Түүхэн баримт бичгүүдийг Монголын үндэсний музейд хүлээлгэн өглөө

2014 оны 12 сарын 05

Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдрүүд тохиож байгаатай холбогдуулан тухайн үеийн Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлөөс ардчиллын үйл хэргийг дэмжин оролцож байсан түүхэн баримт бичгийг Монголын үндэсний музейд хүлээлгэн өглөө.

Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөл 25 жилийн ойгоороо дахин цуглаж Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн Ардчилсан холбоо төрийн бус байгууллагыг байгуулсан бөгөөд анхны хуралдаанаараа 058 дугаар салбар зөвлөлийнхөө үйл ажиллагаатай холбоотой түүхэн баримт бичгүүдийг Монголын үндэсний музейд хүлээлгэн өгөх шийдвэрийг гаргасан юм байна.

Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн Ардчилсан холбоо төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлийг үүсгэн байгуулагчдын нэг, УИХ-ын Тамгын газрын Нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв, “Бидний өнөөдөр Үндэсний музейд хүлээлгэн өгч байгаа баримт бичгүүд тухайн үеийн оюутнууд нийгмийн өөрчлөхийн төлөө хэрхэн зүтгэж байсныг гэрчлэх болно” хэмээн хэлсэн. Ингээд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлөөс эрхлэн гаргаж байсан “Мэдээ” сонины анхны дугаарын эх хувь, зөвлөлийн гишүүд, тэдний явуулж байсан үйл ажиллагаатай холбоотой түүхэн баримт бичгүүд, олон нийтэд мэдээлэл түгээх сурталчилгааны материалыг олшруулах зорилгоор ашиглаж байсан энгийн хэвлэх үйлдвэрийн хэрэгсэл зэргийг Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатарт хүлээлгэн өглөө. Энэ арга хэмжээнд Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн Ардчилсан холбоо төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлийг үүсгэн байгуулагчид болох Ж.Алтанхуяг, Д.Бадамсэрээжид, Б.Зоригт, В.Дарханбаатар нар оролцсон юм.

 

ХААДС-ийн дэргэдэх Монголын Ардчилсан Холбооны 058 дугаар салбар зөвлөлийн үйл ажиллагаанаас:

Өөрчлөн шинэчлэх, улс орноо хөгжүүлэх хязгааргүй хүсэл тэмүүлэл нь социалист системийг өөрчлөн байгуулах ардчилсан үзэл болж, ардчилсан хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг дэмжин өдөр тутмын үйл ажиллагаанд нь ХААДС-ийн оюутнууд татагдан орцсон цаг үе бол 1989 оны намар байлаа. 1989 оны намар ХААДС-ийн ИМФ-ийн дотуур байрны нэг өрөөнд төгсөх дөрөвдүгээр дамжааны оюутнууд үе үе цуглан цаг үеийн байдлыг ярилцдаг байсан бөгөөд энэ үйл ажиллагаанд Б.Уугансүрэн, Д.Төрбөт, Б.Эрдэнэцогт, Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбат, О.Сайнжаргал нарын оюутнууд идэвхтэй оролцдог байжээ. Б.Уугансүрэн Монголын ардчилсан холбоо байгуулагдсанаа зарлаж, Монгол оронд ардчилсан өөрчлөн шинэчлэлт хийхийн төлөө улс төрийн зорилго бүхий тэмцэл өрнүүлэхээ тунхагласан 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн цуглааныг ажиглагч идэвхтэй гишүүн байжээ.

1989 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнөх талбайд болсон МоАХ-ны хоёр дахь цуглаан, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр улс төрийн хоёр дахь хүчин болох Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулагдсан үйл явц, 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ардчилсан социалист хөдөлгөөнөөс ард түмэнд гаргасан тунхагийг оюутнууд талархан хүлээн авсан байна.

1990 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан МоАХ-ны дөрөв дэх цуглаанд ХААДС-ийн идэвхтэн оюутнууд ажиглагчийн байр суурьнаас бус гар биеэр оролцох ёстой гэсэн санаачилга гарган салбар зөвлөлөө байгуулах анхны ам тохиролцоонд хүрч анхны зохицуулагчаар Б.Эрдэнцогтыг санал болгон дэмжжээ. Энэхүү хуралд Б.Уугансүрэн, Д.Төрбөт, Б.Эрдэнэцогт, Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбат, О.Сайнжаргал, Д.Бадамсэрээжид, Б.Цэвээнпүрэв, Г.Ганхуяг нарын оюутнууд оролцжээ.

1990 оны 02 дугаар сарын эхээр МоАХ-ны анхдугаар их хуралд Б.Уугансүрэн, Б.Эрдэнэцогт нар төлөөлөгчөөр оролцжээ. Анхдугаар их хурлын үеэр МоАХ-ны мөрийн хөтөлбөр, дүрмийг үзэл бодол, ухамсрынхаа үүднээс хүлээн зөвшөөрч талархан дэмжсэн ХААДС-ийн оюутны төлөөлөл МоАХ-ны салбар зөвлөлийг сургуулийн хэмжээнд байгуулах санал гаргасны дагуу 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор 058 дугаар салбарыг байгуулахыг зөвшөөрсөн МоАХ-ны итгэмжлэх хуудсыг хүлээн авч үйл ажиллагаагаа 25 хүний бүрэлдэхүүнтэй явуулж эхэлсэн байна.

МоАХ-оос зарласан улстөрийн өлсгөлөнг дэмжсэн Монголын бүх их дээд сургуулиудын оюутны жагсаал болоход ХААДС-ийн оюутны жагсаалыг 058 дугаар салбар зөвлөл хамтран зохион байгуулж оролцжээ.

Тус салбар зөвлөл МоАХ-ны үйл ажиллагааг байнга дэмжин, оюутны хичээл хаялтыг зохион байгуулж байснаас гадна олон нийтэд мэдээлэл түгээх сурталчилгааны материалыг олшруулах энгийн хэвлэх үйлдвэрийн төхөөрөмжийг өөрсдийн хүчээр хийн ашигладаг байжээ. Өөрсдийн салбар зөвлөлийн сонин, Ерөнхий зохицуулах зөвлөлийн болон өөрийн сурталчилгааны материалаа олшруулж чаддаг хэвлэлийн хэсгийг ажиллуулж байсан нь тэр үедээ бусдаас ялгарах онцлог байсан ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13317
0 эможи
keyboard_arrow_up