Зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцэслэн баталлаа
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.12.05.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 10 минутад 51.3 хувийн ирцтэй эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай” Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг хуулийн төслийг чуулганы 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм. Иймээс холбогдох байнгын хорооны саналаар хэлэлцээрийг соёрхон батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь нь дэмжлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг сонсов.
Бизнес эрхлэгч иргэн, байгууллагын үйл ажиллагааг дэмжих нэг хөшүүрэг нь шийдвэр гүйцэтгэлийн замаар тэдний бусдаас авах авлагыг түргэн хугацаанд албадан гаргуулах явдал юм. Гэтэл өнөөгийн практикт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа богино хугацаанд, үр нөлөөтэй хэрэгжих боломж хуулийн холбогдох зохицуулалтын улмаас хязгаарлагдмал байгаа учраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хамруулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулахаар уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийн өөрчлөлтөөр нэгэнт шүүхээс гарсан эцсийн шийдвэрийг богино хугацаанд гүйцэтгэх боломжийг бий болгох зорилгоор ажиллагааны эсрэг гомдол гаргах тухай эрх зүйн зохицуулалтыг өөрчилж буйтай холбогдуулан ажиллагааны төрөлд “эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох” ажиллагааг нэмж оруулах, төлбөр төлөгч хаягийн өөрчлөлтөө мэдүүлэх үүрэгтэй байх, түүнчлэн төлбөр төлөгч этгээд эд хөрөнгийн мэдүүлгээ өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дансны мэдээлэл авах боломжийн талаар хуульчлан зохицуулахаар тусгажээ.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.7 хувийн саналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, хуулийг ердийн журмаар мөрдөхөөр болов. Мөн Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 65.9 хувь нь, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 64.4 хувь нь дэмжиж, эдгээр хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөхөөр тогтов.
Дараа нь Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улс орны эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хамруулан Засгийн газраас санаачлан боловсруулсан уг хуулийн төслөөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан харилцан тохиролцсон болон шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийг тодорхой хувиар бууруулан доод үнийг тогтоохоор зохицуулжээ. Мөн дуудлага худалдааны үнэ тогтоох аргачлалыг тодорхой ойлгомжтой болгож, үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааны үнийн доод хэмжээг тодорхой зааж зохицуулахаар тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэйсанал гараагүй тул Байнгын хорооны саналын томъёоллоор хуулийн төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.5 хувь нь дэмжсэнээр Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа