Л.Гүндалай: Надад эрүүгийн хэрэг үүсгээгүй
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайд дархан цаазат газар хууль бусаар барилга барьсан хэрэгт буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр гараад байсан. Тэгвэл энэ мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Гүндалай мэдээлэл хийсэн юм. Тэрээр хэлэхдээ “олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эрүүгийн хэрэгт үүсгэлээ гэсэн худал мэдээлэл цацагдаад байна. Надад цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэгт үүсгээд шалгаад байгаа юм байхгүй. Зохион байгуулалттайгаар гүтгэж намайг гүтгэж байна. Хэн хэвлэлүүдээр цацалуулаад байгааг ч би мэднэ. Намайг аль ч цагдаагийн газар, хэлтэс дээр дуудаагүй байна. Хэрвээ эрүүгийн хэрэг үүсгэсэн бол дуудах байлгүй. Бусдын яриад байгаа шиг барилгын компани, газар надад байхгүй. Миний төрсөн дүү Л.Баяндалайгаас иргэн н.Оюунгэрэл хоёр өрөө байр өг гэж нэхсэн байдаг. Дүү маань боломжгүй гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр нь миний нэрийг холбож, гүтгэх болсон. Би өнөөдрийг хүртэл тэвчээртэй хараад л сууж байгаа” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.