Нэг өдрийн дотор 32 хувиар унасан хувьцаа

2014 оны 11 сарын 05
 
Сэрэмжлүүлэг №1
Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд 
нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, 
гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая!

Энэ бол УИХ-ын гишүүний тангараг, Харамсалтай нь ...

Хувьцааны уналт

Хонгконгийн бирж дээр MONGOL MINING (0975.HK) кодоор бүртгэгдсэн хувьцааны үнэ 10 сарын 31-ний Баасан гаригт 32.04 хувиар уналаа. Энэ бол бидний хэлж заншсанаар Ухаа худаг, олон улсад бол Mongolian mining corporation гэх компанийн хувьцаа юм. Биржийн түүхэнд ганцхан өдрийн дотор хувьцааны ийм огцом уналт үзүүлэх нь өдрийн од мэт тохиолддог ховор үзэгдэл билээ. “Нарийн төмөр зам тавингуут бүх зүйл сайхан болно” гэх үлгэр жаргалтайгаар өрнөсөнгүй. Үлгэрт өгүүлснээр бол Ухаа худгийн хувьцаа ингэтлээ унах ёсгүй, эсрэгээрээ өдий хэмжээгээр суга өсөх ёстой биш билүү.

Эх сурвалж: charts.reuters.com



Уналт юунаас болов?

Үлгэрийг үнэмшилтэй болгохын тулд УИХ-аар Ухаа худгаас улсын хил хүртэл нарийн төмөр зам тавих шийвэр гараад яг 7 хонож байхад л өнөөх итгэж найдсан “хөгжлийн галт тэрэг” нь Ухаа худгийнхныг орхиод хурдалчихав уу гэмээр үр дүн өглөө. Нарийн төмөр зам тавингуут л хөгжөөд, тасраад явах онолыг баримтлагчдын хүлээлт худлаа байсан нь түрүүчээсээ илрэв бололтой. Уг нь хятадын “хөгжлийн галт тэргэнд амжиж суухыг” шавдуулсан суртал УИХ-ын шийдвэрт голлох нөлөөг үзүүлсэн юм. Монголд MMC хувьцааын уналтын талаар хэн ч мэдээлсэнгүй. Bloomberg мэдээгүй царайлж, eagle news дуугаа хураав.

УИХ-ын 2014 оны 10 дугаар сарын 24-ний Баасан гаригын нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон 51 гишүүний 43 нь буюу 84.3 хувь нь дэмжсэн. Энэ тогтоолд Тавантолгой-Гашуунсухайт  чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн нарийн царигтай байхаар зааж, ингээд л гацаанаас гарлаа хэмээн тунхаглаж, “итгэл үнэмшлээрээ” саналаа өгснөө гайхан бахдацгааж байлаа.

Гэвч хүлээлтээс огт өөр үр дүн гарав . Энэ нь юунаас шалтгаалсныг шинжиж үзэцгээе. Нарийн төмөр замтай замгүй хувьцааны өөрөөр хэлбэл монголын нүүрсний үнэ цэнэ ийм уналттай тулгарах нь зайлшгүй байжээ. Учир нь энэ уналтыг өдөөж байгаа гол хүчин зүйл нь төмөр замын цариг биш, хятад улс нүүрсний импортод таагүй хандаж 3-6 хувийн татвар тавьсан явдал юм. Ийм татвар тавигдсан цагт ганц худалдан авагчтай монголын нүүрс ямар царигтай замаар зөөхөөс хамааралгүйгээр уналтад орох байсан. 

Хувьцааны үнэ унаснаар Ухаа худгийн уурхайн хяналт монголчуудын гараас мултарч эхэллээ. Хятадууд энэ уурхайд хяналтаа ихэсгэх тусам байдал улам дордох болно. Импортын татвар зөвхөн бидний хүсэлтээр цуцлагдахгүй нь тодорхой. Тэгвэл ийм татвар бий болгосны утга учир алга болно. Хятадад нүүрс нийлүүлэгч гол хоёр улс, Индонези, Австрали чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар импортын татвараас чөлөөлөгдөх гэж байна. Бидэнд ийм боломж бараг байхгүйтэй адил. 

Нөгөө талаар энэ бол олон жилийн өмнөөс “нүүрс үнс болох цаг ирнэ” гэж ёрлож байсны дагуу л ирсэн үр дүн. Яагаад гэвэл бид нэг худалдан авагч, нэг зах зээлээс хамааралтай байхыг үргэлж мөрөөдөж, тэмүүлж ирсэн. Ганцхан худалдан авагчтай байх нөхцөлд нүүрс байтугай алт ч үнс болох нөхцөл бүрддэг.  Энэ бол наймаа хийж үзсэн хамгийн тэнэг хүн ч урьдчилан хэлж чадах үр дүн байсан. Маш олон удаа сэрэмжлүүлж хэлээд, шаардаад, эсэргүүцээд бараагүй. Заавал алдаж байж ойлгох ёстой л байж дээ. Одоо илт харагдаж байгаа зүйл бол Ухаа худгийн араас том Тавантолгой үнэгүйдэж, харийнхны гарт зүйрлэшгүй хямдаар орно. Тэгээд “үнсний” үнээр нүүрсээ нийлүүлэх ёрлол бүрэн утгаараа хэрэгжих болно. 

Нэг худалдан авагчаас хамааралтай байхаар яах вэ?

Эдийн засаг, улс төрийн хамаарлын талаар манайдаа л хамгийн айхтар мэдээлэлтэй нийтлэлчид болох Баабар, Д.Жаргалсайхан нар Науру гэж арлын улсын талаар хоорондоо 4 жилийн зайтайгаар сургамжит нийтлэлүүд бичжээ.  

1968 онд тусгаар тогтносон, 5 мянган хүнтэй бүгд найрамдах Науру улс Баабарын гайхлыг барж байх 2010 оны үедээ нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлэх маяг орчихсон байж. Харин 2014 оны намар Д.Жаргалсайхан “Науру улс нь төр засгийн ажиллагсдынхаа цалинг ч тавьж чадахгүй, сургууль, эмнэлэг нь үүдээ барьж, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээг нийлүүлэхээ зогсоох болсон тухай тус улсын Сангийн сайд Дэвид Адеан өнгөрсөн долоо хоногт зарлав” хэмээн халаглан бичсэн билээ. http://jargalsaikhan.niitlelch.mn/content/6422.shtml   Науругийн түүх Баабар “Науру арлын амьдрал манай ирээдүйн проекцлосон жижиг загвар юм биш үү?” хэмээн зөгнөсөн бол өнөөх нь “Науругийн Засгийн газар Австралийн "ВестПак" банкинд буй данснаасаа гүйлгээ хийж чадахгүй болоод” байгааг хачирхав. http://baabar.niitlelch.mn/content/1196.shtml    Хомо Наурус  
 
Шалтгааныг нь Баабар “Науру хүн буй болгодог гол буруутан нь цорын ганц худалдан авагч-тэжээгч нь байдаг. ...науручуудыг фосфорит худалдан авагч Австралийн Засгийн газар... буй болгожээ” хэмээн таамагласан нь үнэнд дөхөж байна.  Д.Жаргалсайхан Сиднейн их сургуулийн профессор Жон Коннелын хэлсэн үгээр шалтгааныг тодорхойлсон. "Науругийн өнөөгийн байдал бол эмгэнэл төдийгүй тус улсын удирдлагууд олон арван жилийн турш ганц худалдан авагчаас салах хөгжлийн ухаалаг бодлого гаргаж чадаагүйн үр дагавар"

Ганц худалдан авагчтай байхаар юунд хүрдгийн өөр нэгэн жишээ. Тажикистан улс саяхан 1500 кв.км газар нутгаа зээлийн өрөнд суутгуулж, хятадын мэдэлд шилжүүллээ. Горно-Бадахшаны Мургаб гэх нутаг нь байгалийн ихээхэн нөөцтэй аж. Гэхдээ олборлолтын нөхцөл нь тун хүнд бөгөөд эндээс гарах баялгийн цор ганц худалдан авагч нь БНХАУ юм. Тиймээс өөр худалдан авагч олж чадахгүй байгаа Тажикстан Бээжинд нэгмөсөн өгчихсөн нь дээр гэж үзсэн бололтой. Душанбегийн эрх баригчдыг Бээжин элбэг дэлбэг зээлээр  "эрхлүүлсээр" эцэст нь Тажикстаны газар нутгийн 5,5 хувьтай тэнцэх газар нутгийг салгаж Мургаб районд цэргээ байрлуулж дөнгөлөө. Одоо Хятадын хил Тажикстаны гүн лүү 20 км цөмөрч тогтоогдсон. Авсан газар нь 250 мянган хүнтэй, мал, ан амьтан, уул, ус, ой мод, үнэт чулуу, ашигт малтмалын том ордтой. Хятадын гол ашиг нь дээр дурдсан зүйлс бус харин Мургабт хяналтаа тогтоосноор Памирын өндөрлөг дэх цор ганц тээврийн судсыг барих болсонд байгаа юм. Ингэснээр Узбекистан-Афганистан-Тажикистан-Киргизийг холбосон наймаа, арилжаа солилцоог бүрэн хянаж, лалын тулгуур үзэлтнүүдийн хандыг дарах боломжийг олж авчээ. http://www.inet.mn/?vfile=13&vmet_id=68887&vmet_main=6362&vt&vl&vdate&vofile=5&left=yes&vpage / Тажикстаны хувь тавиланг бид давтах уу /

Бусдыг хөөрхийлөх ч дүүрч, одоо бидний хөөрхийлүүлэх ээлж ирэв бололтой. South china morning post гэх Kerry группын нөлөөний сонин “Таван толгойн 51 хувийг MMC авах нь гарцаагүй” гэх бардам мэдэгдэл хийж, MMC-ийн хямдарсан хувьцааг хятадуудаас өөр сонирхох тал байхгүйг онцоллоо. Энэ бүхэн алсдаа  Тавантолгой хавь Тажикстаны Мургабын замаар орох урьдач нөхцлийг бүрдүүлж мэдэх төлөв гарч байгааг сануулж хэлэх байна.

Цаашдаа яах вэ?

Одоо харамсаад ч яах билээ. Нэгэнт нарийн төмөр зам, түүхий эд зөөх мухар зам тавих шийдвэрийг УИХ батласан хойно юу хэлэхэв. Илүү их хохирол амсахгүй гэвэл төмөр замаа зээлээр тавьж болохгүй шүү гэдгийг л сэрэмжлүүлье. 

Хүссэн юм нь хүзүүгээр нь татсан болохоор хятадын худалдан авагчдыг “нарийн төмөр замаа өөрсдийнхөө хөрөнгөөр тавиад, түүгээрээ зөөсөн нүүрснээс импортын татвар авахаа боль” гэж хүсэх л хамгийн зөв зам байх болно. 

Нарийн төмөр зам тавихаар шийдсэн нь бодлогын асар том алдаа болсон нь долоо хонолгүй илэрч байхад үүнтэй эн зэрэгцэх дараагийн том алдаануудыг УИХ гаргах гэж байгаад одоо анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гадаадын иргэн 100 хүртэл жилээр монголын нутгаас газар эзэмших эрхийг хуульчлан батлах гэж байгааг би энд цохон дурдаж байна. Энэ нь ямар үр дагаварт хүргэхийг дараагийн удаад шинжлэх болно. Түр баяртай.
 

              

Х.Баттулга
УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Энэ Засгийн газар гадныханд эх нутгаа дуудлага худалдаагаар худалдах хуулийн төсөл санаачилж байна. Энэ чинь юу болоод байна вэ...http://politics.news.mn/content/187103.shtml

Эх сурвалж: battulga.niitlelch.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11436
0 эможи
keyboard_arrow_up