Э.Бат-Үүл: ТЕГ бол Н.Алтанхуягийн хувийн мөрдөх товчоо биш
АН, МАХН хоёрын дарга нар 2024 он хүртэл хамтарч ажиллах гэрээнд өнгөрсөн бямба гарагт байгуулсан. Үүнд маш олон хүн бухимдаж байгаагийн нэг нь Нийслэлийн Засаг дарга багаад Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл юм. Тэрбээр энэхүү гэрээг цуцлахын тулд шүүхэд хандана гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн гэрээний "нууц" заалт гээчийн талаар твиттерт жиргэсэн сэтгүүлчдийг ТЕГ-аас дуудаж байцаасан. Бид энэ талаар Э.Бат-Үүлтэй уулзаж, ярилцлаа.
-Сүүлийн өдрүүдэд АН-ын дарга МАХН-ын дарга нарын хооронд байгуулсан гэрээ олны анхаарлыг маш ихээр татаж байна. Тус гэрээний хавсралт “нууц” материал ил боллоо гэх мэдээлэл ч цахим ертөнцөд тарсан. Ерөнхий сайд энэ бүхнийг хуулийн байгууллагаар шалгуулна гэж мэдэгдсэний дагуу зарим сэтгүүлч Тагнуулын Ерөнхий газарт дуудагдаж байцаагдсан. Та энэ талаар мэдээлэл авсан биз дээ?
-Би энэ мэдээллийг сонсоод үнэндээ их гайхлаа. Намын даргын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, гэрээний хавсралт гэгчийг гаргаж ирсэн гэж үзэж байгаа бол үнэнийг тогтоолгохоор шалгуулах ёстой. Ингэх нь зөв. Гэхдээ Ерөнхий сайд өөрийн шууд харьяалалд байдаг Тагнуулын Ерөнхий газарт үүрэг өгч сэтгүүлчдийг дуудаж шалгуулсан нь буруу бөгөөд маш ноцтой. Тагнуулын байгууллага бол Н.Алтанхуягийн хувийн мөрдөх товчоо биш. Энэ алхам ардчиллын үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөөнд ч ноцтой аюул учруулна. Ийм жишиг тогтоож яасан ч болохгүй. Энэ чинь сонирхлын зөрчил үүсгэж байна. Энэ жишгээр бол би л гэхэд миний тухай хэвлэл мэдээллээр гарсан асуудлаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг дуудаад энэ мэдээллийг шалга гэж үүрэг өгдөг болох юм байна л даа. Ерөнхий сайд зүй нь өөрөөсөө хараат бусаар ажилладаг шүүх, прокурорт гомдол гаргаж шалгуулах учиртай.
-Тагнуулын байгууллага намуудын гэрээ тойрсон асуудлаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрхзүйн үндэсгүй гэж та үзэж байна уу?
-Тагнуулын Ерөнхий газар гэдэг бол хувь хүний биш Үндэсний аюулгүй байдлын тухай асуудлыг ярьдаг байгууллага. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнхөө нэр төртэй холбоотой асуудлаар үүрэг өгсний дагуу сэтгүүлчдийг шалгана гэдэг байж боломгүй асуудал. Монголын ардчилалд аюул учруулах ийм жишиг тогтоож болохгүй. Энэ хууль бус үйлдлийнх нь төлөө ТЕГ-ын дарга Б.Ариунсанг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ дээр шалгах хэрэгтэй.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын байгуулсан гэрээг хамгийн их эсэргүүцэж байгаа хүн бол та. Танай намын бусад фракцууд ч эсэргүүцэж мэдэгдлүүд гаргаад байгаа. Танай ҮЗХ хэдийгээр хуралдах юм шиг байна?
-Эрүүл саруул ухаантай л бол энэ гэрээ хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол дэндүү бусармаг үйл явдал гэж хэлэхэд ч багадана. Энэ гэрээг манай намын ямар ч фракц, гишүүд дэмжигчид дэмжихгүй нь ойлгомжтой шүү дээ. АН-ыг МАХН-ын барьцаа болгосон ийм гэрээг хүлээж авах боломжгүй. Ямар ч зохион байгуулалт хариуцлага байхгүй МАХН-д АН-ыг гэрээгээр барьцаалаад өгч байгаа юм. Бид энэ гэрээг шүүхэд өгч хүчингүй болгохгүй бол манай намын улс төрд маш аюултай цохиолт болно. Бид өмнөөс нь ичиж нүүрээ ч хийх газаргүй болж байна. Бид ҮЗХ –г яаралтай хуралдуулахыг шаардах болно.