АРСЛАН: ИЙМ БОДОЛ БАЙНА
Ардчилсан чөлөөт нийгмийн үед хүмүүс өдөр бүр олон сонголтыг хийдэг. Сонголт бүр эрсдлийг дагуулна. Учир нь сонголт бүрийн хариуцлагыг хүн өөрөө л хүлээх хэрэгтэй болдог. Иймээс хүн сонголт, шийдвэр гаргахдаа ихээхэн эргэлзэж, өөртөө итгэж шийдвэр гаргахаас халширч, хэн нэгний үг, дэмжлэг, нөөлгийг эрэлхийлэх болсон.
Ийм ч учраас өнөөгийн манай нийгэмд шашин, сүлжээ бизнес, хэн нэгэн эдийн засагч эсвэл нийтлэлч гэхчийн үгэнд итгэн туйлшрах хандлага бий боллоо. Зүй нь яах ёстой вэ?! Социализмаас суралцах сайн зүйл байнаа. Улс орон даяараа нэгдмэл зорилготой байх. Иргэн бүр маш тодорхой зорилготой, үндэсний хэмжээнд хүрэх цэгийг төрийн, нийгмийн бүх шатанд ухамсарлан ойлгож чадах системийг хэлнэ. Энэ л одоогийн ардчилсан улсын иргэн бидэнд хэрэгтэй. Эрх чөлөөт нийгэм гээд шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байх хэрэг юун. Хөгжлийн төлөө бид зарим эрхээсээ татгалзах хэрэгтэй. Манайхан эрх чөлөө гэхээр юм бүрийг шүүмжилдэг, хэлсэнээсээ ухардаг, өөрт нь таалагдаагүй эсвэл өөрийг нь дэмжээгүй бол аливааг харлуулдаг, улс төржүүлдэг, түүндээ Монголчуудын хамгийн эмзэг цэгүүд болох хэт үндсэрхэг үзэл, ядуурлын буруутан гэгч хэзээ ч дуусахгүй, үл мартагдах сэдвийг ашиглах болсон. Иймд эрх чөлөө гэдэг шүүмжлэлээ хойш тавиад хөгжил гэдэг ажил руу ормоор санагдана. Яг л Сингапур, Малайз, БНСУ, Япон зэрэг орнууд шиг. Тэд хэт эрх чөлөөнөөс өмнө хөгжлөө тавьсан. Үүндээ ч өнөөдөр буруудсангүйг бид бэлэхнээ харж үр шимээс нь хүртэж байна.
Хүрэх хөгжлөө үндэстнийхээ хэмжээнд тодорхойлж чадсан бол түүндээ хүрэх замаа, аргачлалаа тодорхойлох хэрэгтэй. Нэгэнт хүрэх зам тодорхой бол бусад цаг зуурын популистуудын гаргасан, гаргахыг оролдсон жимүүд сорри. Бид өөрсдийн замтай, яарч явна. Мэдээж явах замд үүсэх зөрчилдөөн, түүнээс хохирч үлдэх цөөнхийн хэсэг олонхийн шийдвэрээ дагаад дэмжээд явах л асуудал. Түүнээс тэр энэ жимээр явсангүй гээд зам голлон алхах нэгнээ татах, чангаах, унагаахын тухай бишээ.
Харин нэгдмэл зорилго, хүрэх үр дүн бүгдэд ойлгомжтой, түүндээ бүх нийтээрээ гар бие оролцохын тухай юм. Ингэж чадвал эхлэлд хөндсөн иргэн хүн олон сонголтын өмнө толгой эргэн шийрэгнэх хэрэггүй болно. Монголчууд хаашаа та тийшээ. Хариуцлагыг нь хамтаараа, нийгмээрээ, үндэстнээрээ үүрнэ.
Асуулт байна. Та өнгөрөгч сонгуулиар сонгогдсон, одоогийн Парламент, Засгийн газрын чухалчлан гүйцэтгэх 10 ажлыг нэрлэнэ үү. Та хэдийг нэрлээд түгдэрсэн бэ? Аль нь таныхаар хамгийн чухал нь вэ? Таны сонгосон өнөөгийн төр, сонголтоо хийх үеийн төсөөллөөс тань хир зөрүүтэй байна. Та төрийн эрх барих дээд байгууллагад өөрийн санал, оролцоог оруулахдаа засаг нь 2 жил болоод парламентад олуулаа болсон тэдний олонхийн шийдвэрээр солигдоно, хөгжлийн тодотголтой мөнгийг аваад төсвийн зориулалтаар зарцуулна, долларын үнэ 1900 – д хүрнэ, дэлхийн эдийн засгийн хямрал болоход Монголчууд засаглалын хямрал ярьж байх болно гэхчилэн төсөөлж сонголтоо өгсөн бол та агуу. Ихэнх маань дээрхийн адил төсөөлж чадсангүй. Яагаад?! Намуудын сонгуулийн үед бидэнд амласан мөрийн хөтөлбөрөөс өнөөдрийн гүйцэтгэл төө битгий хэл тив зөрүүтэй болохоор тэр. Тэр бүү хэл намуудын юу гэж амласаныг нь мартсан нь санах нэгнийгээ биширмээр болсон. Зовлон тоочилгүй шийдэлд бодлоо хэлье.
Ийм байна. Бүх нийтээрээ, үндэстнээрээ ирээдүйд хүрэх үр дүн, хөгжлийн цэгээ ирэх 4 жилдээ маш тодорхой болгоё. Ингэхдээ популистуудаас ялгаатай, өгөөжтэй байх үүднээс үр дүнг иргэн бүр ойлгож чадахаар хэмжигдэхүйц байлгая. Тодруулбал дээрх < Иргэн та Монголчуудын хийх хамгийн чухал 10 ажлыг нэрлэнэ үү> гэх асуултанд бүгд түгдрэлгүй хариулж чадахаар асуудлаа тодорхой болгоё.
Тэгээд үндэстнээрээ хүрэхийг эрмэлзсэн үр дүнгийг минь аль нам, улс төрийн хүчин яаж хэрэгжүүлж чадах вэ гэсэн төлөвлөгөө, зах зээл, эдийн засгийн үндэслэлтэй тооцоолол, менежментийн зөв гэсэн шийдэлдээ иргэд саналаа өгч эрх баригч улс төрийн хүчнээ сонгоё.
Өөрөөр хэлбэл иргэдийнхээ санал, “мөрөөдөл” – г хэрэгжүүлэх нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр бодитойгоор болог. Ингэж чадвал манай төрийн аппарат, бүтэц популистуудын савраас ангижирч гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч, менежерүүдийн гарт очиж чадна.
Эцэст нь иргэн бүр чухалчлан гүйцэтгэх 10 ажлаа, үр дүнгээ мэдэх болохоор мянга популистууд, улс төрчид шоудлаа гээд иргэдийн даалгаварыг биелүүлж чадаагүй л бол сорри л болно. Ингэснээр ямар улс төрийн хүчин гарсанаас үл хамааран Монголчууд ижил үр дүн зорилгод хүрч, хөгжиж чадах болов уу.
“Эхлэл”- д үргэлжлэл бий.
2014.12.01