Салгаж, нийлүүлсэн Засгийн бүтэц
Их эвслийн Засгийн газар 15 яам, 19 сайдтайгаар бүтцээ бүрдүүлэн ажиллахаар болжээ. Ингэхдээ тэргүүн шадар сайдын суудал нэмэхээр төлөвлөж байснаа үгүй болгож, Монгол улсын сайд хэмээх шинэ нэршил гаргаж ирэхээр болов. Санаачлагч нь МАХН. Улмаар эзэмшигч нь энэ нам.
Шадар сайдын суудлаа голж, уруулаа цорвойлгосны хүчинд дээрх шинэ нэр томъёог гаргаж, АН, МАН-ын гишүүдийг зөвшилцлийн ширээний ард алмайруулав. Улмаар зөвшилцлийн ажлын хэсгийнхний гөвшилцүүлээд авсан нь саяхан. Монгол улсын сайд нь ямар статустай байх, эрх мэдлийн хүрээ нь хэр өргөн болохыг хэмжихийн тулд МАХН-ыхныг хоёр нам өдөржин шалгаасан гэхэд ч хилсдэхгүй. Ямартай ч Шадар сайдын дараагийн албан тушаалд тооцогдох бөгөөд ямар нэгэн яамыг толгойлохгүй гэнэ. Улмаар тэд хүссэндээ хүрч, хоёр албан тушаал авахаар болсон нь энэ. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамыг Гадаад харилцааны яамтай нэгтгэхгүй байхаар шийдвэрлэж, элгээрээ хэвтсэн эдийн засгийг бодлогын хүрээнд өндийлгөх их үүрэг даалгахаар боллоо. Гал тахиж онгод тэнгэртэй хэлэлцэхийн оронд эрх зүйн орчноо сайжруулж, бодлогын хүрээнд ажиллах шаардлагыг ч тавих гэнэ. Түүнчлэн Үлйдвэр хөдөө аж ахуйн яамнаас салбарлуулан аж үйлдвэрийн яамыг туурга тусгаар байдлаар байгуулахаар шийдвэрлээд байна. Ингэснээр Хүнс хөдө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яамтай болж байгаа юм. Улмаар Ц.Оюунгэрэл сайдын толгойлдог Спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж аялал жуулчлалыг байгаль орчинтой нэгтгэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, спортыг Эрүүл мэндийн яамруу шилжүүлж, шинжлэх ухааныг нь Боловсрол, шинжлэх ухааны яам болгон өөрчлөхөөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхи нь дэмжив. Ийнхүү хуучин зураг төслөөс нэгийг нь сэргээж, нөгөөг нь шинээр байгуул, бусдыг нь төрхөмд нь аваачих шийдвэр гарлаа. Гэхдээ Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн золбин тодотгол зүүсэн Монгол улсын сайдын албан тушаалын эрхлэх хүрээнд аль агентлаг очих нь тодорхойгүй байгаа юм. Харин Мэргэжлийн хяналтын байгууллагыг Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнээс Шадар сайдруу шилжүүлэхээр болсон. Түүнчлэн Цөмийн энергийн газрыг татан буулгаж, Тахарын албыг хэвээр үлдээхээр байнгын хорооны гишүүд дэмжив.