З.Энхболд: Москва-Бээжинг холбосон төмөр зам тавигдвал манай улсад олон боломж нээгдэнэ
УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлалынхаа хүрээнд МОНГОЛ УЛС БНХАУ-Д ГАЗ ЭКСПОРТЛОХ УРТ ХУГАЦААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, НҮҮРСНИЙ ИМПОРТЫН ТАТВАРААС МОНГОЛЫН КОМПАНИУДЫГ ЧӨЛӨӨЛҮҮЛЭХ, ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛ УЛСААР ДАЙРУУЛАХ БОЛОМЖ,
МОСКВА БЭЭЖИНГИЙН ЧИГЛЭЛИЙН ХУРДАН ГАЛТ ТЭРЭГНИЙ ТӨМӨР ЗАМЫГ МОНГОЛ УЛСААР ДАЙРУУЛАХ зэрэг хэд хэдэн чухал асуудлаар хэлэлцэж санал солилцсон юм. Энэ талаараа УИХ-ын дарга З.Энхболд хэвлэл, мэдээллийнхэнд тодруулга ярилцлага өгсөн юм.
Та БНХАУ дахь айчлалынхаа үеэр БХАТИХ /Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал/ -тай байнгын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хэзээнээс эхлэн яригдсан бэ? Одоо биелэлээ олчихлоо. Хоёр улсын харилцаанд ямар өөрчлөлт гарах бол?
УИХ-аас энэхүү санамж бичгийг олон жилийн турш тавьсны дараа биелэлээ олж гарын үсэг зурлаа. 2013 оны 1 сард айлчилсан БНХАУ-ын парламентийн өмнөх дарга Ху Жин Тао-гийн үед хамтын аижллагааны хугацаагүй бичиг баримтад гарын үсэг зурж байсан. Одоогийн энэхүү санамж бичиг бол харилцан үүрэг хүлээсэн. Байнгын хороод нь хоорондоо харилцан холбоотой байх талаар жил болгон уулзаж хоёр орны хооронд тулгамдаж байгаа асуудлаар санал солилцоё гэх зэргээр бодитой ажлуудыг хийх төлөвлөгөөтэй юм. Өнгөрөгч онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсныг бодвол илүү ажил хэрэгч, хугацаатай, хариуцлагатай бичиг баримт гэж ойлгож болно. Гэрээний дагуу хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Ингэснээр парламент хоорондын харилцаа шинэ шатанд гарч байгаа.
Та Си Зиньпин даргатай уулзсан. Хятад улсын зүгээс манай тавьсан асуудалд нааштайгаар хандсан хэд хэдэн зүйл байгаа гэж байсан. Энэ талаар тодруулбал?
Хоёр орны хувьд харилцан ярилцаж хоорондоо тулгамдсан асуудлаа байнга шийдэж байх ёстой. БХАТИХ-ын дарга Си Зиньпинийн манай улсад 8 сард айлчилсан айлчлал үр дүнтэй болж аль аль нь энэхүү айлчлалд сайн үнэлгээ өгсөн. Энэ удаад 8 сарын айлчлалын үеэр хэлэлцээгүй үлдсэн асуудлууда сэргээн санал бодолоо солилцсон. Эрчим хүчний ерөнхий гэрээ болоод Монголд талаас тог, нүүрснээс гаргасан газыг худалдаж авах тухай ярилцсан. Мөн өөрөө санаачилж монголоос үхрийн болон хонины мах авмаар байна гэдэгээ илэрхийлсэн юм. Энэ асуудалд манай ХААЯ ажиллаад эхлэсэн байгаа. Хэрвээ энэ ажил урт хугацаанд үргэлжилвэл манай малчид тогтмол орлоготой болно гэсэн үг. Хонины мах бол экспортын зах зээлгүй удаж байгаа. Манайхаас мах нийлүүлэх тал дээр хүнсний стандарт болоод эрүүл ахуйн шаардлага зэрэг тавигддаг шаардлагуудад нийцүүлэх болно гэдэгээ илэрхийлсэн.
Нүүрсний импортын татвараас хөнгөлж өгөх саналыг та Си Зиньпин даргад тавьсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ?
Коксжсон нүүрсэн дээр 3 хувийн, эрчим хүчний нүүрсэн дээр 6 хувийн татвар тавьчихсан. Одоо хэрэгжиж эхлэх гэж байна. Манай улсын нүүрсний компаниудын ашиг орлого муудсан байгаа учраас энэ нь хүндээр тусч байгаа юм. Тиймээс нүүрсний зах зээлийг сайжрах хүртэл тодорхой хугацаанд нүүрсний компаниудыг чөлөөлж өгөхийг судлаж үзээч гэсэн хүсэлт тавьсан. Энэ тал дээр засгийн газрын холбогдох байгууллагуудыг уулзуулж боломжтой гарцыг судлах тухайгаа хэлсэн. Гэхдээ энэ бол хурдан шийдэгдчихгүй болов уу. Мөн хоёр талдаа их хэмжээгээр худалддаг бараануудаа татвараас чөлөөлөх тухай ярилцсан. Манай улсаас нийлүүлэх бараа Хятад улсын хувьд маш бага хувь эзлэнэ. Тиймээс татварын орлогод нь нөлөөлөхгүй байхаар хэлэлцээр хийхийг зорьж байгаа.
Улаанбаатар хотод бага оврын нүүрснээс шатдаг хий гаргах үйлдвэр барих тухай яригдсан. Энэ асуудлаар тодорхой үр дүнд хүрсэн үү?
Уг нь бол энэ асуудлаар их том төлөвлөгөөтэй байсан юм. 16 тэрбум кубыг хамрах үйлдвэр барина гэж тооцоослон боловч 5 жил зарцуулахаар байгаа учир эхний ээлжинд хагас тэрбум куб жижиг үйлдвэрийг барих тал дээр санал нийлсэн. Ингээд эхний ээлжинд нийслэл хотынхоо утааг багасгах тал дээр ач холбогдол өгч ажиллахаар болоод байгаа. Энэ ажилд хоёр жил шаардагдана. Бээжин хот ч мөн адил агаарын бохирдлоор тэргүүлдэг учраас энэ асуудлыг Си Зиньпин даргын хувьд ойлгож, дэмжсэн. Монголд нүүрснээс шатдаг хий гаргаж авах төслийг Бээжин, Тянжинь зэрэг Хятадын зүүн хойд талын хотуудын агаарын бохирдлыг бууруулахад ашиглах юм. Агаарын бохирдлын асуудал Монгол улсын болоод Хятад улсын нэн даруй шийдэх ёстой асуудал болоод байгаа гэдэгт санал нэгдсэн.
Талын зам төслийн талаар айлчлалын үеэр ярилцсан. Хэрвээ энэ ажил нааштайгаар шийдэгдвэл бид заавал уул уурхайгаас мөнгө хүлээх шаардлагагүй болно. Эдийн засгийн болоод, хамтын ажиллагааны хувьд өндөр ач холбогдолтой байх болно гэсэн хүлээлт байгаа?
Хятад улсын зүгээс гаргасан санаачлага бол Торгоны зам гэж нэрийдээд байгаа эдийн засгийн бүсийг Орос, Монгол, Хятад гурван улсын хооронд байгуулъя гэж ярилцсан байгаа. Энэ бүсд төмөр зам, засмал зам, газын хоолой, нефьтийн хоолой, цахилгаан эрчим хүч гэх мэт шугамуудыг тавих талаар хөндөж ярьсан юм. Эхний ээлжинд баруун талаараа явуулах гэж байгаа шугамыг манай улсаар дайруулаач гэсэн санал тавьсан. Сая CNPC компанитай уулзахад Оросын газ фронт бол шийдвэрээ гаргачихсан. Хятадын талаас дараа, дараачийн газын хоолойг монголоор явуулах талаар бид нар ярилцаж үзэх нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлсэн. Баруун талаар явж байгаа хоолой бол Казахстан болоод манай улсаар дайралгүйгээр Оросын нутгаар дайрч байгаа. Хэрвээ манай чанх хойно байгаа Ховигтын ордоос газын хоолой тавихаар бол манай улсаар дайруулах нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай. Тухайн үед нь энэ талаар яриа хэлэлцээрийг сэргээж болно.
Байгалийн хийн хоолойг монголчууд их олон жил ярьсан. Яагаад бид хоёр улсын хоорондын яриа хэлэлцээрээс хоцорчихов?
Хоцрох тухай асуудал биш гэж бодож байна. Энэ асуудал Украйны үйл явдлаас үүдэн ОХУ байгалийн хийн хоолойгоо аль болохоор өөр улсын хилээр дайруулахгүй байхыг зорьсонд байгаа юм. Нөгөө талдаа ОХУ-ын хувьд Украйнд болсон үйл явдлаас болж сэрэмжлээд байгаа гэж ойлгож байна. Манай улсын хувьд хүн ам цөөтэй, аж үйлдвэр хөгжөөгүй учраас манай нутгаар хийн хоолой дамжлаа гэхэд хулгайлаад байхгүй. Монгол улс бол тайван орон. Үүрэг хүлээсэн бол биелүүлж чаддаг гэдэгээ ойлгуулах л хэрэгтэй юм. Энэ асуудалд бол манай улс Украйны хөлд үргэдчихлээ л гэж ойлгоод байгаа.
Төрийн тогтвортой бодлоготой учраас Хятад улс хөгжөөд байна гэж дэлхий нийт үзээд байгаа. Манай улстай хамтран ажиллахад манай улсын төр засгийн байдал тогтворгүй байдаг гэсэн зүйл дуулдах болсон. Төрийн тогтвортой байдлын талаар та ямар санал бодолтой байна?
Гадаад улстай харилцах харилцааны асуудалд Монгол улсын бодлого тогтвортой. Аль нэг нам солигдсоноор өөрчлөгдөөд байхгүй. Улс төрийн намууд бол өөр өөрийн бодлоготой байна гэж байхгүй. Нэг л гадаад бодлоготой байна. Тиймээс гадаад улстай харилцах харилцаан дээр төрийн бодлого тогтворгүй байх ёсгүй. Тийм байх ч боломжгүй юм. Хэн ерөнхий сайд, ерөнхийлөгч байна тэрнээс үл хамааран монгол улсын бодлого хэвээрээ байх ёстой.
Махны экспортын асуудалд Хятад улсын Монгол улстай хиллэдэг Хятад улсын баруун бүсийн Өрөмч аймаг манайхаас бэлтгэсэн мах авахаасаа илүү амьд мал худалдаж авах сонирхол илүү байдаг гэж байсан. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
Манай улс амьд малын экспорт хийх дургүй. Мах болгож өртөг шингээгээд янз өөр хэлбэрээр зарах сонирхолтой. Манай улсын мах комбинатын хүчин чадал энэ тал дээр бүрэн хангаж байгаа. Тиймээс бэлэн бүтээгдэхүүн гаргахыг илүүд үзнэ. Цаашилбал банш, бууз байж болох юм. Хаан Хүнс компаниар жишээ авч болно. Үүн шиг өртөг шингэх тусмаа манай улсад илүү ашигтай.
Монголын уул уурхайн салбарын 80 орчим хувь нь Хятадын компаниуд байдаг. Эдгээр компаниудын монгол дахь хууль эрх зүйн орчин, хуулийн зохицуулалтын тал дээр санал солилцож ярилцсан болов уу?
Манай уул уурхайн эрх зүйн орчин тогтворгүй байсан гэж хэлж болно. Ийм байдал нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Үүнээс хойш Ашигт малтмалын хуулиа өөрчлөөд лицензээ өгч эхлэж байна. Тогвортой, урт удаан хугацаанд мөрдөж ажиллана гэдэгээ амласан. Өмнө нь байгаль орчинтой хайр гамгүй харьцсанаас болоод УИХ бодлогоо чангалсан юм. Одоо бол дуртай газраа биш зөвшөөрөгдсөн газраа авдаг гэх мэтээр хамгаалалтууд хийж өгдөг болсон. Манай дотоодын эрх зүйн орчин өөрчлөгдөхтэй давхцаад түүхий эдийн үнэ унасан. Түүхий эдийн үнэ босч байж энэ салбар босно.
Петро Чайна компанийн хувьд монголд улсад хоёр ч газар газрын тосны олборлолт явуулж байна. Тэгэхээр энэ компанийн хувьд монголын талд тодорхой хэмжээний шаардлага тавьсан гэж байсан. Энэ шаардлага уулзалтын үеэр дурьдагдав уу?
Петро Чайна бол манай улсын нефьтийн салбарт хамгийн том олборлогч. Олон зуун ажлын байр гаргаж монголчуудыг ажиллуулж байгаа. Олборлож байгаа тосны Монголд оногддог мөнгө жил болгон өсч байгаа. 2005 онд ажлаа эхлэхдээ тэгээс эхлэж байсан бол өнөөдөр жилдээ 300-400 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг улсын төсөвт оруулж байгаа. Хамгийн том олборлогчийн хувьд олборлосон тосоо экспортлох зам, хоолой, нацосуудаа ажиллуулах цахилгаан гээд манай талаас үүрэг хүлээснийгээ биелүүлээгүй байна. Чойбалсангийн станцад өргөтгөл хийгээд тогоор хангаж өгнө гэснээ хэрэгжүүлээгүй байгаа. Арга буюу Хятадын нутгаас тог татаж байна. Бид гэрээ хийж амласан бол ажлаа гүйцэтгэдэг байх ёстой. Ажлаа гүйцэтгээгүйгээс болж Чойбалсангийн станц орлогоо алдаж байна гэсэн үг. Гэхдээ өргөтгөл хийгдсэний дараа монголын талаас тог татаж авах үүрэгтэй.
CNPC корпораци өөрийн хөрөнгөөр монголд төмөр зам тавих боломж нөхцөл байгаа эсэх талаар санал тавьсан. Үүнд манай улсаас ямар хариулт өгсөн бэ?
Ямар компани тавих нь чухал биш. Гол нь монголд тавьсан төмөр зам монголын өмч болох ёстой. Тухайн төмөр замаар нефьтээ зөөх нь тухайн төмөр замын өртгийг нөхөхөд хэрэгтэй юм. Бичигт, Хөөтийн замд тэдний компани холбогдох боломжтой. Бичигт, Хөөтийн зам Тамсаг орохгүй Матадаар явах учраас Тамсаг Матадын хоорондох 40 км замыг өөрсдөө тавих үүрэгтэй. Хэрвээ ашиглахаар болвол шүү дээ.
Та айлчлалын үеэр “Хөгжлийн галт тэргэнд бид ч гэсэн суухыг хүсч байна” гэсэн. Энэ талаар тодруулбал?
Өнгөрөгч 8 дугаар сард Хятад улсын ерөнхийлөгч Монгол дахь айлчлалынхаа үеэр хэлэхдээ “Хятад улс бол хөгжлөө хөршүүдтэйгээ хувцаалцах болно” гэж хэлсэн. Зүйрлэж хэлэхдээ “Хятад улсын хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг бүх хөршүүдээсээ урьж байна” гэсэн нь зөвхөн монголчуудад хандсан үг байгаагүй. Нийт хөршүүддээ хандаж хэлсэн. Хөршүүд дотроосоо хамгийн уртаар хиллэдэг буюу 4709 км хэмжээгээр манай улстай хиллэдэг. Тиймээс энэ хэлсэн үгнийх нь дагуу би айлчлалын үеэр “Москва Бээжингийн хооронд цагт 300 км хурдалдаг хурдан галт тэрэг тавиахаар болсон. Энэ нь манай Улаанбаатар хотоор дайрчихаасай. Бид ч гэсэн танай хөгжлийн хурдан галт тэргэнд суумаар байна” гэсэн санааг хэлсэн юм. Уг асуудлаар холбогдох байгууллагууд ажиллах байх. Энэхүү төмөр зам нь манай улсын оролцоогүйгээр тавигдана. Бид бол газрынхаа төлбөрийг аваад л суух юм. Хэрвээ энэ төмөр зам тавигдвал бид Москва болон Бээжинрүү хоног гаруйн хугацаатай зорчих боломжтой болно. Бизнесийн ч өндөр ач холбогдолтой юм. Манай улсын нэрлэсэнээр Талын зам. Хятад улсын хэлж байгаагаар Торгоны замын эдийн засгийн бүс юм. Нөгөө талаараа гурван улс дэд бүтцээрэээ нэгдэх юм бол манай улсад олон боломж нээгдэж байгаа явдал гэж ойлгож болно.