Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт Монголын мэс заслын эмч нарын Х чуулганд оролцов

2014 оны 11 сарын 28

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Монголын анхны мэс засалч В.Ичинхорлоогийн мэндэлсний 100 жилийн ой, Монголд дурангийн мэс засал үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд болж буй Монголын мэс засалч эмч нарын Х чуулганд өнөөдөр /2014.11.28/ оролцлоо.

 

Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Академич Н.Баасанжав чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Монголын мэс засалч эмч нар өнгөрсөн хугацааны алдаа, оноо, амжилт бүтээлээ дүгнэн хэлэлцэхээр Х чуулганаа зохион байгуулж байна. Монголын мэс засалчид өнөөдөр эд, эрхтэн шилжүүлэн суулгах болон нөхөн сэргээх хагалгаанууд, дурангийн мэс заслыг өдөр тутам хийж, судсан доторх мэс заслыг хөгжсөн орны түвшинд хүргээд байна. Мөн 10 гаруй орны мэс засалчидтай хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байгаа нь Монголын эмч нарын ур чадвар дэлхийн энтэй байгааг нотлон харуулж байна" гэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт "Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтад шинэчлэл хийж шаардлага бий. Тиймээс миний бие Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяатай хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зохион байгуулалтын тухай хуулийн төслийг санаачлан боловсрууллаа. Энэ хуулийн төсөлд эрүүл мэндийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сургалтын тогтолцоог олон улсын нийтлэг чиг хандлагын жишигт нийцүүлэн цогцоор нь өөрчлөх зохицуулалт оруулсан. Мөн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр тусгаад байна.  Бодлогын шинэчлэл хийх зорилгоор зарчмын томоохон өөрчлөлтүүд оруулж байгаа хуулийн энэ төслийг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн барих юм.

Даяаршиж буй дэлхий ертөнцөд анагаахын шинжлэх ухааны шинэ ололтууд хурдацтай түгэн дэлгэрч буй энэ цаг үед Монголын мэс засалч эмч нар хүн амд үзүүлж буй тусламж, үйлчилгээгээ дэлхийн түрлэгтэй чадварлаг хослуулж, олон улсын эрдэм шинжилгээний хамтарсан судалгааны орчинд идэвхитэй байр суурь эзэлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр өгөөжийг улам сайжруулж ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Мэс заслын эмч нар салбарынхаа алдаа оноог дүгнэн, шинэ технологи, олон улсын чиг хандлагын талаар зөвлөлдөхөөр хоёр жил тутам чуулган зохион байгуулдаг. Энэ удаагийн чуулганд Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Монголын мэс заслын эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Академич Н.Баасанжав болон албаны бусад хүмүүс оролцсон. Түүнчлэн мэс заслын дэлхийн чиг хандлагын талаар мэдээлэл солилцохоор АНУ, ОХУ, БНСУ-ын эмч, мэргэжилтнүүд, нийслэл, орон нутгийн төлөөлөл болох 300 гаруй эмч оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12893
0 эможи
keyboard_arrow_up