Дараагийн ерөнхий сайд хэн байх вэ?
Ойрын өдрүүдэд улс төрийн эргэн тойрон дахь уур амьсгал нэлээдгүй халуун байна. Н.Алтанхуяг ерөнхий сайдын суудлаасаа огцорсноор түүнийг намын дарга хэвээр нь үлдээх үү, үгүй юу гэдэг асуудал яригдаж эхлэсэн.
Өнгөрөгч баасан гаригт эхлэсэн ҮЗХ-ны хурал хоёр өдөр үргэлжилсэн юм. Уг хурлаар намын дарга болоод ЕС-ын асуудлаар хэлэлцэхээс гадна Ерөнхий сайд нь намын дарга байх ёсгүй гэсэн асуудлыг дэвшүүлсэн. Энэ бол АН-ын ҮЗХ-ны шинэ дүрэм гэсэн юм. Гэтэл Н.Алтанхуягийн намын даргын бүрэн эрхийн хугацаа хоёр жилийн өмнө дууссаныг ҮЗХ-ны хурлын үеэр Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ “Н.Алтанхуяг намын дарга болоод 6 жил болж байна. Таны бүрэн эрхийн хугацаа хоёр жилийн өмнө дууссан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл АН дүрмийн бус даргатай байна гэсэн үг юм” хэмээсэн бөгөөд хариуд нь Н.Алтанхуяг “Амьдрал баян шүү дээ. Тэр дүрэм яах вэ би даргалчихъя. Ингэхэд миний охин хаана байна. Манай охин энэ хуралд сууж үзье гээд байсан” гэж хэлсэн нь хурлын гишүүдийн дургүйцлийг нэлээдгүй хүргэж “Энэ бол гэр бүлийн гишүүдийн хурал биш” гэх шүүмжлэл дагуулсан. Энэ нь Н.Алтанхуяг намын дарга биш учир дараагийн Ерөнхий сайдыг санал болгох, ҮЗХ-ны хурлыг даргалах эрхгүй гэдгийг сануулсан аж.
АН-ын бүлгийн зүгээс ерөнхий сайд хэн байх вэ гэдэг дээр томъёолол гаргаж УИХ дахь намын бүлгүүдтэй зөвшилцөлд хүрнэ. Өчигдөр үдээс өмнө хийсэн АН-ын мэдээллээр бол “ҮЗХ-ны хуралдаанаар намын бүлгүүдтэй хамтран ажиллах гэрээндээ өөрчлөлт оруулж АН-ыг УИХ-д суудалтай бүх намтай хамтран Засгийн газраа байгуулж, ИЗН, Шударга-ёс эвслээс гадна сөрөг хүчин болох МАН-тай хамтран гэрээ байгуулахыг зөвшөөрсөн” байна. Ингэхээр дараагийн ерөнхий сайд сөрөг хүчинтэгээ хэл амаа олчихдог хүн байх ёстой гэсэн санаа эндээс урган гарна.
-Л.ГАНТӨМӨР-
Олон нийтийн дунд ганцхан хүлээлт үүсч буй нь “Хэн дараагийн ерөнхий сайд вэ?” гэсэн л асуудал. Учир нь дараагийн засгийн газар хэдий чинээ хурдан бүрдэнэ төдий чинээ төрийн ажил цалгардахгүй. ҮЗХ-ны хуралдааны эргэн тойронд яригдаж буйгаар дараагийн ерөнхий сайдын суудалд Алтан гадас фракцын зүгээс УИХ-ын гишүүн Лу.Гантөмрийг санал болгосон байна. Энэ нь Увсынхны бодлого ч гэж үзэх талтай юм. Хэдийнээсээ Увс гэсэн тодорхойлолтоо улс төрийн үзэл бодлоос дээгүүр тавьсаар ирсэн тэдний хувьд Ерөнхий сайдад ч мөн өөрийн хүнээ зүтгүүлэх бололтой. Олонхийн саналаар нь Нэг Ардчилалынхан орж ирнэ гэсэн тооцоо бий.
Лу.Гантөмөрийн хувьд Японы Сэндай коллеж болон Японы Нагаока технологийн их сургуулийг тус тус төгссөн. Электроникийн инженер мэргэжилтэй. Тэрбээр “Сэтгэшгүй трейд” ХХКомпанийн дэд захиралаас УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга, Боловсрол,шинжлэх ухааны сайд болтлоо томилогдон ажиллаж байсан юм.
-Ч.САЙХАНБИЛЭГ-
Төрийн ордон дотор идэвхтэй өрнөж буй шивнээн бол ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг юм. Тэрээр Ардчилсан намдаа нэр хүнд сайтай, фракциудынхаа эв нэгдлийг хангаад ажиллаж чадах чадварлаг боловсон хүчин гэж намынхан нь төдийгүй улс төрийн хүрээнийхэн дүгнэцгээж байгаа аж. Хэрвээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдвол Шинэчлэлийн Засгийн газрын бодлого хэвээр үргэжлэх магадлал өндөр. Засгийн газрын хэрэг эрхлэх дарга байсны хувьд танхимынхаа бодлогыг цааш нь үргэжлүүлэх байх гэсэн таамаглалууд байна.
-Р.АМАРЖАРГАЛ-
Харин Шонхор болон МоАХ фракцын зүгээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг санал болгоод буй. Түүний хувьд Москва хотын Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль, Их Британийн Брэд Форд их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Цэргийн нэгдсэн дээд сургуулийн багшаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайд болтлоо дэвшин ажиллаж байсан туршлагатай юм. Эдгээр нэр дэвшиж буй гурван гишүүнээс Р.Амаржаргалын хувьд боловсрол болоод туршлагаар илүү. Мөн олон нийтийн дунд ч УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай гэсэн хүлээлт байгааг ч үгүйсгэх аргагүй. Учир нь түүний хувьд ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатайгаас гадна сөрөг хүчин болох МАН-тай ойлголцож чаддаг гэсэн яриа бий. Юутай ч эдгээр гурван гишүүнийг ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлж байгаа тухай яриа хэвлэл мэдээллээр цацагдаад эхлэсэн. Энэ долоо хоног гэхэд Ерөнхий сайдын асуудал хэлэлцэгдэж дараагийн засгийн газрыг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх нь төрийн ажлыг цалгардуулалгүй үргэлжлүүлэх нэн чухал гэдгийг энд онцолмоор байна.