АПЕК-т элсэх Монгол Улсын Үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” олон улсын семинар боллоо

2014 оны 12 сарын 04

ГХЭЗХАЯ-ны Дипломатын академи, Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын судалгааны төв, Конрад Аденаурын сантай хамтран зохион байгуулсан “Ази, Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага - АПЕК-т элсэх Монгол Улсын Үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын семинар 2014 оны 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болж өндөрлөлөө. Семинарт Австрали, Америк, Орос, Сингапур, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсын АПЕК-ийн чиглэлээр судалгаа хийдэг экспертүүд, АХБ, ГХЭЗХАЯ, Сангийн яам, ГЕГ, ҮТЕГ, Үндэсний судалгааны хүрээлэнгүүд, их сургуулиудын төлөөлөл, эдийн засагчид, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Ази-Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК) -тай хамтран ажиллаж ирсэн бусад улс орны туршлагыг судлан АПЕК-т элсэх асуудлаар Монгол Улсын явуулж ирсэн бодлого, үйл ажиллагааг харьцуулан дүгнэх, цаашид баримтлах бодлого, авах арга хэмжээний талаар олон улсын нэр хүндтэй эрдэмтэн, судлаачдын саналыг тусгасан зөвлөмж боловсруулах зорилгын дор энэ удаагийн семинар болж өндөрлөлөө.

Энэ удаагийн семинарт АПЕК-ийн гишүүн 6 орны эрдэмтэн судлаачид ирж, өөрийн улсын АПЕК-т элсэн орсон туршлага, сургамжаас хуваалцаж, Монгол Улс АПЕК-т элсэн орохын тулд баримталж ирсэн бодлогыг үнэлэх, цаашид ямар бодлого явуулах талаар зөвлөмж боловсруулахад өөрсдийн бодлыг хуваалцсан нь практик ач холбогдолтой боллоо гэж хуралд оролцогсод, зохион байгуулагчид тэмдэглэж байлаа.

Семинарыг Дипломатын академийн захирал Х.Бэхбат нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс нь АПЕК-ийн зорилго, зарчмыг бүрэн дэмждэг бөгөөд АПЕК-тай хамтран ажиллах, улмаар гишүүнээр элсэх сонирхолтой байгаагаа 1993 оноос эхлэн илэрхийлж ирлээ. Энэ хугацаанд бид хэрэгжүүлж ирсэн бодлого, арга хэмжээгээ эргэн нэг харах, үнэлэлт, дүгнэлт өгөх, юуг зөв агаад юуг буруу хийсэн гэдгээ хэлэлцэх, цаашид хэрхэх талаар ярилцах цаг нь болсон хэмээн үзэж энэ удаагийн семинарыг зохион байгуулж байгаа юм” хэмээн онцлоод “Энэ хоёр өдрийн арга хэмжээ ердийн эрдэм шинжилгээний хурал лугаа хэсэг нь илтгэл тавьж, үлдсэн хэсэг нь сонсоод тардаг биш байгаасай гэж хүсэхийн сацуу Та бүхэн үзэл бодол, үнэлэлт дүгнэлт, санаа оноогоо чөлөөтэй уралдуулж, АПЕК-т элсэх Монгол Улсын үндэсний чадавхийг бэхжүүлэхэд эн тэргүүнд чухалчлан хийх үйл ажиллагааг тодорхойлсон, Монгол Улс АПЕК-т элссэнээр гарч болох сайн муу аливаа талыг нь зөв үнэлэн нэгдсэн дүгнэлт гаргасан үр дүнтэй семинар байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Хоёр өдөр үргэлжилсэн олон улсын семинарын үндсэн илтгэлийг ГХЭЗХАЯ-ны Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын судалгааны төвийн захирал Л.Галбадрах “АПЕК-т элсэх талаар МУ-ын баримталж ирсэн бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ” сэдвээр тавьсан юм. Энэ илтгэлийн дараа Монгол Улс АПЕК-т элсэн орох асуудлаар хэрэгжүүлж ирсэн бодлогыг үнэлэх, цаашид ямар бодлого баримтлах, АПЕК-т элсэн орсноор үүсч болох давуу болон сул тал гэх мэт асуудлыг тойрсон хэлэлцүүлэг эрчимтэй өрнөж, дүгнэлт зөвлөмж боловсруулснаар хоёр өдрийн семинар өндөрлөсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13189
0 эможи
keyboard_arrow_up