_arrow_up