Засгийн газар Б.Билэгтийг ЦЕГ-ын даргаар буцаан томилох эсэх асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болов
Засгийн газрын шийдвэр дахин буруутав. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн 378 тоот тогтоол 2014 оны аравдугаар сарын 16-нд гарлаа. Нэхэмжлэгч Б.Билэгтийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний 258, 2014 оны наймдугаар сарын 28-ны 269 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн гаргуулах тухай Иргэний хэрэгт шүүх 2014 оны есдүгээр сарын 15-ны16049 тоот захирамжаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” арга хэмжээ авсан. Энэ захирамжийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл гомдол гаргасан байдаг. Шүүх энэ сарын 16-ны 378 тоот тогтоолдоо “Тус шүүхийн 2014 оны есдүгээр сарын 15-ны 16049 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай” хэмээн тогтоол үйлджээ.
Хамгийн гол нь “Энэхүү шүүхийг тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай” гэсэн байна. Ингэснээр ЦЕГ-ын даргаар Б.Билэгтийг буцаан томилох, мөн хууль зөрчин ажлаас халсан хугацаан дахь цалин хөлсийг нөхөн гаргуулахнь гэсэн ойлголт төрүүлсэн. Гэвч үнэн хэрэгтээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэлийн гомдлоор Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн 2014 оны есдүгээр сарын 15-ны 16049 тоот шүүгчийн захирамжийг хянаад Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх этгээд дахин энэ асуудлаар гомдол гаргахгүй байхаар эцэслэн шийдвэрлэлээ гэсэн үг аж.
Харин нэхэмжлэгч Б.Билэгтийн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14-ний 258, 2014 оны наймдугаар сарын 28-ны 269 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нөхөн гаргуулах тухай Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны I шүүхэд өнөөдөр шүүх хурал товлогдсон байв. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн зарим материалыг нягталж танилцах хүсэлт гаргасны дагуу шүүх хурлыг 15 хоногоор хойшлуулжээ.
Дашрамд дурдахад хариуцагч Засгийн газар үүний өмнөх Иргэний хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн 2014 оны есдүгээр сарын 15-ны 16049 тоот “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” захирамжийг гарсны дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл гаргасан тайлбартаа “Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан төрийн тогтвортой, тасралтгүй, хэвийн явагдах зарчмыг зөрчиж байгаагаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5 дахь хэсэгт зааснаар Цагдаагийн төв байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж буй”-г дурдсан байдаг. Тэгэхээр хууль бус томилгооны үр дагаврыг хариуцагч тал буюу Засгийн газар сайн ойлгож буйгаа шүүхэд гаргасан тайлбараас нь харж болно.
Ингээд Хөдөлмөрийн хуулиас гадна Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг тус тус зөрчин, ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Билэгтийг ээлжийн амралтаа эдлэх хооронд нь эзгүйчлэн “зайлуулсан” Засгийн газрын шийдвэр шүүхийн өмнө дахин буруутаад байгаа. Харин одоо Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл “сайтар нягтлах” 15 хоногийн хугацаанд дээрх “ялагдлуудаас” гарах ямар гарцыг хайж олох нь сонин байна.