Дараагийн Ерөнхий сайдад “Алтан гадас” фракцийн “ Гурван өндөрлөг” өрсөлдөх нь

2014 оны 11 сарын 06

“Мал малладаг хүнийг малчин гэдэг юм чинь архи үйлдвэрлэдэг хүнийг архичин гэх үү” гэж балчир хүүхдийн гэнэн асуулттай таарч байв. Харин үүн шиг гэнэн сонголтыг АН-ынхан дахин бүү хийгээсэй. Ерөнхий сайд огцров уу, үгүй юу, бараг суудал нь халуухнаараа байхад харц буруулж, “хор найруулж” эхлэв бололтой. Өнөөх мөнх хөх тэнгэр лугаа тахиж байсан тойрон хүрээлэгчид өөрсдөө горьдчихсон нааж явах жишээтэй.

Дараагийн Ерөнхий сайд хэн бэ. Энэ асуултаа 24 цагийн дотор л залхчихлаа. “Женко” Х.Баттулга “Би лав биш” гэсэн. Тэгээд ч “масс”-т таалагддаг ч нам дотроо дэмжлэггүй, “хөлгүй, гаргүй, хуруугүй” болохоор энэ бүхнээ нөхөх гэж баахан “протез” буюу хуурамч, хоёр нүүртэн олоод авбал өөрт нь нэмэр болохоосоо нэрмээс болно. УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайдыг огцруулахын эсрэг кноп дарж шоудсан нь намын эв нэгдэл, гурван өндөрлөг хоорондоо зөрчилдөж болохгүйг харуулж байгаа юм гэж тайлбарлагдах байх.

Мөн тэрбээр “Дараагийн Ерөнхий сайд болохгүй” гэж ичингүйрэн мэдэгдсэн. Түүнд өөрийг нь хүлээж авахгүй байх гэсэн мэдрэмж төрснөөс ийнхүү олон жилийн хүсэл мөрөөдлөө тэвчин мэдэгдсэн нь энэ. Гэвч “нам түүнд итгэл хүлээлгэвэл” гэдэг нэг мэх бий.

Ингээд хамгийн шанстай нь “Алтан гадас” фракциас болж явчихав. Тус фракцийн нэр хүнд шалан дээр уначихсан харагдана билээ. Гэвч гол санхүүжүүлэгчид нь “ичих булчирхай" гэгч огт хэрэггүй, илүү эрхтнүүдээ тайраад шидчихсэн “хүнд гарууд” байдаг юм. Тийм ч учраас Ерөнхий сайдыг огцруулах асуудлын сургаар буруу харчихдаг хүн муутай байдал ажиглагдсаар ирсэн. С.Баярцогт л гэхэд “Эдийн засаг сүйрлээ. Ийм үед Үндэсний эв нэгдлийн Засгийн газар л байгуулбал авардаг. Манантъя” гэж өнгөрсөн тавдугаар сард чуулганы нэгдсэн хуралдаан дээр хашхирч байсан. Түүнийг шинэчлэлийн Засгийн газарт багтаахаар дөрвөн баг Ерөнхийлөгчид бараалхсан ч нэг нь ч хүлээн зөвшөөрүүлж ч”даагүй" гэх яриа Н.Алтанхуягийн Засгийн газрыг анх бүрдүүлж байхад л дуулддаг байв. Түүнээс хойш Засагт өстэй, цээжиндээ “цэр”-тэй л яваад байсан. Харин одоо тэр оффшор дансаа мартахаа больсон байх. Магадгүй алдаа дутагдлаа засчихлаа гээд Ерөнхий сайдад санаархаж яагаад болохгүй гэж. МАН дотор тэр том дэмжлэгтэй, олон найзтай. Оюутолгойгоос татвар төлөөсөө “найраа хийж байгаад” ч хамаагүй авч чадна. Бүр болохгүй бол дэлхийд байхгүй олон хувьсагчтай модулиараа толгойг нь эргүүлж байгаад мад тавина. Н.Алтанхуягийн үлдээсэн өв болох энэ их өрийг тэр л дарж чадах бус уу.

Дараагийн кандидат нь Г.Батхүү. Олон жил элдвээрээ хэлүүлж “Алтан гадас” фракцийнхныг тэжээлээ хэмээн хуурай агсам тавьж санасандаа хүрч сарвайснаа авдаг тэр АН дотор яах аргагүй том хүн. АН-ынхан ч өгөгдсөн боломжоороо хамгийн том даргын тамгаа хадган дээр тавьж барьсаар муу занд сургачихсан юм. Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллах хугацаандаа “Ордны хуйвалдаан” гэгчид оройлон орж байсан тэр нэгэн гунигт түүхэнд журмын нөхөд нь гомдож явдаг. Учир нь тэр хуйвалдааны үр дүнд АН 2000 оны УИХ-ын сонгуульд ялагдсан. Энэ удаад ч түүнийг хуйвалдаанд оролцсоныг ч, эс оролцсоныг хэн ч баталж чадахгүй шүү дээ.

Ямартай ч тэр “жирийн гишүүн” байхаас залхсан нь анзаарагдаад л байгаа. Тэрбээр Засгийн газрын шинэ бүтцэд багтая л гэвэл Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан туршлагатай гээд зүтгэсэн ч болно. “Архи үйлдвэрлэдэг юм чинь ХХАА-н сайд болно” гээд бархирсан ч дийлнэ шүү дээ. Хамгийн гол нь урд хөршийн удирдлагуудад үнэлэгдэж чадсан “Хамаг бүдүүн дарга”, “Хамгийн нааштай монгол улстөрч” гэдэгтэй хэн ч маргахгүй.

Саяхан Өвөрхангай аймгаар явж эгээ л Ерөнхий сайд аятай бүтээн байгуулалтын ажлуудтай нь танилцаж явсан гэдэг. Одоо бодоход эртнээс замаа засаж явсан ч байж болохгүй гэж үү. Яахав, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байхдаа Мардайн төмөр замыг “залгичихсан”-ыг нь эс тооцвол архийг уувал ядуурдаг, үйлдвэрлэвэл баяждгийг харуулсан “архичин” Ерөнхий сайдтай л болно биз.

Дараа нь нэг “Нэр цэвэр, гар цэвэр” залуу цэмцийгээд биеэ бэлдээд нуруугаа цэхэлж зогсчихоод “Ерөнхий сайд болмогцоо хэлэх үг”-ээ толинд харж байгаад бэлдэж байна гэнэ. Арай үгүй байлгүй дээ. “Сувгаа битгийн солиорой” гээд л мөнхийн бэлтгэлтэй байсан хөтлөгч асан хүн байна даа, юу гэж л бэлдээд зогсож байв гэж. Харин энэ удаад л Ерөнхий сайдын хамгийн гол хүн болох ЗГХЭГ-ын даргын ажлыг хийхдээ “сувгаа сольчихоогүй” бол түүнд өө сэв байхгүй. Тэгээд ч нуруулаг, царайлаг “өндөрлөг”-тэй байж үзмээр л байна шүү дээ. Гэхдээ өнөөх өрх бүрийн тооноор интернэт орж ирээд айл бүр компьютертэй болно” гэдэг шигээ “хулхидчихгүй” бол “дипломатчик” улстөрч яах аргагүй мөн. Харин эдийн засгийг өөд татаж, өр шир дарахын тухайд бол ёстой хэлж мэдэхгүй юм. С.Баярцогтгүйгээр барахгүй дэг ээ.

За нэг иймэрхүү л кандидатыг Н.Алтанхуягийг залгамжлах “Алтан гадасын кандидат” гэж тодорхойлчихоод ярьж яваа сурагтай. “Архичин”, оффшорчин, “хөтлөгч” гурвын аль нь энэ улс орныг өөд татаж эдийн засаг нь өсөлттэй, үр хойч нь өргүй байх юм бол доо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11528
0 эможи
keyboard_arrow_up