“Нүүрс хөтөлбөрчид” 6.8 тэрбум төгрөгөөр Багануур ХК-иас худалдаж авсан нүүрсээ 19.9 тэрбум төгрөгөөр борлуулжээ

2014 оны 11 сарын 05

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын арваад хүнийг “Нүүрс хөтөлбөр”-өөс их хэмжээний мөнгө завсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Уг хэрэгтэй холбоотой АТГ болон Нийслэлийн прокурорын газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Хэргийг АТГ-аас 2014 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд арван хүнийг сэжигтэн яллагдагчаар татан шалгаж байгаа аж. Үүнээс зургаан хүнийг нь мөрдөн бацаалтын шаланд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд гурвынх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадуур шалгаж байгаа бол гурван хүнийг нь үргэлжлүүлэн хорьж байгаа юм.

“Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Багануур” хувьцаат компани, “МGLSB” компаниудын хооронд “Нүүрс худалдах, худалдан авах” гэрээг байгуулжээ.

Гэвч уг гэрээг байгуулахын өмнөх өдөр буюу 2014 оны аравдугаар сарын 31-ны өдөр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, “МGLSB” компанид менежерээр ажиллаж байсан М.Тулга нар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх аж ахуйн нэгж нь төлбөрийн чадваргүй, хөтөлбөрийг эхлэх боломжгүй гэсэн үг юм.

Тус компани санхүүжилтээ 2012 оны арваннэгдүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, гэрээний дагуу нүүрсээ авахаар болсон байна. Гэтэл тээвэрлэлтийн зардлын асуудал үүсэв. Төлбөрийн чадваргүй, хөтөлбөрийг эхлэх санхүүгийн эх үүсвэргүй “МGLSB” компанийн захирал Эрдэнэбулган УБТЗ-тай 2012 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр “Нүүрс тээвэрлэх гэрээ”-г байгуулсан байдаг.

“Багануур” хувьцаат компаниаснүүрсээ хүлээн авахдаа шигших, ангилуулах ажлыг өөрсдөөр нь гүйцэтгүүлэхээр тохирсон бөгөөд дээрх ажлуудыг ч хийлгэсэн байна. Нүүрсийг ангилж, шигшихтэй холбоотой нэлээд хэмжээний зардал гарсан бөгөөд зардлыг эхний ээлжинд 11 дүгээр сарын 1-ны өдөр байгуулсан гэрээний дагуу олгоогүй байна. Өөрөөр хэлбэл “Багануур” хувьцаат компани ангилж шигшсэний улмаас түлшний зардалд 399.3 сая, шигших технологийн түрээсийн хөлсөнд 62.9 сая төгрөгийн хохирол амсаад байгаа аж.

Эхний гэрээний дагуу нүүрсийг тонн тутмыг нь 27500 төгрөгөөр худалдан авахаар “Багануур” хувьцаат компанитай тохирсон бөгөөд гэрээний дагуу ажил явагджээ.

“МGLSB” компани ямар учиртай компани вэ

“МGLSB” компани анх 2010 онд байгуулагдсан бөгөөд Л.Гансүхийн найз нь түүний охинтой хамт аж ахуйн нэгж үүсгэн байгуулж байжээ. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан компани бөгөөд үйл ажиллагааныхаа чиглэлд 2010 оны аравдугаар сард өөрчлөлт оруулсан байна. Ийнхүү өөрчлөлт оруулахдаа “Нүүрсний жижиглэн худалдаа”-ны үйл ажиллагаа явуулна гэж нэмэлт оруулжээ. Ингээд 2012 оны аравдугаар сараас эхлээд Эрдэнэбулган гэдэг хүнийг “МGLSB” компаний захирлаар томилуулсан байгаа юм. Эрдэнэбулганы хувьд Л.Гансүхийг Байгаль орчны сайдаар ажиллаж байхад туслах хийдэг байсан аж.

Яагаад “МGLSB” компани “MGLSBD” компани болж хувирсан бэ

Явцын дунд “МGLSB” компаний анхны захирал, Л.Гансүх нарын хооронд санхүүгийн асуудал үүсч, цаашид үйл ажиллагаагаа хамтарч явуулах нөхцөлгүй болсон байна. Ингээд 2013 оны есдүгээр сарын 19 өдөр “MGLSBD” гэдэг компанийг шинээр байгуулсан. Түрүүчийн аж ахуйн нэгжийн нэр дээр D үсэг нэмээд шинээр аж ахуйн нэгж байгуулсан байна. “MGLSBD” компанийн захирлаар н.Даваахүү гэдэг хүнийг томилсон. н.Даваахүү бол Л.Гансүхийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад туслах хийж байжээ. Ингээд “MGLSBD” компани Багануур ХК хоёрын хооронд 2013 оны “Нүүрс худалдах, худалдан авах” гэрээг 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр байгуулсан байна. Ингэж байгуулахдаа өмнөх гэрээний адилаар 27500 төгрөгөөр нүүрсийг худалдаж авахаар болжээ.

Гэтэл есдүгээр сарын 27-нд уг гэрээг байгуулахаас өмнө Багануур хувьцаат компанийн ТУЗ наймдугаар сарын 8-ны өдөр хуралдаад 27500 төгрөгөөр нүүрсийг худалдах нь алдагдалтай тул тонн тутамд нь 39000 төгрөгөөр болгох шийдвэр гаргасан байна. Ийнхүү шийдвэр гаргасан байхад Л.Гансүх нар хүч түрж, ТУЗ-ийн дарга, Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал нараар ТУЗ-ийг дахин хуралдуулж, 27500 төгрөгөөр нүүрс нийлүүлэх шийдвэрийг гаргуулжээ.

“MGLSBD” компанийн менежерээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга гэгч ажиллаж байсан байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн санхүү хариуцсан ерөнхий нягтлангаар нь Л.Гансүхийн эхнэрийнх нь төрсөн дүүгийн охин ажиллаж байжээ.

2012, 2013 онуудад нийтдээ 249 мянган тонн нүүрсийг 6.8 тэрбум төгрөгөөр гэрээний дагуу Багануур ХК-иас худалдаж аваад 19.9 тэрбум төгрөгөөр борлуулсан байна. Үндэсний Аудитын газрын дүгнэлтийг АТГ-аас томилогдсон шинжээчид нягталж үзсэн байна.

 

“МGLSB” 3.2 тэрбум, “MGLSBD” 1.6 тэрбумын ашигтай ажилласныг Үндсэний аудитын газрын дүгнэлтээр тогтоожээ

 

“МGLSB” компани гэрээ байгуулахын өмнө “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-гаас 1.5 тэрбумын төслийн зээл авч, ажлаа санхүүжүүлсэн. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж анхнаасаа төлбөрийг чадваргүй, хөтөлбөрийг эхлүүлэх боломжгүй байсан бөгөөд төслийн мөнгөөр ажлаа эхэлсэн байна. Ажлын явцад 2012 оны арванхоёрдугаар 21-нд Засгийн газрын 204 дүгээр тогтоолоор гарчээ.

“Нүүрс” хөтөлбөрийг ажлыг дэмжих, ажилчдын цалин хөлс, бусад зардалд зориулж нийтдээ 854 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас олгохоор шийдвэрлэсэн. Тухайн үедээ дээрх мөнгийг гаргаагүй. 854 сая төгрөгийг гараагүй байхад 2013 оны наймдугаар сарын 25-ны өдөр “МGLSB” компаниас Даваахүү, Мөнгөнтуул нар хуурамч тайлан гаргаж, Л.Гансүхийн гарын үсэгтэйгээр ЗГХЭГ, Эрчим хүчний яам, бусад холбогдох газруудад хүргүүлжээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласны улмаас тус компани алдагдал хүлээж ажиллаж байна. Тиймээс санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэж хуурамч тайлан гаргаж хандсанаараа 2013 оны 9, 11 дүгээр сард нийтдээ 854 сая төгрөгийг гаргуулж авчээ.

Үндэсний аудитын газрын дүгнэлтээр 854 сая төгрөгийг зориулалт бусаар шаардлагагүй зүйлд зарцуулагдсан. “МGLSB”, “MGLSBD” компаниуд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд нийтдээ дөрвөн тэрбум 915.6 сая төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд 963 сая төгрөгийн хөрөнгийг бэлтгэж авсан байна гэжээ. Өөрөөр хэлбэл эдгээр аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажилласан гэх тайлан нь үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Тодруулбал “МGLSB” 3.2 тэрбум, “MGLSBD” 1.6 тэрбумын ашигтай ажилласан байна гэдэг нь Үндсэний аудитын газрын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Багануур хувьцаат компани шигших ангилах, жингийн зөрүүнээс алдагдал хүлээх болсон бөгөөд АТГ-ын шинжээчдын дүгнэлтээр 2.8 тэрбумын хохирол хүлээгээд байгаа юм байна.

Мөн шалгалтын явцад хэрэгт холбогдож байгаа хүмүүс дээрх аж ахуйн нэгжийн касс, харилцах дансуудаар ихээхэн хэмжээний мөнгийг баримтгүйгээр авч ашигласан үндэслэл давхар тогтоогджээ. Тиймээс асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11426
0 эможи
keyboard_arrow_up