Монгол, Хятадын парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар ирэх долоо хоногийн эхээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. Уг айлчлалтай холбогдуулан Монгол Улс, БХАТИХ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаарх мэдээллийг хүргэж байна.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон. Улмаар хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээжээ.
1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он), Эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ, хэлэлцээр байгуулагдсан.
Улмаар 1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний нэгдүгээр зүйлд: “Хэлэлцэн тохирогч талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж заажээ. Энэхүү гэрээ нь хоёр улсын одоогийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар.
Улаанбаатар хот.2014.08.21.
2003 оны 6 дугаар сард БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон. Мөн 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал ”Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-ийг байгуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр тал Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон. Уг айлчлалтай холбогдуулан зарлан хуралдуулсан Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголын ард түмэнд хандаж үг хэлсэн юм.
БНХАУ-ын дарга Си Зиньпин Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэв. 2014.08.22.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан хоёр тал 2014 оныг “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгож зарласан юм.
Монгол, Хятад хоёр орны парламент хоорондын харилцаа 1990-ээд оноос эрчимжиж Улсын Бага Хурлын дарга, БНМАУ-ын дэд ерөнхийлөгч Р.Гончигдорж 1991 оны 6 дугаар сард БНХАУ-д айлчилж БНХАУ-ын дарга Янь Шанкунь, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Вань Ли, орлогч дарга Пен Чун нартай уулзан хилийн боомтуудыг нээх, авто замын тээврийн харилцааны тухай хэлэлцээр байгуулсан байна.
1991 оны 9 дүгээр сард БХАТИХ-ын Үндэсний асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Ли Сюэжи, 1991 оны 12 дугаар сард БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга Ли Пэн тэргүүтэй Санхүү эдийн засгийн комисс, Дотоод хэрэг, хууль зүйн комиссын хамтарсан төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байсан түүхтэй.
Улмаар Монгол Улсын Их Хурлын дарга Н.Багабанди /1994/, Р.Гончигдорж /2000/, С.Төмөр-Очир /2002/, Д.Дэмбэрэл /2008/ тэргүүтэй төлөөлөгчид БХАТИХ-ын Байнгын хорооны даргын урилгаар БНХАУ-д албан ёсоор айлчилсан бол БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Цяо Шин /1997/, У Бангуо /2013/ тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын урилгаар манай улсад албан ёсоор айлчилжээ. Мөн Монгол Улсын Их Хурлын дэд дарга, БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга, хоёр орны парламентын Байнгын хороодын болон найрамдлын бүлгүүдийн дарга нар, Тамгын газрын удирдлагуудын түвшний харилцан айлчлал тогтмолжиж иржээ.
2013 он бол хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаанд шинэ хуудас нэмсэн жил байв.
Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо 2013 оны 1 дүгээр сарын 30-аас 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан айлчилсан нь БХАТИХ-ын Байнгын хорооны даргын 16 жилийн дараа Монгол Улсад хийсэн айлчлал байсан учраас хоёр тал өндөр ач холбогдол өгч ажилласан юм. Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурал, БХАТИХ хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санамж бичиг, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 60 сая юанийн буцалтгүй тусламж олгох тухай Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьсан Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төв лабораторийн төслийг хүлээлцэх акт зэрэг баримт бичигт гарын үсэг зурав.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 4 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд БНХАУ-д зохиогдсон “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д оролцов. Чуулга уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга, ХКН-ын тэргүүн Си Зиньпин, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай уулзаж шинээр сонгогдсонд нь баяр хүргээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
"Азийн төлөөх Боаогийн чуулга" уулзалтад оролцсон Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзаж ярилцав.
Бээжин.2013.04.09.
БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Сямба Пинцуог Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд хүрэлцэн ирэх үеэр УИХ-ын дарга З.Энхболд 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболдын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны Гадаад харилцааны хорооны дэд дарга Ван Гуочин тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 7 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлав.
Мөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын урилгаар БНХАУ-ын Түвдийн өөртөө засах орны Ардын Төлөөлөгчдийн их хурлын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Дуньжуданзэн тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 11 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав.
Харин 2014 оны 6 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны дарга, Намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ван Зюнь тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Шадар сайд Д.Тэрбишдагва нартай тус тус уулзав.
Монгол Улсын Их Хуралд Монгол-Хятадын парламентын бүлэг анх 1993 онд байгуулагдсан. Тус бүлгийн даргаар 1993-1996 онд УИХ-ын гишүүн Ч.Дашдэмбэрэл, 1996-2000 онд УИХ-ын гишүүн Т.Эрдэнэбилэгт, 2000-2004 онд УИХ-ын гишүүн Ц.Баасанжав, 2004-2008 онд УИХ-ын гишүүн М.Зоригт, 2008-2012 онд УИХ-ын дэд дарга Г.Батхүү нар тус тус ажиллаж байв. 2012 оны сонгуулиар УИХ-д байгуулагдсан Монгол-Хятадын парламентын бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга Р:Гончигдорж, дэд даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг, Д.Оюунхорол нар ажиллаж байна. Тус бүлэгт УИХ-ын 31 гишүүн багтдаг.
БНХАУ-ын парламент нь нэг танхимтай Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал юм. БХАТИХ-ын сонгууль 5 жил тутамд явагддаг. Сүүлчийн сонгууль нь 2013 оны 3 дугаар сард болсон. Одоогийн БХАТИХ нь 2979 гишүүнтэй. БХАТИХ-ын Байнгын хороо нь 1 дарга, 13 орлогч даргатай, 150 гишүүнтэй.