Ерөнхий сайдад тунаж үлдэх нь хэн бэ?
Дараагийн Ерөнхий сайд хэн байх талаар сошиал ертөнцөд олон янзын таамаг дэвшүүлж, хэвлэлийнхэн өөр өөрийн хувилбараа гаргаж байна.
Гэхдээ энэ удаа зөвхөн засгийн тэргүүний суудалд хэн суух нь чухал төдий бус. Учир нь Ерөнхий сайдаар сонгогдох хүн айсуй сонгуульд АН-ыг удирдаж орох тул “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хандах биз. Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа эрхмүүд хэн нь хэн бэ гэдгийг олон нийт мэднэ, дүнгээ ч тавьж амжсан.
З.Энхболд, Ц.Баярсайхан, Г.Батхүү, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Баттулга, Д.Дорлигжав нарын нэр дараагийн Ерөнхий сайдаар томилогдох магадлал хамгийн өндөр гэгдэж байна. УИХ-ын дарга З.Энхболдын хувьд “Ерөнхий сайд болохгүй ээ” гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй ч тойргийн гадна үлдэнэ.
Харин МҮДН-ын Ц.Баярсайхан дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр хоёр удаа ажиллассан туршлагатай улстөрч. Элдэв ашиг сонирхлын зөрчилд нэр хутгалдаад байдаггүй түүнийг АН-ын дарга, Ерөнхий сайд байх зангарагтай гэж дүгнэх хүн цөөнгүй. Тиймдээ ч засаг тэргүүлэх магадлалтай хүмүүсийн жагсаалтад нэлээн дээгүүр бичигдээд байгаа юм.
Г.Батхүүгийн хувьд УИХ-ын дэд даргын алба хашиж байсан, гурван ч удаа Засгийн газрын гишүүнээр томилогдож төрд зүтгэсэн туршлагатай нэр нөлөө бүхий улстөрч. Энэ удаа Ерөнхий сайд болоход эсэргүүцэх хүн байгаа ч дэмжих хүмүүс илүү олон. Хийсэн юмтай, хэлэх үгтэй зангарагтай гэгддэг түүнийг дараагийн Ерөнхий сайд болно гэсэн хүлээлт байгаа нь олны хандлагаас харагдаж буй.
Р.Амаржаргалд Ерөнхий сайдын алба хаших нь шинэ зүйл биш. Тэр туршлагатай улстөрч. Тиймдээ ч дараагийн Ерөнхий сайдаар сонгогдох магадлал өндөр гэгдэх нь гайхмаар сонин биш. Болоосой гэсэн хүлээлт байгаа ч журмын нөхдийнхөө дэмжлэгийг авч чадах эсэх нь харин эргэлзээтэй байж мэднэ.
Э.Бат-Үүлийн хувьд Улаанбаатар хотын дүр төрх, нийслэлүүдийн амьдралыг хуйгаар нь өөрчлөх сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхээс нааш хотын мээрийн суудлаа орхивол карьер нь дуусах тул хоёр жил орчим засаглах Ерөнхий сайдын албыг нэг их сонирхохгүй л болов уу.
Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Д.Дорлигжав нарын хувьд Ерөнхий сайдад нэрээ “явуулах” нь бодлогын чанартай. Тэднийг Ерөнхий сайд болохыг тэртэй тэргүй масс хүлээн зөвшөөрөхгүй, гэхдээ л жагсаалтад нэр нь дуулдаж байх нь тэдэнд ашигтай.
Х.Баттулгын тухайд аль эртнээс намын дарга болох хүслээ дарж чадахгүй янз бүрийн тоглолт үзүүлсээр яваа. Гэвч ҮЗХ-ны гишүүдээс олонхийн дэмжлэг авч чадахгүй нь тодорхой тул ямар ч хор найруулаад нэмэргүй биз.
Эндээс харахад өдгөө Ерөнхий сайдын суудалд суух магадлалтай хэмээн “марафон”-д сойгдоод байгаа эрхмүүдээс туршлага, зангараг, байр суурь гээд олон талаараа яалт ч үгүй Ц.Баярсайхан, Г.Батхүү нар тунаж үлдэх нь тодорхой. Нэг ёсондоо “үзүүр, түрүү”-нд үлдэх хоёр гол өрсөлдөгч нь тэд гэж хэлж болно. Яг одоо нэр нь яригдаж, таамгийн гол бай болж байгаа эрхмүүдийн хэн нь тунаж үлдэхийг магадлалаар жишихэд нэг иймэрхүү.
Х.Жаргал