Танай, манай салбарын хууль гэж байхгүй, бид бүгд л Монгол Улсын хуулийг биелүүлэх үүрэгтэй
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Олон улсын өдөр тохиож байгаатай холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамиртай хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн асуудлаар ярилцлаа.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэлийн талаар товч хэлэх үү?
Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2006 онд баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”, түүний нэмэлт протоколд 2008 онд нэгдэн орж, улмаар Засгийн газар Ази болон Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн "Эрхийг бодит болгоё" Инчеоны стратегит гарын үсэг зурсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тус тус заасан. Дээр дурьдсан хууль зүйн үндэслэлээс гадна бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, эрх чөлөөний зөрчилтэй өдөр тутам тулгарч байгааг үгүйсгэх аргагүй. Түүх сөхвөл анх 1995 онд “Тахир дутуу иргэдийн нийгмийн хамгааллын тухай хууль”-ийг баталсан ба түүнийг шинэчлэн найруулж, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль”-ийг 2005 онд мөн баталсан болно. Улмаар 2008, 2012, 2013 онуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч уг хууль бүхэлдээ нийгмийн халамж дээр суурилсан, эрхийн зохицуулалт хомс хэвээр гэж үздэг, тийм ч байгаа. Энэхүү хуулийн төслийн гол концепцийг юу гэж тодорхойлох вэ? Хуулийн төслөөр хөгжлийн бэрхшээлтэй хүнд гагцхүү “төрийн тусламж, дэмжлэг хүртэгч”, “эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээний объект” мэтээр хандах хандлагыг халж, тэднийг нийгмийн харилцаанд бусад хүний адил оролцох эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын нэгэн адил өөрийн оршин суугаа газартаа, хамт олондоо түшиглэн нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцох эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг хэрэгцээт үйлчилгээгээ чанартай, хүртээмжтэй авах тэр л нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамруулан хөгжүүлнэ гэсэн ойлголт юм. Энэ л хуулийн төслийн үндсэн концепц нь юм даа.
-Энэ хуулийн төслийг боловсруулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоо хэр байсан бэ?
Хуулийн төслийг боловсруулах хүрээнд төрөл бүрийн түвшинд холбогдох судалгааны ажил хийгдсэн. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, ашиг сонирхолыг хөндсөн, одоогоор мөрдөгдөж байгаа 70-аад хууль, түүнчлэн бусад эрхийн актуудад дүн шинжилгээ хийсэн. Түүнчлэн 21 аймаг, 9 дүүргийн 3073 хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс санал авах зэргээр одоогийн мөрдөгдөж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчлэх шаардлага байгааг тодорхойлсон болно. Мөн "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль"-ийн төслийг ХАХНХЯ-ны цахим хуудсанд байршуулан иргэд, олон нийтээс санал авах ажлуудыг зохион байгуулсан төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудын төлөөлөл давхардсан тоогоор нийтдээ 1230 гаруй иргэд болон холбогдох хүмүүсийг хамруулсан 12 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг бидэнтэй хамтран зохион байгуулсан.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамруулан хөгжүүлэх, тэдний эрхийг хангах орчныг хэрхэн бүрдүүлэх тухай хуульд тусгасан вэ?
Төр хууль тогтоомжоороо хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зохицуулалтыг хийж, харин бүрдүүлэх үйл явцад төрийн, хувийн хэвшлийн болон төрийн бус аливаа байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүйгээр оролцоно. Энэ бол зөвхөн нэг, нэг хэсэг байгууллагын асуудал биш, харин төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүрийн асуудал, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН ч мөн үүрэг, хариуцлага хүлээнэ. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 96325 хүний өөрсдийнх нь оролцоо, төрийн холбогдох байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа маш чухал. Боловсруулаад байгаа төслийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаар нилээд олон төрлийн ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхээр байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог тэдгээрийн эрх ашгийг хөндсөн стандарт, журам боловсруулах зэрэг ажиллагаанд оролцуулахыг хуульчлан тусгаад байна. Энэхүү хуулийн төслийг ч энэ зарчмын дагуу боловсруулсан.
-Барилга байгууламж, дэд бүтцийг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлж, тэдгээрт хүртээмжтэй орчин бүрдүүлэх талаар хуулийн төсөлд тусгагдаж байгаа юу?
Тиймээ. Барилга байгууламж бол хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орчин бүрдүүлэх асуудлын зөвхөн нэг хэсэг. Түүнээс гадна дэд бүтэц, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байх ёстой. Хуулийн төсөлд нийтийн тээвэр, нийгмийн дэд бүтэц, нийтийн зориулалттай барилга байгууламжийг заавал мөрдөх үндэсний стандартын дагуу барьж, байгуулах харилцааг тусгаж, үүгээрээ эдгээр барилга, байгууламжийг Төрийн хяналтад бүрэн хамааруулахаар тооцож байна.
Мэдээлэл, харилцаа холбооны хувьд олон нийтийнхээс гадна арилжааны телевиз сонсголгүй, харааны бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд тохирсон аргаар мэдээ, мэдээллийн хөтөлбөрийг бодитойгоор хүргэхтэй холбогдсон зохицуулалтыг төсөлд тусгаад байна.
Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгэм, хамт олны дундаа сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмтэйгээ хамт хөгжих юм.
Боловсролын тал дээр ямар өөрчлөлт гарч байгаа вэ? Өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа юу?
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг боловсролд тэгш хамруулан хөгжүүлэх бодлогын хүрээнд 2013 онд нилээд өөрчлөлтүүдийг хуульчилсаныг улам баталгаажуулахын зэрэгцээ нилээд шинэ зохицуулалтыг оруулсан. Сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхэдтэй хамт боловсрол эзэмших, хөгжих эрхийг бодитойгоор эдлүүлэх боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох багш нарын мэдлэг, мэргэшил, арга барилыг дээшлүүлэх боломжийг бүрдүүлсэн механизмыг хуулиар тогтоохоор төслийг боловсруулсан. Хүний эрхийг хангахтай холбоотой асуудал юм болохоор Таны хэлсэнчлэн өөрчлөлт бүх салбарыг хамарч байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудал зөвхөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамных биш, энэ бол салбар болгоны шийдвэрлэх ёстой асуудал. “Танай, манай салбарын” гэж хууль байхгүй. Монгол Улсын хуулийг бид бүгд л биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Тийм ч учраас хуулийн төслөөр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр төрийн захиргааны төв болон бусад байгууллагаас хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, түүнчлэн салбар дундын зохицуулалтыг хэрэгжүүлэх бүтцийг бий болгохыг зорьсон.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах, хөгжих эрх хязгаарлагдмал гэдгийг хэн тогтоох вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 2013 оны нэмэлт, өөрчлөлтөөр "Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын комисс тогтооно" гэж заасан. Үүний дагуу төв болон салбар комиссыг 21 аймаг 9 дүүрэгт байгуулсан. Ялангуяа шинээр байгуулагдсан комисс Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хүрээнд хүүхдийн эрх, боловсрол, эрүүл мэнд ямар түвшний бэрхшээлд байгааг аль болох эрт илрүүлэх, хөгжлийг хангах зорилготой. Ер нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үүрэг бол зөвхөн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлохоор хязгаарлагдахгүй, тухайн хүний боломжид тулгуурлан түүнд үзүүлэх үйлчилгээ, үйлчилгээний хэлбэр, нарийвчилсан шаардлагыг тогтоож дүгнэлт гаргах юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг эдлүүлэхэд маш ач холбогдолтой гэж үзэж байна.
Дээр дурдсанчлан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой харилцаа ч уг хуулийн төсөлд тусгагдсан. Аж ахуйн нэгж, байгууллага хөдөлмөрийн нөхцөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөрлөх эрхэд нь харшлахааргүй бол ажилд авахаас татгалзахыг хориглохоос гадна тохируулсан ажлын байр буюу хөгжлийн бэрхшээлтэй хүн бусадтай мөр зэрэгцэн бусдын адил хөдөлмөрлөхөд зориулагдсан нэн хэрэгцээтэй өөрчлөлт, тохируулга хийгдсэн ажлын байрыг квотоор бий болгох үүргийг хүлээх юм.
Та хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх "Бодлогын зөвлөл"-ийг ахалж ажилладагын хувьд энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
Аливаа бодлого, түүнийг хүртэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн байх ёстой. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар бодлого, түүний хэрэгжилтийг тэднээс сонсох, хамтран боловсруулах зорилгоор “Бодлогын зөвлөл”-ийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулсан. Зөвлөл нь Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам, Хөдөлмөрийн яамд, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Хүний эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, манай яамны харъяа агентлагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Үндэсний холбоод, төрийн бус байгууллагын төлөөллүүд болох нийт 28 хүний бүрэлдэхүүнтэй.
"Бодлогын зөвлөл"-ийн гишүүдийн үйл ажиллагаа маш нягт, уялдаатай. Ололттой тал байна л даа. Бид саяхан Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран Нийслэлийн төр, захиргааны барилга, байгууламж, орц, гарцад үнэлгээ хийлээ. Нийслэлийн хэмжээнд 53 замын гарц хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдүүдэд ээлтэй боллоо. Цаашид ч боловсронгуй болгох болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар боловсруулж буй бодлогын баримт бичгүүд, холбогдох арга хэмжээ, үйл ажиллагааны талаар зайлшгүй зөвлөлөөр хэлэлцэн эцсийн шийдвэрийг ХАХНХ-ын сайдын зөвлөлд танилцуулан ажилладаг юм.
Төгсгөлд нь танаас нэг асуулт асууя. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан томоохон хөрөнгө оруулалтаас дурьдана уу?
Манай яам хүн амын бүлгүүдийн асуудлыг авч үзэхдээ нийгмийн төдийгүй хөгжлийн асуудлыг чухалчилж үздэг. Тэр утгаараа, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, сэргээн засах тусламж, үйлчилгээний нэр, төрлийг олшруулсан. 2014 онд Сэргээн Засалт, Хөгжлийн Үндэсний төвд 5,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж эмнэлэг, үйлдвэрийн барилга, байгууламж, тоног, төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэн ашиглалтанд оруулаад байна. Ингэснээр Монгол Улсын эрүүл мэндийн сэргээн засалтын салбарт мэдэгдэхүйц шинэчлэлт хийгдэж, дэлхийн хэмжээний хэрэгцээ шаардлагад дүйцэхүйц, хамгийн сүүлийн үеийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдээд байна. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 50 тэрбумын санхүүжилт бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хамт барьж байгуулахаар гэрээ хэлэлцээр хийгдэж байна. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн жишиг төв болох юм. Цаашид зарим шаардлагатай боловсон хүчнийг сургаж, мэргэшүүлэх тал дээр ч хамтран ажиллах юм.
Эцэст нь хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах нь хувь хүний сэтгэл шингэсэн, энэрэнгүй үйлс байдаг. Энэхүү үйлсэд зүтгэж сэтгэл, оюунаа дайчлан ажиллаж байгаа төр захиргаа, төрийн бус байгууллагын үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагчид болон аж ахуйн нэгж байгууллага, хамт олон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй гэр бүлийн гишүүд Та бүхний ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсье.
-Ярилцсанд баярлалаа.