Асар их боломж интернэтийн хайлтын системд байгааг бид бүрэн ашиглах ёстой

2014 оны 12 сарын 03

Бид өнөөдөр moogol.mn интернэт хайлтын системийг нэвтрүүлж буй Моогол Клоуд ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч Т.Баяржавхлантай ярилцлаа. Баяржавхлан нь мэдээлэл технологийн инженер, бизнесийн удирдлагын ухааны магистр бөгөөд мэдээлэл харилцаа холбооны салбарт 16 жил ажилласан туршлагатай юм байна.

 

Түүнээс интернэтийн орчинд монголын мэдээ, мэдээллийг түгээх нөхцөл байдал, бизнесийн үйл ажиллагаа, брэндийн борлуулалтыг нэмэгдүүлэх, хайлтын системийн үнэ цэнэ, хэрэгцээний талаар асууж тодрууллаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийнхөө талаар манай уншигчидад товч танилцуулахгүй юу?

Юуны өмнө надаас ярилцлага авах цаг гаргаж байгаа танд маш их баярлалаа. Танай мэдээллийн нэг хэсэг болж байгаа даа ч их баяртай байна. Би 2000 онд ШУТИС-ийн Холбоо Мэдээлэл Технологийн Сургуулийг төгсөөд МЦХ ХК-нд програмист инженерээр ажилд орж байлаа. Харилцаа холбооны салбарын ууган байгууллага болох энэ компани надад маш их ажлын туршлага, мэдлэгийг өгсөн. Хамт олны хувьд үнэхээр хүчтэй шүү. Хувийн IT компанид ч ажиллаж байлаа. Мөн МЦХ ХК-ний миком, интернэт технологийн нэгжийг хариуцан бүх нийтийг интернэтжүүлэх үйлсэд ч зүтгэлээ. Товчоор хэлэхэд програм, интернэт, бизнесийн талаар боломжийн туршлагатай болж л байна.

Интернэт хүмүүст илүү боломж бий болгож байгааг хүн бүр мэдэж байгаа шүү дээ. Гэтэл та яагаад үүнийг онцлох болов?

Зарим нэг хэрэглээ талаас нь харвал тэгэж ойлгож болно.  Өнөөдөр  Улаанбаатар хоттой зам харилцааны хувьд  бүх аймгууд хар замаар бүрэн холбогдож дуусаагүй байна шүү дээ. Гэтэл  манай улсын харилцаа холбооны суурь бүтцийн хувьд өөр дүр зураг харагдана. Монгол улсын бүх хот, аймаг, сум, ихэнхи суурин газрууд шилэн кабелиар холбогдсон байгаа. Энэ чинь Улаанбаатарт байгаа хүн, сумын төв дээр байгаа хүн хоёр орон зайн байршлаас үл хамааран мэдээллийг ижил түвшинд авах, хэрэглэх боломж, суурь бүтэц аль хэдийн бүрдсэн гэсэн үг. Орон нутагт үнэ тарифын хувьд үнэтэй байгаа. Үүнийг газар нутгийн ялгаваргүй болгох хэрэгтэй гэж боддог. Ингэснээр Улаанбаатарт байгаа компани зөвхөн Улаанбаатартаа бус, Завханд байгаа компани зөвхөн Завхандаа үйл ажиллагаа явуулахаас гадна зах зээлээ тэлэх боломж тодорхой хэмжээнд бүрдэнэ. Ачаа  тээврийн ложистик хөгжиж байна.  Бараа бүтээгдэхүүнээ шуудангаар түгээх боломжийг бүр илүү бүрдүүлэх хэрэгтэй байна. Эдгээр боломжууд бий болсноор хүмүүст илүү өргөн хүрээнд ажиллах боломж нэмэгдэх болно. Орон нутагт байгаа хүн бараа бүтээгдэхүүнээ улс даяар борлуулж, энэ бүтээгдэхүүнийг авах хүн Монгол улсын өнцөг булан бүрд байгаа шүү дээ.  Эндээс өөрсдийн бизнес мэдээллээ интернэтэд байрлуулснаар Монгол улс даяар цаашилбал дэлхий даяар оршин суугаа Монголчууддаа болон өөр бусад хүмүүст мэдүүлэх боломж бий болсон гэдэг талаас нь онцолж байна. 

Бид хоёрын ярилцах сэдэв бол интернэтийн хайлтын систем түүний боломжийн талаар байх аа?

Тийм ээ. Сүүлийн жилүүдэд интернэтэд тулгуурласан үйлчилгээнүүд шинээр бий болж байгаа нь төр засаг цахим үйлчилгээг нэвтрүүлж байгаа, банкууд интернэтэд тулгуурласан банкны үйлчилгээ, бизнесийн байгууллагууд вэб хуудастай  байгаагаас тод харагдана. Бизнес улам бүр өрсөлдөөнтэй болж байна. Интернэтэд маш их монгол агуулгатай мэдээллийн сан бий болж өдөрт хэдэн зуун хуудсаар нэмэгдэж байна шүү дээ.  Интернэт сурталчилгааны асар том суваг болсон нь өдөр тутам мэдрэгдэж байна. Интернэт радио, телевиз, төрөл бүрийн үйлчилгээ санал болгох сайтууд, мөн  компаниудын сайтууд шинээр бий болсоор байна. Мэдээллийн сайтаар дүүрэн сурталчилгааны баннер.  Энэ нь нэг талдаа сайн боловч нөгөө талдаа хэрэглэгч асар их мэдээллээс хэрэгтэй мэдээллээ олох, бизнесийн байгууллагууд мэдээллээ шаардлагатай хэрэглэгчдэд хүргэх асуудал хүндрэлтэй болж байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг хөгжингүй оронд ихэвчлэн хайлтын системийн хүрээнд шийддэг. Интернэтэд байнга ордог хүмүүс хайлтын системийг өдөрт дор хаяж нэг удаа ашигладаг байх л даа. Тэд хайлтын системийн талаар өөр өөрсдийн ойлголттой болсон байгаа. Хүмүүс өөрт нь шаардлагатай байгаа мэдээллийг интернэтээс амархан олоход хайлтын системийн  гол ач холбогдол оршдог бөгөөд асар их цаг хугацааг хэмнэх боломжтой байдаг.Түүгээр ч барахгүй бизнесийн олон боломжууд нээгддэг.

Хүмүүс хайлтын системийг гүүгэлдэх, гүүгэлээс асуу гэх мэтээр ярьж байгаа нь аль хэдийн мэддэг болсон байгаа юм биш үү?

Дэлхийд хайлтын системийн Гүүгл хэмээх агуу том компани байхад түүнтэй өрсөлдөж чадах уу гэж олон хүмүүс асуудаг. Гэхдээ бид боломжийг дутуу ашиглаж байгаа. Энэ бол өрсөлдөөн биш боломж гэж харж байна. Америкт Форд, Германд Бенз, Японд Тоёотог үйлдвэрлэж байхад солонгосууд Хьюндэйг үйлдвэрлэх гэж оролдож байхад доог тохуу хийдэг хүмүүс олон байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр дэлхийн брэнд болж.

Бид өөрсдийн хэрэглээг арай өөр өнцгөөс энгийнээр харъя л даа. Одоо хайлтын системийг шинэ түвшинд хүргэхээр гадаадын судлаачид ажиллаж байна. Энэ нь хүн юу хайхаа зүгээр бодоход л хангалттай гэж байгаа. Тэгэхээр энэ сэдэв үнэхээр сонирхолтой сэдэв санагддаг. Бид ч бас туршлагаа энэ чиглэлд нэмэгдүүлэх хэрэгтэй.

Өнөөдөр монголд компаниуд өөрсдийн вэб хуудасуудтай хэдий ч лавлахын шар ном монголд байсаар л байна, зарим нэг монгол вэб сайтыг хийх дээ мэдээллийг хялбар олохоор хайлтын системд зориулан сайн зохион байгуулаагүй байгаа нь хайлтын технологи манай улсад хөгжөөгүй байгааг харуулж байна. Мөн төрийн хичнээн байгууллага  өөрийн вэб хуудастай байгаа билээ. Өнөөдөр олон хүмүүс интернэтээс хэрхэн, яаж мэдээллээ хайж олохоо мэдэхгүй л байна. Тэгээд таньдаг хэн нэг рүү утасдаж асуугаад сураглаад эхэлдэг. Энд бас л цаг мөнгө зарцуулж хайж байна. Нөгөө талаар таны бизнес, таны үйлчилгээг хүмүүс хаа нэгтээ хэн нэгэн хайсаар л байна гэсэн үг. Иймээс эдгээрийн уулзах газар бол үндэсний хайлтын систем бөгөөд улс орны эдийн засгийн хувьд маш их боломжийг бий болгодог технологи юм.

Их сонирхолтой сэдэв байна. Та сая эдийн засгийн хувьд өгөөж өгдөг технологи гэж хэллээ. Энэ талаар тодруулаач.

Хүмүүсийн  хувьд түгжрэл, тааруухан хаягжилт, дэд бүтцийн сул байдлаас  стресст орж байна.   Нөгөө талаас уламжлалт сурталчилгааны хэрэгслүүд маш сурталчилгаагаа “түлхэх” аргаар цацаж байна. “Хямдралтай худалдаж байна”, “Хямдрал зарлалаа”, “Одоо бүртгүүл”, “Нэгийг аваад нэг үнэгүй”, эсвэл энэ юу юм бол гэж бодогдуулсан өөрийн нэр, үйлчилгээг цээжлүүлэх гэсэн  мэдээллээр тасралтгүй бөмбөгдөж байна. Нөгөө талаас хүмүүс яг өнөөдөр яг одоо өөрт хэрэгтэй зүйлээ хэрхэн хурдан олох вэ? Өчнөөн л сурталчилгаа телевизээр харсан, ФМ-ээр залхталаа сонссон байдаг, хэрэгтэй үед хэрэгтэй цагтаа санадаггүй, олдоггүй. Бизнесийн байгууллагууд нөгөө их мөнгө төлсөн зар мэдээллээ дахиад давтамжтай цацах хэрэгтэй болдог, оргил цагийн сурталчилгаа, интернэт сайтын гоё байршил улам бүр үнэтэй болоод байдаг. Гэтэл  ихэнх зар  сурталчилгааны мэдээллүүд хүмүүсийн ашиг сонирхол хүсэлтэй үнэхээр холбоогүй байдаг төдийгүй үнэхээр үр ашиг багатай. Тэгвэл эсрэгээр “cугалах” гэж нэрлэгдэх тэр болгон бид бүрэн ашиглаагүй шинэ арга зам байна. Бараа бүтээгдэхүүнээ сурталчлах бол та өөрийн мэдээллийг хэрэглэгч таны бүтээгдэхүүнийг хялбар олж болох боломжит хайлтын түлхүүр үгийн хамт байрлуулаад л болно. Маш хялбар байх болно.  Хайлтын систем хэрэглэгчийн бичсэн үг болон бусад боломжит хувилбар байгаа эсэхэд анализ хийгээд тэдэнд хэрэгтэй боломжит бүх мэдээллүүдийг гаргаж харуулаад зөвхөн сонголтыг үлдээнэ. Жишээ нь та гадаад явах бол тэр олон нислэгийн тийз борлуулдаг компаниудын утас, байршил, хаягийг мэдэх гэж сандраад хэрэггүй. Та нислэгийн тийз, эсвэл онгоцны билет гэдэг үгийг бичихэд танд боломжит бүх компанийн мэдээллийг харуулах болно. Нөгөө их сонссон, үзсэн сурталчилгаагаа санах гээд оролдоод хэрэггүй. Компаниуд оргил цагт сурталчилгаагаа явуулах гэж их мөнгө төлж өрсөлдөх хэрэггүй. Та өөрийнхөө үйлчилгээнийхээ мэдээллээ хайлтын системд зөв байрлуулах хэрэгтэй. Нэмж хэлэхэд монголын маш олон вэб сайтуудыг хайлтанд  зориулж шинчлэл хийх хэрэгтэй. Учир нь сайтын зохион байгуулалт харагдах талаасаа зөв ч, бүтэц нь буруу байдаг. Бид сайтынхаа хэлбэр агуулгыг хараад байгаа болохоос манай үйлчилгээ, бүтээгдэхүүнийг  хайхад  хайлтын систем дээр гарч ирж байна уу хүмүүс ямар үгээр хурдан олох вэ гэдэг нь маш чухал зүйл шүү дээ. Компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулах гэж л вэб сайт хийлгэдэг шүү дээ. Гэхдээ хүмүүст тухайн сайтын нэрийг тогтоох асуудал их төвөгтэй байдаг. Хайлтын систем ч шинэ сайт мэдээллийг олж, хайлтанд бүртгэхэд хугацаа шаарддаг. Харин компани, хувь хүмүүс өөрийн бизнес, вэб сайтаа  хайлтын системд түлхүүр үгээрээ  бүртгүүлбэл  хүмүүс хурдан олох болно.  Бизнесийнхэн миний бүтээгдэхүүн, үйлчилгээг их олон хүмүүс мэдээсэй л гэж хүсдэг шүү дээ. Үүнийг шийдэх нэг боломжит гарц бол дотоодын хайлтын систем юм. 

Үндэсний хайлтын систем гэж онцолж байгаа шалтгаан нь юу вэ? Хэтэрхий дөвийлгэсэн хэрэг биш үү.

Бидний зүрх сэтгэлд Монгол улс , монгол хэл гэж байна. Бид монгол хэлээр ярьж байна. Өөрийн омогшил байна. Бид яагаад монгол хэлний онцлогт зохицсон, монгол агуулгатай мэдээлэлд анализ боловсруулалт хийдэг, өөрийн онцлогтой Монгол хүн бүрийн хэрэглээ болсон монгол үндэсний хайлтын системтэй байж болохгүй гэж. Монголчууд өөрийн үндэсний компаниа дэмжихгүй байх шалтгаан байхгүй байх. Мооголдох гэдэг шинэ нэр томъёо ч бий болж болно шүү дээ. Бид одоо өөрийн дотоод болон гадаад зах зээлээ тэлэх, үндэсний компаниудын эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Мэдээж гадаадын маш олон хайлтын систем бидний хэрэглээ үйлдэлд анализ хийгээд ашиг хүртээд байж л байна.  Бидний нэвтрүүлж байгаа технологи бол зөв шударга хэрэглээн дээр тулгуурласан бизнес. Нөгөө талаас өөдрөг хүсэл мөрөөдөлтэй монгол залуучуудын хийж байгаа ажил. Бид  чадахгүй бүтэхгүй гэдгээр биш  шинэ технологи,  шинэ шийдлийг нутагшуулахын төлөө зүтгэж байгаа. Өнөөдөр байгууллага, компани бүр интернэт дэх мэдээллээ сайжруулаад байвал хүмүүс гар утаснаасаа өөрт хэрэгтэй зүйлээ хайгаад л таны бизнесийг олно шүү дээ. Ядаж л хаана байдаг, цагийн хуваарь, утас, ямар үйлчилгээ авах, юу борлуулдаг талаар тодорхой байх юм бол хүмүүст хичнээн их хэрэгтэй байх билээ. Мэдээж бусад хэл дээр мэдээлэл хайх бол Гүүгл хайлтын системийг хэрэглэнэ шүү дээ.   Би ч хэрэглэдэг.   Энд биднийг хэн нэгэнтэй харьцуулахаас илүү монголын оюун ухаанаар бүтээгдсэн технологи Монголчуудад илүү боломжийг олгоно гэж бодож байна.

Та бүхний ирээдүйд хэрэгжүүлэх шинэ төслийнхөө талаар танилцуулж болох уу. Ер нь  ирээдүйд юу хийх вэ?

Юуны өмнө бид өөрсдийн хайлтын системээ зах зээлд байршуулаад, хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.  Бидэнд хэд хэдэн шинэ төсөл байгаа бөгөөд үүний дотроос ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа Моогол Цахим Мэдлэг төсөл юм. Энэ нь интернэтэд байддаггүй мэдээллийг хайлтын системд оруулах юм. Үүнд төрийн зарим мэдээллийг цахим хэлбэрт оруулах, эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээний ажлуудыг нээлттэй үнэгүй болон үнэтэй байршуулах,  хүүхдийн боловсролд зориулагдсан төрөл бүрийн контентуудыг бүртгэж хайлтын системд оруулснаар хэрэглэгчдэд хүргэх ажил багтах юм. Монголын мэдээ, мэдээлэл агуулгын чанарыг сайжруулах Моогол Цахим Түлхүүр төслийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа.

Moogol.mn хайлтын системийн үр дүн, ажиллагаа ямар байгаа бол?

Монголын интернэтэд байгаа нийт мэдээллийг 100% гэж үзэх юм бол одоогоор бид 30%-ийн мэдээлэл цуглуулаад явж байна. Шууд нэг дор бүгдийг хийчихнэ гэж байхгүй. Моогол роботууд өдөрт 500,000 гаруй хуудас мэдээлэл шинэчлэн цуглуулж байна. Хандалт алгуур маш сайн нэмэгдэж байгаа. Ер нь бол системийн хувьд боломжийн хурдтай хайлтын үр дүнг харуулж байгаа. Үүнд бид сэтгэл хангалуун байгаа. Энэ зорилгод хүрэхийн тулд бид уйгагүй зүтгэж байна. Олон залуучууд өөрийн итгэл үнэмшил, цагаа заваа зориулж бий болгосон. Бизнесийн мэдээллийн хувьд тодорхой хэмжээнд хүмүүсийн хэрэгцээг хангаад явж байна. Үүний хажуугаар реклам сурталчилгаагаа оруулсан зарим байгууллагууд үр шимээ хүртэж эхэлсэн. Дашрамд хэлэхэд moogol.mn хайлтын систем нь өөрийн ухаалаг сурталчилгааны хэрэгсэлтэй. Энэ нь  бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлах хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Сурталчилгааны бүх хяналт болон удирдлагыг өөрсдөө удирдаж шийдэхээр системдээ оруулж өгсөнд харилцагч нар маш талархууштай ам сайтай байгаа.

Та хайлтын систем хэрэглэдэг хэрэглэгч нарт юу гэж зөвлөмөөр байна?

Их чухал асуулт байна. Мэдээж үндэсний хайлтын системийг өдөр тутамдаа хэрэглэхийг Монголчууддаа уриалж байна. Бид хэрэглэгчийг алдаатай үг бичихээс сэргийлж зөв үгүүдийг санал болгох хэрэгсэл болон Визз нэртэй шинэ хайлтын хэрэгсэл суулгасан байгаа. Та туршаад үзээрэй их сонирхолтой байх гэж бодож байна.  Нэмж хэлэхэд хайлтын систем бол төгсгөлгүй төсөл бөгөөд хайсан үгүүдээр өөрийн хайлтыг үргэлж сайжруулж, мэдээллийг баяжуулж байдаг ба үүнд цаг хугацаа, хамтын оролдлого хэрэгтэй байдаг. Зүйрлэж хэлбэл Томас Эдисон анхны цахилгаан гэрлийг хийхдээ 1000 удаа амжилтгүй оролдлогыг хийсэн байдаг. Танд зарим нэг мэдээлэл өнөөдөр харагдахгүй байсан ч, та ашиглаад бай гэж хэлмээр байна. Таны хайлт бүр чинь системийг  сайжруулсаар нэг л өдөр таны хэрэгцээг  хангах болно. Мөн та өөрийн компанийн мэдээлэл, үйлчилгээ харагдахгүй бол манай хайлтын системд өөрийнхөө сайтын холбоосыг бүртгүүлээрэй гэж хэлэх байна. Богино хугацааны дараа таны мэдээлэл хайлтын санд бүртгэгдэх болно.

Хайлтын системийн цаана маш нарийн технологи байдаг юм байна, харилцагчдад ямар үр ашгийг өгөх вэ?

Энэ бол маш төвөгтэй нарийн систем. Хүн болгоны асуултад хариулж чаддаг систем болгохын төлөө олон тооны эрдэмтэн судлаач, инженерүүд өнөөдрийг хүртэл хичээн ажилласаар байна. Уг хайлтын системийн боломжийг бид өөдрөгөөр харж байгаа. Боломжгүй зүйл байхгүй. Моогол хайлтын систем нь МТШХХГ-аас жил бүр зохион байгуулдаг ICT EXPO 2014 мэдээлэл технологийн үзэсгэлэнгээс Шилдэг технологийн шийдэл номинациар шалгарсан байгаа. Энэ нь Моогол төслийг хэрхэн үнэлсэнийг харуулж байна.   Бидний ажил тасралтгүй явах учраас цаг хугацаа ахих бүрт бодит өөрчлөлтийг та нар харах болно. Нэг зүйлийг сануулж хэлэхэд интернэтийн орчинд бүх л зүйл хайлтын системээс эхэлдэг. Хэн юуг эхэлж мэдмээр байна гэдэг утгаар хэлж байна л даа. Иймээс л бид мэдлэгт тулгуурласан технологиор мэдээллийг ухаалагаар түгээх, хэрэглэгчдэд ээлтэй системийг бий болгохын төлөө ажиллаж байна. Үр ашигтай хайлтын систем нийгэм, эдийн засагт асар их үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гол нь үүнийг олуулаа эрх тэгш ашиглах боломжтой байх ёстой. Үүнийг ч манай хамт олон бүрдүүлэхээр ажиллаж байна. Эцэст нь хэлэхэд үр ашиг нь өнөөдрөөр хэмжигдэхгүй.

Та өөрийн зүгээс бусадтай хуваалцахыг хүсэж байгаа зүйлээ хэлнэ үү?

Монгол хүн ч, монгол компани ч Монголын баялаг. Бид уул уурхайн толгойнуудаа ашиглаад хөгжих хуримтлалаа бий болгоё. Монгол хүнээ, монгол компаниа дэмжье. Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах монгол толгойнуудаа дэмжье. Бидний хөгжүүлж нутагшуулах гэж оролдож буй хайлтын технологи ч ирээдүйн Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах болно. Бидний өнөөдрийн  оролдлого, уйгагүй хөдөлмөр үр шим биднийг нэг л өдөр шинэ шийдэл, шинэ технологи, шинэ түвшинд хүргэх болно. Өнөөдөр хэн нэг улсын том ах ирээд богцноосоо юу өгөх вэ гэж харахын оронд Эзэн Чингис хааны маань хэзээ ч, хэн ч байгуулаагүй том гүрнийг байгуулахдаа хэний ч бодоогүй морин өртөөг байгуулж, мэдээллийн хурд хүчийг удирдаж, мэдлэгтэй чадвартай мэргэд, уран дархчууд, монгол хүний агуу суу билэгээр дэлхийг эзэлсэн гэдэг. Бидэнд сайхан түүх байхад бид яагаад дандаа хүний гар харж амьдрах гэж. Тиймээс бид өнөөдөр юуг хийж чадах вэ? Маргааш юуг хийдэг болох вэ гэдгээ харъя. Хийж бүтээхийн төлөө явж байгаа монгол хүнээ дэмжье гэж Монголчууддаа хэлэх байна. Нэг л өдөр монголчууд бидний өнөөдрийн нөр их хөдөлмөр, тэвчээр асар их өөрчлөлт хөгжилд хүргэх болно гэдэгт би итгэдэг.

Ярилцлага өгсөн таньд баярлалаа.

Баярлалаа. Танд болон танай хамт олонд амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13127
0 эможи
keyboard_arrow_up