“Ац, дагз, суга” гурав улс орныг удирддаг гэхэд арай дэндэж байна

2014 оны 4 сарын 03

Фэйсбуук, жиргээчид гэж  тусдаа нэг ертөнц байх болж. Их л завтай, цагтай хүмүүс өдөржин,  шөнөжин элдвийн юм бичиж, зураг оруулж, амьдралаа хүүрнэж, хоорондоо хэрэлдэж, бусдыг шүүмжилж суудаг аж.  Дэлхий даяар энэ цахим ертөнц  нэгэнт хэрэглээ болсон ч  манайх шиг дийлэнх нь улс төржөөд байх нь үгүй.

Хэдийгээр манайд олон мянган хүн  бүртгэлтэй боловч хамгийн идэвхтэй голлон жиргэдэг нь бас тийм ч олон биш. Т.Сайнжаргал, Б.Бат-Эрдэнэ, Б.Цогтгэрэл, Гамп, Танхай эмээ, Бат инженер, Ситизэн, Марзан шарав   гээд голлох үүрэг гүйцэтгэж,  тархи угааж, дураараа бичиж, шүүмжилж суудаг нөхөд бий. Дээр нь жиргээний хаан, хатан өргөмжилж, тэднийгээ өдөр шөнөгүй элдвээр доромжилно. Заримынх нь хэл яриа хэрээс хэтэрсэн   бохир, бүдүүлэг. Монгол хэлний үг хэллэгийг ёстой нэг байхгүй болгоно доо. Тэд жиргэхдээ  ац, дагз,  суга гээд л хараагаад байдаг. Хэнийг ч юу ч гэж амныхаа зоргоор харааж, загнана.  Эсвэл нам эвсэл болж талцуулаад л амьтан хүн рүү дайрч дав­шилна. Салбарынхаа сайдад нүүр рүү нь хараад хэлж ча­даагүй үгээ жиргээгээр нэг тараана. Ойлголцоод шийдэж болох зүйлийг ч зориуд хов болгон цахим ертөнцөөр нэг  цацна. Ингэж хүн гүтгэж, доромжилсныхоо хариуцлагыг хэн ч хүлээхгүй.

Хүмүүсийг доромжлох ли­ценз авчихсан мэт л аашилдаг тэднээр элдвээр хэлүүлчихээд хэн ч хэл ам хийдэггүй. Зарим нь элдвээрээ хэлүүлээд чив чимээгүй ичээд зугтчихдаг бололтой. Тэдний хэл амаа билүүдэж, доромжилж суудаг гол бай нь улстөрчид. Улс орныг яаж удирдахыг сайн дураараа зааж зандарна. Тийм сайн бол УИХ-д өрсөлдөөд ард түмний олонхийн санал авч, улс орон удирдалцахгүй яасан юм гэхээр.

Дээхнэ үед хогийн Цогзолмаа гэж хүн байсан юм. Хуучцуул бол мэднэ дээ.  Хэн ч бай  түүнд хамаагүй. Нүдэнд нь  харагдсан нэг рүү л орчлонгийн хамаг муухай үгсийг  цуглуулж байгаад л хашгичдаг  байсан. Зайлуул тийм нэг муу зальтай   байсан юм.  Хүмүүс үр хүүхдийнхээ дэргэд хогийн Цогзолмаагаар элдвээр хэлүүлэхээс ичээд бушуухан холдохын түүс болдог байж билээ. "Чиний наад салтаанд байгаа чинь" гээд л эхлэхлээр хэн ч байсан хүүхдийнхээ дэргэд ичдэг юм байгаа биз дээ. Түүнтэй үг сөрөөд ч нэмэргүй. Юу ч хэлсэн байлаа нөгөө л бүдүүлэг доромж үгээ улам их, улам л бүдүүлэг хүн сонсоод хоёр чихээ бөглөмөөр  болгоно уу гэхээс цөөлж дуугүй болох нь үгүй. Хөөрхий одоо талийгаач болсон учир элдэв үг хэлээд яахав.  Цахим ертөнцөд хүмүүсийг элдвээр доромжилж суудаг нөхөд тэр эмэгтэйг эрхгүй санагдуулдаг болохлоор  л дурсав.

Цахим хэмээх энэ ертөн­цөд улс төрчид олноороо толгойгоо дүрчихэж. Тэд тол­гойгоо дүрээд зогсохгүй тэднээр удирдуулаад байдаг нь хамгийн эмзэглэмээр. Тө­рийн удирдлагуудаас эхлээд УИХ-ын гишүүд, насанд хү­рээгүй хүүхэд ч зэрэг зиндаа алба ажил, нас хүйс харгалзахгүй хаяг нээгээд л бүртгүүлчихнэ. Захын нэг нусгай жаал ч улс төр ярьж, улс удирдаж байгаа ахмад хүмүүс рүү цор цор хийх нь энүүхэнд. Гэхдээ дээр хэлсэнчлэн нөхдүүд бол бүр айлгаж  ичээхдээ тултал элдэвлэнэ. Тэднийг буюу жиргээчдийг ерөнхийд нь үргэлж хэлж хүн доромжилж байдаг хараалаар нь ац, дагз, суга гурав гэж нэрлээд удаж байгаа. Ингээд манай ац, суга, дагз гурав юу хийж чадаж байгаа вэ.

Ац, дагз, суга гурав бол ер нь нийт ард түмнийг төлөөлж байгаа юм шиг аашлах. Их сайндаа л тавиадхан хүн Монгол Улсыг цахимаар удирдаад байх шиг. Зүрх нь уушги болчихсон улстөрчид эдний үгэнд итгэж,  заримынх нь нэр нь үл мэдэгдэх, зүс нь үл танигдах эдний үгээр улс төрийн шийдвэр гаргаад байх болсон нь илүү аймаар байна. Энэ арай л дэндэж байна. Ац, дагз, суга гурвын шаагилдсанаар цагаан сараар төрийн ёслолын тавагны идээг буруу өрсөн гэж тэтгэвэрт гарах гэж байсан гурван хөгшин ажлаасаа халагдсан. Тэр гурван хөгшин дээрх жиргээчдэд ямар гэм хийв. Тэдний шаагилдсанаар гурвын гурван хүн ажлаас нь халж байдаг нь юув.

Боловсролын яаманд ажилладаг мүүний шашинтан гэх  эмэгтэйг ажилгүй болгох шахсан. Зураг хөргийг нь элдэвлэж, баахан бүдүүлэг хараал урсгаж байж суу­хын эцэсгүй болтол нь до­ромжилсон. Сая эдийн засгийн форумаар тэр Сарандаваа гэдэг хүнийг мөн ч элдвээр хэллээ. Форумын ирцтэй л жишээд байгаа бололтой юм. Тэр Сарандаваа нь хүмүүс цуглуулаад лекц хийдэг тэнд нь хүмүүс их цуглардаг гэнэ. Энэ нийгмийг чинь хүн хууль зөрчихгүй бол юугаа ч хийж болдог болох гэж л байгуулсан юм байгаа биз дээ. Хүн цуглуулах, тэд нь өөрсдөө мөнгөө өгөөд лекц сонсох нь юу нь тийм их инээдтэй тэнэг байгааг ерөөсөө ойлгохгүй юм.

Саяхан хог хийдэг но­гоон уут тараалаа, их мөн­гө зарлагадлаа гээд л нөгөөдүүл баахан шаагилдав.  Эцэстээ Э.Бат-Үүл ац, дагз, суга гур­вын шахалтаар санал асуулга явуулахаар болов. Угтаа хороон дээр ямар хэрүүл болдгийг бид мэд­нэ. "Манайд уут өгсөнгүй, манайд цөөн ирлээ, танайд илүү өглөө" гэсэн хэрүүл л  болдог. Түүнээс "Ногоон уут бидэнд үнэгүй тараалаа" гэж ард түмэн хэрүүл тэмцэл өрнүүлсэн гэж үү. Гэтэл манай ац, суга, дагз гурав ногоон уут тараах нь зөв эсэх  тухай санал асуулга явуулах юм гэнэ. Ногоон уут тараах зөв, буруу тухай гол асуудал нь биш. Жиргээч гэх нэр зүүсэн хэдэн хүний шахалтаар санал асуулга явуулахыг шийдсэн улстөрчдийг л шүүмжилж байна. Бүх нийтийн санал асуулга гэдэг бусад улсад тогтсон нэг  хязгаартай, ямар зүйлд нийтийн санал асуулга явуулах нь заачихсан, то­дорхой байдаг. Харин манайд бол эрүүл хүмүүс элэглэн шоолмоор энэ эрээчигчдийн шахалтаар санал асуулга явагдах юм гэнэ.

Монгол Улсад цорын ганц удаа бүх нийтийн санал асуулга явагдсан. Тэр нь тусгаар улс байх эсэх тухай санал асуулга юм. 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрөх бүх нийтийн санал асуулга явуулж, сонгуулийн насны 490 мянган хүн буюу 98.5 хувь нь оролцон дэмжсэн байдаг. Тэр үеийн нийслэлийн иргэд идэвхтэй оролцсон байж таараа. Тэгвэл дараагийнх нь санал асуулга энэ ногоон уут болох нь. Дээр дурдсан суга, ац,  дагз гурвын хүслээр шүү. Ногоон уут тусгаар тогтнолын хэмжээнд очжээ дээ, эдний бодлоор бол. Бүх нийтийн санал асуулга гэдэг ийм үнэгүй болчихсон хэрэг үү. Эдгээр хүмүүс Монгол Улсыг дур зоргоороо, хоосон хийрхсэн шүүмжлэлээрээ   залдаг залдаг гэхэд арай хэтэрч байна. Аль эсвэл Монгол Улсын төр, монгол төрийн дархлаа ийм хэврэг болчихсон юм уу. Төрийн эрхэмлэх зүйл, ихэмсэг байдал, төрийн өөрийн хүнд суртал хаачив. Дээр дурдсан зүйлс тусгаар тогтносон улсын төрд байх л ёстой шүү дээ. Тэр байтугай төрийн хүлээж авах үг ч өөр байх ёстой. Хорин хүн хоорондоо шуугилдсаны төлөө төр хүлээж авч, санал асуулга явуулах дээрээ тулна гэдэг өнөөгийн төр хэтэрхий балчир, хэтэрхий бяцхан, дээр нь дэндүү гэмээр хэврэг байгаа юм биш үү. Ац, суга, дагз гурав нийлээд монгол төрөөр юу ч хийлгэж болох нь ээ дээ, энэ бүхнээс дүгнэж үзэхэд.

Э.Бат-Үүл дарга аа, ногоон уутны бүх нийтийн санал асуулга явуулахгүй ээ. Ногоон уутыг  та цагаан толгойгоороо шийдэх ёстой. Тэг гэж хотын ард түмэн таныг сонгосон. Хэрэв иймхэнийг шийдэж чадахгүй юм бол таны наад ширээн дээр залрах хэрэг юун. Бид даруйхан сонгууль явуулж таныг солих хэрэгтэй болох нь. Та заримдаа хэтэр­хий налиганах юм. Санал асуулга, төрийн  дархлаа гэдгийг шороонд хутгалаа хутгалаа гэхэд арай дэндэж байна. Арай чухал зүйлд бүх нийтээр санал асуулга явуулмаар юм. Энэ хэдхэн жиргээчдийн ааш аягаар улс орны асуудлыг шийднэ гэдэг арай хэтэрнэ.  Ингээд байвал улс орон гэж юу болох вэ. Бүдүүлэг үг хэллэгтэй,  хэн гэдэг нь тодорхойгүй энэ  хэдэн хүн улс орныг удирдах хэрэг үү. Тэгвэл сонгууль явуулж та нарыг сонгох хэрэг юу байна. Нүүрээ, нэрээ нуугаад компьютерийн ард суучаад хавьтсан ойртсоноо хүн сонсох, уншихын эцэсгүй хогийн Цогзолмаа шиг л зүхээд суухад л улсын удирдагчид болох юм биш үү.

Монгол орон одоо бай­чихаад хорьхон жиргээч удирддаг ийм эх орон бол­чихсон юм уу. Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол Улсын дарх­лаа маань хориодхон  хэрүүлч жиргээч дээр тогтох болж байна уу. Өнөөдөр но­гоон уутаар дийлж бие биедээ баяр хүргээд сүйд манай ац, суга, дагз гурав. Маргааш юун дээр дийлээд сүйд болохыг та хэлж мэдэх үү.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1051
0 эможи
keyboard_arrow_up