УИХ-ын дарга З.Энхболд "CNPC" корпорацийн үйл ажиллагаатай танилцав

2014 оны 10 сарын 29

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр /2014.10.28/ БНХАУ-ын CNPC корпорацийн үйл ажиллагаатай танилцаж, CNPC корпорацийн дэд захирал бөгөөд Петро Чайна компанийн Ерөнхий захирал Ван Дунзинтэй уулзалт хийв.

УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчдөд CNPC корпорацийн дэд захирал бөгөөд Петро Чайна компанийн Ерөнхий захирал Ван Дунзин тус корпорацийн газрын тос байгалийн хий дамжуулах хоолойн удирдлагын төвийг танилцууллаа. Петро Чайна компани нь 2005 оноос эхлэн манай улстай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд тус компани газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна нийгмийн хариуцлагын асуудалд онцгой анхааран ажиллаж буй болохоо УИХ-ын даргад танилцуулав.

УИХ-ын дарга З.Энхболд CNPC корпорацийн дэд захирал Ван Дунзинтэй хийсэн уулзалтын эхэнд, дагалдан яваа төлөөлөгчдийг танилцууллаа. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, хоёр талын худалдааг  2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын компаниудын хувь нэмэр их болохыг онцлов. Тэд уулзалтын үеэр байгалийн хий дамжуулах хоолой, газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн асуудал, Сайншандын боловсруулах үйлдвэр гэх мэт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 

Уулзалтанд УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг,  УИХ-ын гишүүн,  Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Сумьяабазар, УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга С.Ламбаа, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад төлөөлөгчид байлцав.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10947
0 эможи
keyboard_arrow_up