128 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг арилжааллаа

ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны 5 дугаар сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж байв. Ингэхдээ банкуудын ирүүлэх хүүний саналын дээд, доод хязгаарыг бодлогын хүүнээс +/-2 нэгж хувь байхаар тогтоож байв. Арилжааны энэхүү төрлийн хувьд бодлогын зорилтот хүү нь арилжааны голч хүү байв. Энэхүү голч хүү нь дунд хугацаанд БХЗ-ын хүүг үйл ажиллагааны зорилт болгох суурь нөхцлийг бүрдүүлсэн юм. Харин 2011 оны 4 дүгээр сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг 4 дэхь хувилбараар буюу хүүний дээд хязгаар (бодлогын хүү)-тай, хэмжээг зарлахгүйгээр банкуудын ирүүлсэн саналыг таслах хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2013 оны 3 дугаар сараас эхлэн 7 хоногт 3 удаа буюу Даваа, Лхагва, Баасан гаригуудад арилжаалж эхэлжээ. Төв банк БХЗ-д тодорхой хэмжээний нөөц үлдээхийг зоривол арилжааны хэмжээг таслах бөгөөд бусад тохиолдолд банкуудын ирүүлсэн саналаар арилжааны хэмжээг тогтоодог байна. Монголбанк 1 долоо хоногтой 128 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0 хувь ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2014 оны арваннэгдүгээр сарын 19-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 298.6 тэрбум төгрөг болно.









