Н.Алтанхуягийн гэрээний талаар Хэн,Юу хэлэв?
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг МАХН-тай хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн, байгуулсан асуудал улс төрийн амьдралд ЗӨВ ҮҮ, БУРУУ УУ гэсэн маргаан дагуулах боллоо. Тэгвэл энэ талаар хэн юу хэлсэн тухай хүргэж байна.
Өчигдөр МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа гэрээний талаар “Хувийн байр сууриа тухайн үед нь илэрхийлсэн. Ийм юм хийж болохгүй гэж. Үнэт зүйл талаас нь харвал игзаар /зэвүү,дургүй гэх захчин үг/ хүрэм. Залруулах биз” хэмээн жиргэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал: Энэ гэрээг үг дуугүй хүчингүй болгох хэрэгтэй
Ийм гэрээ байгуулсанд үнэхээр цочирдож байна. Намын тодорхой институт гэж байна л даа. Намын бүлэг, намын ҮЗХ гэх мэт. Гэтэл энэ асуудлыг огт хэлэлцэлгүй шийдсэн. Энэ нь намыг монополчилж, өмчилж байгаагийн нэг илрэл гэж харж байгаа. Хэрэв би андуураагүй бол намын дүрэмд өөр намтай гэрээ байгуулах асуудлыг Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж шийднэ гэж заасан. Ямар ч байсан энэ гэрээг үг дуугүй хүчингүй болгох хэрэгтэй. Үндэсний зөвлөлдөх хороо сүүлийн 3-4 жил хуралдаагүй байгаа шүү дээ” гэсэн юм. /"Ньюс" агентлаг/
УИХ-ын гишүүн Ц.Цолмон: Намууд цаашдаа гэрээгээр ажиллах соёлд суралцах хэрэгтэй
МАХН эвсэл байгуулсан МҮАН-аас нууцаар салж АН-тай гэрээ байгуулсан зүйл байхгүй. МҮАН, МАХН хоёр АН-тай байгуулсан гэрээнээс илүү урт хугацаанд хамтран ажиллах гэрээтэй. Тэр гэрээг үгүйсгэж, хүчингүй болгосон зүйл байхгүй. АН-тай гэрээ байгуулснаас болоод МҮАН-ын гишүүд маргалдсан, зөрчилдсөн асуудал болоогүй. Намын дарга намаа төлөөлж шийдвэр гаргадаг. Түүнийгээ намын бусад нөхөддөө ойлгуулдаг. АН-ын дарга Н.Алтанхуяг Удирдах зөвлөлөөрөө асуудлаа хэлэлцсэн гэж ойлгож байгаа. Энэ бол АН-ын дотоод асуудал учраас бид оролцож, өмнөөс нь тайлбар хийх нь зохимжгүй. Ер нь улс төрийн намууд гэрээтэй ажиллаж сурах шаардлагатай. Өмнө нь тэр намын дарга нар уулзаж гэнэ, тийм асуудал ярьж гэнэ гэдэг байдлаар л ярьдаг байсан шүү дээ. Харин ингэж албан ёсоор гэрээ байгуулсан нь олон улсын жишгээр бол нэг шат ахиж байна. /"Ньюс" агентлаг /
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Би 2 намын гэрээг бас Ерөнхий сайдыг 100 хувь дэмжиж байгаа” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн
Өчигдөр АН-ын бүлгийн зүгээс мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдэлд Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ: Нийслэлийн Ардчилсан нам мэдэгдэл гаргасан байсан. Э.Бат-Үүл дарга намын удирдлагуудын нэг. Хамтарч ажиллах гэрээтэй холбоотой тодорхой саналаа намын удирдлагуудад хаяглаж явуулах шийдвэрийг бүлэг гаргасан. Ардчилсан намын удирдлагад Ардчилсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн Ардчилсан намын дарга багтдаг. Хэрэв Ерөнхий сайд буруутай байгаа бол түүнийг нь нотлосны дараа хариуцлага тооцох нөхцөл үүсч болно. Ерөнхий сайдыг огцруулах тухай Ардын намын санал нь зохион байгуулалттай улс төрийн үйл ажиллагаа байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих боломжгүй” гэв. /medee.mn /
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: “Энэ Засгийн газар байгуулагдсан цагаас л Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн гадаад, дотоод хүчин зүйл хурдацтай муудаж байгаа талаар бид тухай бүрт нь шахалт, шаардлага тавьсаар ирсэн боловч Н.Алтанхуяг гэдэг улстөрч үргэлж хувь хүний зөрүүд, дураараа аашилдаг зангаар асуудлыг аргацаасаар өнөөдрийг хүрсэн.Энэ хүн Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бидний зүгээс төдийгүй Олон улсын банк санхүүгийн байгууллагуудын зүгээс удаа дараа өгч байсан анхааруулга, сануулгыг үл тоомсорлосоор ирсний балгаар өнөөдөр улсынхаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихээд байна. Тиймээс Ерөнхий сайдыг албан тушаалаасаа татгалзаж, нэр холбогдсон хэргүүдээ нэг бүрчлэн шалгуулах ёстой гэдэг байр сууринд хатуу зогсох болно” /medee.mn /
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: Н.Алтанхуяг суудалдаа үлдэхийн тулд долоон сайдаа золиослосон. Одоо АН-ыг золионд гаргах нь
АН-ын дарга Н.Алтанхуяг энэ сарын 18-нд МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсаныг нийслэлийн АН-ын гишүүд цочирдож хүлээж авсан. Өнгөн дээрээ Засгийн газартай хамтарсан “Шударга ёс” эвсэлтэй гэрээ байгуулсан мэт харагдавч цаанаа МАХН-тай далдуур улстөрийн тохироо хийсэн гэж үзэж байгаа юм. АН-ын хүчин төгөлдөр мөрдөж буй Үндсэн дүрэм бий. Намынхаа дүрмийг зөрчсөн, гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг хөсөрдүүлсэн, намынхаа үнэт зүйлсийг уландаа гишгэсэн туйлын хариуцлаггүй зүйл боллоо.
Хоёр, гурван сарын өмнө нээлттэй сэдэв байсан юм. Нээлттэй сэдвээр ямар улстөрийн хүчинтэй хэрхэн хамтарч болох вэ, эсвэл болохгүй юу гээд сэдэв чөлөөтэй байдаг. Гэтэл өнөөдөр гэнэт гарын үсэг зурагдаад хүчин төгөлдөр гэрээ болоод явчихлаа. Ер нь, манай намын дарга Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариуцлагаас мултарч, албан тушаалтайгаа үлдэхийн тулд увайгүй үйлдэл хийдэг болсон. Үүний тулд долоон сайдаа золиослосон бол өнөөдөр АН-ыг зослиосонд гаргахаар болчихоод сууж байна. / www.times.mn /