Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зүтгүүлэхийн цаад шалтгаан юу вэ?

АН дотроо олон фракциудаас бүрдсэн. Тэдгээрээс УИХ-д суудалтай гишүүдийн тоо, “хүн хүчээрээ” томд ордог нь “Алтан гадас”, “Шонхор” фракци юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорсны дараа нам доторхи фракциудын нөлөөлөл идэвхжиж эхлэсэн. АН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан “Алтан гадас” фракцийн тэргүүн Н.Алтанхуяг, өөртэй нь гол өрсөлдөгч “Шонхор” фракцийн тэргүүн З.Энхболдтой “тохиролцоонд хүрч” ҮЗХ-ийн хурлаар түүнд намын даргын суудлаа найр тавин өгснөөр, “Алтан гадас” –ийн хүн, Шинэчлэлийн ЗГ-ийн ХЭГ-ийн даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зүтгүүлэх асуудалд тэд санал нэгдсэн. Тэгвэл Н.Алтанхуяг АН-ын даргын суудлаараа өгөн байж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зүтгүүлэхийн учир юу бэ? Үүнийг ажиглагчид хэд хэдэн өнцгөөс харж, тайлбарлаж байна. Тухайлбал:
- Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгосноор өөрийн бодлогоо засагт үргэлжлүүлэх
- Шинэчлэлийн Засгийн газрын “унагахад” гар бие оролцсон өөрийн намын УИХ-ын гишүүдэд шинээр байгуулагдах засгаас “бялуу” хүртээхгүй байх
- Н.Энхбаяртай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах
- Өөрийгөө болон өөрийн зөвлөх, хамаатан садан, ойр тойрны хүмүүсийг авлига, төрийн өмч хөрөнгө шамшигдуулсан “хэргийг хав дарах”, улмаар тэднийг хууль шүүхийн байгууллагын хаалга татуулахгүй байх
- Шинэчлэлийн Засгийн газрын зарим сайдуудыг сайдын суудалд нь үргэлжлүүлэн ажиллуулах
- “Алтангадас” франкийн нөлөө хүчийг АН, засаг төрд хэвээр хадгалан үлдэх гэх зэрэг зорилгын төлөө гэж үзэх хүмүүс цөөнгүй байна.
Ямартай ч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр УИХ-д суудалтай намын бүлгүүдэд хүргүүлэхэд АН, МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл” зөвшөөрсөн бол МАН-ын бүлэг татгалзаад байгаа юм. Гэхдээ Н.Алтанхуяг болон АН түүнийг Ерөнхий сайд болгохын төлөө илүү их хүчин чармалт гаргаж, дахин дахин зүтгүүлэх нь ойлгомжтой харагдаж байгаа юм.









