Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан "Түүчээ цаг..." үзэсгэлэн олон нийтэд үүдээ нэлээ
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан "Түүчээ цаг..." нэртэй Л.Хадбаатарын үзэсгэлэн өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үүдээ нээлээ. Уг үзэсгэлэнд уран зураач Л.Хадбаатар, Г.Нороврагчаа нарын хамтарсан бүтээлүүдийг олны хүртээл болгон дэлгэн тависан юм. Тус үзэсгэлэнд ардчиллын үе үеийн төлөөлөгчид болон Улсын Их хурлын Дарга З.Энхболд, ССАЖЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Одонтуяа, БОНХЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Оюун, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг зэрэг төрийн нэр бүхий албан тушаалтнууд ирж талархлаа илэрхийллээ.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь Монгол Улс социалист нийгмээс ардчилал руу тайван замаар шилжсэн үеийг харуулсан байна. Тодруулбал, 1989-1990 онд Сүхбаатарын талбайд өрнөсөн түүхэн үйл явдлууд болон уг тэмцэлд манлайлан оролцсон хүмүүсийг дүрсэлжээ. Зураач Л.Хадбаатар өөрөө Ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцсон хүмүүсийн нэг. Тиймээс Ардчилсан хувьсгалд оролцсон гэрч, мөн уран бүтээлчийн хувьд уг үйл явдлуудыг харуулсан бүтээл туурвисан байна. Л.Хадбаатарын дөрвөн жилийн хугацаанд туурвин бүтээсэн уран зургууд нь бидний хойч үедээ үлдээж буй бас нэгэн үнэтэй түүхэн баримт юм гэж тус үзэсгэлэнд ороцлсон хүмүүс ярьж байлаа.
Энэхүү бүтээлийн дээд хэсэгт 1989-1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалд манлайлан, тэргүүн эгнээнд амь бие үл хайрлан тэмцэж явсан МоАХ-ыг үүсгэн байгуулалцсан анхдагч гишүүдийнхээ төлөөллийг тэр үеийн залуу дүр төрөхөөр нь уран зурагтаа дүрсэлсэн бол бүтээлийн дунд хэсэгт нийслэл Улаанбаатар хотод өрнөж эрчээ авч байсан үйл явдлуудыг дэс дараатайгаар түүхчлэн бүтээсэн аж.
Тодруулбал "Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайхан, Н.Энхбаяр нар 1990.12.10 -ны өдрийн анхны цуглаан болон дараа дараачийн цуглаанууд, МоАХ-ны анхдугаар Их хурал дээр Д.Сосорбарамын гал цогтой итгэл тавьж байгаа дүр төрх, 1990.03.04-ний өдрийн сүрт жагсаалын нүргээнт чимээ, Ардчилсан хүчнүүдийн төлөөлөл болох МоАХ-оос Ц.Энхтүвшин, Ардчилсан социалист хөдөлгөөнөөс Р.Гончигдорж, Р.Хатанбаатар, Монголын оюутны холбооноос Д.Баясгалан, Шинэ дэвшилт холбооноос Д.Батсүх нар засгийн эрх баригчдад өргөх бичиг гардуулахаар явж буй агшин үйл явдлуудыг зуржээ.
Ингээд үзэсгэлэнгийн нээлтэнд оролцсон журмын нөхдийнх нь сэтгэгдлээс хүргэе.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд
Ардчилсан хувьсгалын ойг энэ жилийн 12 дугаар сарын 20-оос ирэх жилийн 12 дугаар 20-ны өдрийг хүртэлх нэг жилийн хугацаанд тэмдэглэн өнгөрүүлнэ. Өмнө нь Ардчилсан намын ой, Монголын ардчилсан холбооны ой гэж хоёр тусдаа болдог байсан бол энэ жилээс нэг л ой тэмдэглэдэг болсон. Энэ бол ардчилалд элэгтэй хүн бүхний баяр хэмээн онцлон тэмдэглэв.
ССАЖЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл
-Өнөөдрийн үзэсгэлэн хүмүүст дурсамжийг нь эргүүлэн авчирсан сайхан үзэсгэлэн болж байна. Зураачийн талаас бол 1990 онд энэ хүн ямар өөдрөг, ямар гэгээрлийг хүнд өгөх эрмэлзэлтэй эрч хүчтэй хүн бэ гэдгийг харах боломжтой. Л.Хадбаатар гэдэг хүний дотоод ертөнц бол их өнгөлөг, гэгээлэг юм байна. Мөн 1990 оныхоо дурсамжийг маш их өнгөлөг тээж явдаг ийм уран бүтээлч байна гэдгийг олж харлаа. Тухайн үед өөрөө ардчилсан холбооны бүхэл жагсаал цуглаан үйл явдлыг харж байсан. Харин тэдгээр хүмүүсийнхээ зан төрхийг маш сайн мэддэг учраас хүмүүсээ зурахдаа дотоод сэтгэл, тухайн үеийнх нь бэрхшээлтэй нь их өвөрмөцөөр зурсан байна. Ер нь зураач болгон 1990 оны зурахыг хүсэх байх. Гэхдээ яг 1990 оныхоо үйл явцад оролцож байсан хүний хувьд зурснаараа их ач холбогдолтой ойр дотно сайхан үзэсгэлэн болжээ.
Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав
- Ардчиллын төлөөх үйл явцад оролцож явсан улсууд ийм сайхан үзэсгэлэн гаргаж байгаад баяртай байна. 25 жилийн өмнөх үйл явдлыг тогойндоо бодож өнөөдөр үзэсгэлэнг гаргаж байгаа нь их онцлог болжээ. Ардчилсан холбооны гишүүдийн хувьд энэ үзэсгэлэн бол их үнэтэй, сонгодог бүтээл гэж ойлгож болно. Хоёр найздаа баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Уран зураач Л.Хадбаатар
- Үзэсгэлэнд минь ирсэн та бүхэнд баярлалаа. Үзэсгэлэнд минь журмын анд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй олон сайхан найзууд маань ирсэн байна. Энэ үзэсгэлэнг хийх санаа олон жилийн өмнө бодож байсан. Харин одоо биеллээ олоод үзэсгэлэнгийнхээ нээлтийг хийж байгаад баяртай байна.
ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг
Ардчилсан хувьсгалд манлайлан, тэргүүн эгнээнд амь биеэ үл хайрлан тэмцэж явсан анхдагч гишүүдийнхээ төлөөллийг ийм сайхан зургаар илэрхийлсэнд баяртай байна. Энэхүү үзэсгэлэнд олон сайхан журмын нөхдүүд ирж, өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаж байна. Энэ зургын үзэсгэлэнгээс "Хөх салхины үнэр" зурагийг илүү онцлон харлаа. Тухайлбал, 2014.10.12-ны өдөр Нийслэлийн хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн A/76 дугаар тоот тогтоолоор Биокомбинат дахь 12-р хорооны нутаг дэсвгэрт орших Баруун морин ууланд Соёмбот хөх тугийг хийсгэж байхаар шийдвэрлэсэн болно.