Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Хууль зүйн байнгын хороо дэмжлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2014.11.27/ хуралдан Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурц Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтыг үндэслэн өөрийн хүслээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд гаргасан юм.
Энэ асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, С.Эрдэнэ нар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, шударга ёсыг хангаж ажиллахад анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Үүний дараа Б.Хурцыг Авлигатай тэмцэх газрын дэд дарга үүрэг ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чөлөөлөхийг дэмжлээ.