Э.Бат-Үүл “Энэ төсвийн төслөөр явбал бүгдээрээ гудамжинд гарцгаана” гэв
УИХ-ын төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслийг дагалдан орж ирсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Дээрх асуудлыг өчигдөр ч, үүнээс өмнө ч чуулганы нэгдсэн хурлаар хэлэлцэж маргаан дагуулсаар буй. Тухайлбал Төсвийн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Боловсролын тухай хуульд нэгэн өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн. Энэ нь нэг сурагчийг сургахад зориулан төрөөс сургуульд өгдөг хувьсах зардлыг ялгаатай өгье гэсэн Засгийн газраас оруулсан санал нь үзэл баримтлалын хувьд хувийн сургуульд олгодог Засгийн газраас олгох санхүүжилтийн хэмжээг тухайн сургуулийн сургалтын төлбөртэй уялдуулан 20-80 хувь хүртэл таван үе шаттайгаар бууруулж, 2015 оны төсвийн төсөлд тооцсон санхүүжилтийг 1.6 тэрбум төгрөгөөр бууруулахаар болжээ. Тодруулбал, одоо санхүүжилт авч буй сургуулиудын 80 хувь нь хэвээр хувьсах зардлаа авах бол, таван саяас дээш төлбөртэй сургуулиудад 60 хувийн татаас, 10 саяас дээш төлбөртэй сургуулиуд 20 хувийн татаас өгөхөөр буй аж. Сөрөг хүчнийхэн “Ийм хэмнэлт хэрэггүй. Боловсролын салбарт хувийн хөрөнгө оруулалт хийх сонирхлыг үгүй болгож байна. Үндсэн хуулийн зөрчил ч гарч болохоор байна” хэмээн шүүмжилсэн юм.Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Арван саяын төлбөртэй сургуульд өгдөг мөнгө гэр хорооллын сургуульд өгдөгтэй адил байгааг өөрчлөхөд юу нь болохгүй байгаа юм бэ. Төлбөрийнх нь хэмжээнээс хамааруулаад ялгаатай өгөх нь Үндсэн хууль зөрчихгүй шүү дээ” хэмээн зүтгэсээр байна.
Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Харин бусад дөрвөн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төсвийн байнгын хорооны дарга болон салбарын сайд, ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулан хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан саналаа хэлэв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооноос дэмжлэг аваагүй Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл олонхын дэмжлэг авлаа.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх үеэр орон нутагт төсвийг захиран зарцуулах эрх шилжүүлж буйг сөрөг хүчний гишүүд мөн шүүмжилж байсан бөгөөд Ч.Хүрэлбаатар нар “Орон нутагт буй обьектуудаа санхүүжүүлэх боломжгүй, мөнгө нь хүрэхгүй болоод л та нар эрх шилжүүлнэ гээд байгаа биз дээ. 2015 онд улсын төсвийн орлого муудах үед төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж нийтийн биеийн тамир, боловсрол, эмнэлгийн зардлыг шилжүүлнэ гэж байгаа нь буруу. Боловсролын хуульд нэмэлт оруулах замаар энэ салбарт хувийн хэвшлийнхний оруулах хөрөнгө оруулалтыг хаах гэж байна. Тэдэнд мөнгө өгөхгүй гэж байгаа санаа л явж байна. Мөнгөгүй учраас л аймгуудад эрх шилжүүлнэ гэж байгаа биз дээ, мөнгө байсан бол эрх мэдэл шилжүүлэхгүй байсан л биз дээ. УИХ-аас обьект болгоныг санхүүжилтийн эх үүсвэртэй нь батлах ёстой гэсэн хуулийг зөрчиж болохгүй” гэж байв.
Мөн Төсвийн байнгын хорооны хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцон өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Энэ төсвийн төслөөр явах юм бол нийслэл хүнд байдалд орно. Энэ бол төсөвт маш том зарчмын өөрчлөлт авчирна. Хууль нь байхгүй байхад нийслэлийн суур зардлыг хянаад оруулаад ирлээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хууль зөрчсөн төсөв оруулан хэлэлцэх боломж байхгүй учраас ирэх нэгдүгээр сарын 1-нээс төсвийн дэг тогтохоос аргагүйд хүрнэ. Ингэвэл, цалин тэтгэвэр гээд бүхий л зүйл хамгийн багаар тооцогдож тавигдана. Ийм нөхцөлд бүгдээрээ гудамжинд гарцгаах болно” гэсэн юм.Тус байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн болон дэмжээгүй саналуудыг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орж хэлэлцэнэ.