Маргаашийн санал хураалтын ой санамж ирэх сонгуулийн “толь” байх болно
Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы маргаашийн хуралдаанаар хэлэлцэнэ. Тиймээс өнөөдөр орой үйл явдал, тэр тусмаа “хор найруулах” гэгддэг далд үйлдлүүд, нууц уулзалтууд нэлээд өрнөх төлөвтэй байна. Одоогоор УИХ-ын 35 гишүүн түүнийг огцруулах санал өгч байгаа гэх боловч уг асуудлыг АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар заавал хэлэлцэх ёстой гэсэн шалтаг хэлж хойш татах магадлалтай байгаа юм. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй ҮЗХ-ны “хатуу самар”-ууд Н.Алтанхуягийг амархан огцруулах нигууртай юм.
Ямартай ч урьдчилсан байдлаар маргаашийн нэгдсэн чуулганы хуралдаанаас УИХ-ын гишүүдийн “Хэн нь хэн бэ” гэдгээ харуулах учиртай. Наанадаж хэн нь Ерөнхий сайдтай ашиг сонирхлын зөрчлийн улмаас холбоотой болж кнопоороо барьцаалагдсан бэ. Хэн нь өөрийн гэсэн толгойтой вэ гэдгийг харах боломжтой. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах саналын томъёоллыг сайтар сонсож татгалзаж буй гишүүдийн нэрсийг анзаарч ирэх сонгуулиар санал өгөхдөө энэ ой санамжаа эргэн харахад илүүдэхгүй.
Уг нь зөрчсөн хуулийнх нь жагсаалт, төрийн албанд төрлийнхнөө залсан эрээ цээргүй үйлдэл зэргээс нь харахад Н.Алтанхуяг гэдэг хүн Ерөнхий сайдаар ажиллах наад захын ёс суртахууны чадамжгүй болсныг өнгөрсөн хоёр жилийн хугацаа харууллаа. Гэвч “хор найруулах”, “найраа”, “зөвшилцөө” зэрэг улс төрд байх ёсгүй хэрнээ хэдийнэ байр сууриа олчихсон үйл явцууд өнөөдөржин өрнөх шинжтэй байна.