Н.Энхбаярын “Ардчилангуйлал”

2014 оны 10 сарын 21

“Хүнийг танихад амаргүй. Хэт итгэвэл итгэл эвдэнэ. Үл итгэвэл нийгэмд яаж амьдрах вэ. Тэгэхлээр хүнийг сайн гэж бодох нь ч алдаа, муу гэж бодох нь ч алдаа юм шиг санагдаж болно”...
Энэ бол Намбарын Энхбаяр гэдэг хүний одоогоос гурван жилийн өмнө буюу 2011 оны аравдугаар сарын 30-нд хэвлэлд өгсөн ярилцлагын хэсэг. Тэрбээр нам даргалж байгаад төрийн өндөр албан тушаалд, хожим нь Төрийн тэргүүнээр ажилласнаасаа хойш М.Энхсайхантай нэлээд ойр ажилласан. Тэдний хагацлыг анаж байсан бүлэглэл ч буй болсон гэхэд хилсдэхгүй. Энэ тухайгаа Н.Энхбаяр “Зөв зүйтэй юмны төлөө хүчин зүтгэхэд би хэнтэй ч хамтрахад бэлэн байдаг. Тэр тусмаа мэдлэг боловсролтой, туршлагатай гэж бүгдээрээ сайн мэддэг М.Энхсайхан шиг хүнтэй хамтран зүтгэхэд хэн хэнд маань хэрэгтэй, бид хоёртой хамтрах нь бусдад ч хэрэгтэй” гэж боддог хэмээсэн байдаг юм.
 Харин эдүгээ тэрбээр АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай “гэрээгээр гэрлэхээр” шийджээ. Урьд нь тэрбээр улс төрийн намуудын хамтарч ажиллах гэрээний тухайд асуухад “Аль ч нам, улс төрийн хүчин бусадтай хамтран ажиллахдаа гэрээ байгуулна. Үүнд гайхаад байх зүйл байхгүй. Гэрээ байгуулна, хамгийн гол нь гэрээндээ үнэнч ажиллана. Хэн ч тэгэх ёстой. Бид ч бас адил шүү дээ. Хамгийн гол нь “МАН-АН”-ын удирдлага, тэдний гар хөл бологчдын эсрэг бүгд хамтран нэгдэх хэрэгтэй гэж бодож байна. Улс орноо, ард түмнээ гэсэн зорилго бүхий шинэ улс төр биднийг нэгтгэх учиртай. Бие биедээ саад болохгүйн тулд “МАН-АН”-ын гадна байгаа бүх улс төрийн хүчин нэгдэх тийм ухамсар, ухаан, зориг, алсын хараа байх ёстой. Би ингэж нэгдэхийг эх орноо бодсон бүх хүнд хандан уриалж байна. Тэгээд ч “МАН-АН” цаашдаа ч нэгдсэн хэвээр байна гэдгээ зарлачихлаа шүү дээ. Жинхэнэ ардчилалыг хамгаалъя гэвэл “МАН-АН”-ын эсрэг МАХН-МҮАН-ын болон тэднийг дэмжигч хүчнүүдийн эвслийг дэмжихээс өөр бодитой гарц харагдахгүй байна” хэмээж байв.
Харин албан тушаалаас огцрох, хариуцлага хүлээхийн тухайд “Уг нь албан тушаал авах, өгөх нь ардчилсан нийгэмд хэвийн л нэг үзэгдэл байх ёстой. Авахдаа хувьчилж авсан юм шиг бүрмөсөн авна, өгөхдөө өмч хөрөнгөө өм цөм дээрэмдүүлсэн юм шиг бүрмөсөн өгнө гэж байж болохгүй шүү дээ. Сайн ажилласан нь, хэлсэндээ хүрсэн нь, эхлээд өөрийгөө бус өргөн олныхоо эрх ашгийг бодож чаддаг болсон нь ард түмнийхээ дэмжлэгийг авахдаа л авна. Эс тэгсэн нь иргэдээсээ үг дуугүй хатуухан “жавтий” хүртэнэ” гэсэн. Энэ удаа Н.Энхбаяр “жавтий хүртэх” байтугай өөр шиг нь оймс гозолзуулахад хүрээд байгаа нэг хүнд “тусалсандаа” гэрээгээр “гэрлэчих” шиг боллоо.
Гэхдээ гурван жилийн өмнө “МАН-АН”-ын ноёрхлын үед хээл хахууль, авлига хэрээс хэтэрсэн гэж бүгд шүүмжилж байгаа.  Олон улсын байгууллагын аргачлалаар авлига ихтэй оронд хамгийн багаар бодоход төсвийн 20 орчим хувь нь хээл хахууль, авлигад явдаг байна. Энэ аргачлалаар аваад үзвэл өнөөгийн төр, засгийнхан 800 орчим тэрбум төгрөгийг авлигаар авч, халаасалж байна гэсэн үг. Энэ их мөнгийг хүн амын тоонд хуваавал нэг хүнд 300 орчим мянган төгрөг ногдож байна шүү дээ. Гэтэл ард түмэнд үүнээс даруй 15 дахин бага буюу 21 мянгахан төгрөг өгч байдаг. Тавантолгойг ард түмэндээ өгч, монгол хүн бүрийг өмчтэй болгоё гэхэд дургүйцээд, өөрсдөө болон ойр дотны хүмүүстээ янз бүрийн аргаар хэсэг, хэсэг болгон хувааж тараагаад байдаг” гээд л шүүмжилж байсан энэ хүн Н.Алтанхуягийн Засгийн газрын өнөөдрийн өрийг өнөөх аргачлалаараа авч үзсэн болов уу. Тэр үеийнх шигээ хатуу хөтүү үг хэлэх эр зориг, орон зай түүнд үлдсэн үү гэдэг нь өөрийн эрхгүй эргэлзээ төрүүлэх аж.
Н.Энхбаяр ардчиллын тухайд “Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд буюу хүйтэн дайн дууссаны дараа сайнаар яривал ихэнх хүн нэлээд гэнэн байдлаар, муугаар яривал зарим хүн ихээхэн ёс суртахуунгүйгээр хөгжлийн асуудалд хандсан байна. Тэр нь 20 гаруй жил өнгөрсний дараа ямар нэгэн байдлаар мэдэгдэж эхэлж байна шүү дээ. Ямар ч байсан олон хүн, түүний дотор монголчууд ардчилал гэж хашгираад, хошгироод байвал зах зээлийн эдийн засгийн “нууц гар”-т өөрсдийнхөө хувь заяаг даатгаад байвал бүх юм сайн сайхан болно гэж горьдсон. Хорь гаруй жил өнгөрлөө. Эргээд хартал нөгөө ардчилал маань шударга бус сонгууль, хариуцлагагүй төрийн тогтолцоо, хагарал, зөрчилдөөн, худлаа амлалт, чөлөөт бус, харин мөнгө, хөрөнгөнд чөдөрлөгдсөн хэвлэл, мэдээлэл болж хувирчээ. Хамгийн эмгэнэлтэй нь шударга ёс, эрх чөлөө, ардчилал гэж хамгийн чанга хашгирагчид нь ийм эсрэг гаж хувирлыг өөрсдөө гардан бүтээгчид нь, ийм эсрэг гаж хувирлаас хамгийн их хожигчид, хүртэгчид нь болж хувирсан байна. Бодит амьдрал дээр зах зээлийн эдийн засгийн “нууц гар” баян, хоосны ялгааг гааруулж, хээл хахуулийг дэвэргэж, шударга бус хуваарилалтыг нэвтрүүлж, ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлсэн байна. Энэ бүх гаж хувирлын оноосон нэр нь ардчилангуйлал. Тийм ч учраас дэлхийд энэхүү гаж хувирлын эсрэг, ардчилангуйлалын эсрэг тэмцэж байна, Монголд ч бас энэ бүхнийг эсэргүүцэж хүмүүс дуу хоолойгоо өргөж байна. Гэтэл өнөөгийн эрх баригчид цагдаа нар тэдний эсрэг буудаж болдог хууль санаачлаад ичих ч үгүй хөөцөлдөж байдаг. Ёстой ичих булчирхайгүй болсон хүмүүс “МАН-АН”-ын удирдлагад байна. Уг нь сүүлийн үед Монголд өрнөж буй тэмцэл бол дэлхий даяар өрнөж байгаа тэмцлийн нэг хэсэг юм шүү дээ.
Ингээд УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө “Монголын ард түмэнд ч өөрсдөөс нь “урвасан” “МАН-АН”-ын удирдлагатай хариуцлага тооцох боломж байна. Энэ удаад хариуцлага тооцсон шиг тооцохгүй бол дахин тийм боломж бололцоо олдохгүй байх шүү гэж хариуцлагатай хэлье” хэмээсэн. Түүнд, МАХН-ынханд сонгогчид тодорхой хэмжээгээр итгэсэн учраас УИХ-д боломжийн суудалтай болгож өгсөн. Гэхдээ МАХН-ын даргыг “тэмцэгч хэвээрээ” байна гэж итгэж, хүлээж байж. Гэтэл өнөөх итгэж байсан тэмцэгч маань МАН-АН-ын тасархай, АН-ын дарга, Ерөнхий сайдыг Засгийн газраа дахин зохион байгуулах гээд ид бужигнуулж байхад нь очоод гар барьчихдаг байгаа. Санаачилга тэр хоёрын хэнээс нь ч гарсан байж болох ч үр дүн нь гар барьсан явдал юм. Тэр тусмаа бүхэл бүтэн 10 жил хамтарч ажиллахаар гарын үсэг зурцгаажээ. Ингээд тэмцэгчийг Н.Энхбаяр гэж итгэж байсан хүмүүсийн итгэл талаар болов. Өөрөөр хэлбэл тэр сонгогчдоос урвалаа. Ер нь Н.Энхбаяр “урвалт”-ын талаар юу хэлж байж вэ гэдгийг эргэн харъя.
Н.Энхбаяр:-Надаас урвасан, урваагүй гэж бүхэл бүтэн нэг сэдэв бий болсон юм шиг. Хамгийн сайн “бөгс долоогч”-ийг тодруулна гээд зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл хүмүүсийн нэрсийг жагсаасан байна лээ. Надаас урвах тухайд бол миний буруу гэхээс урвасан хүмүүсийн арчаагүйнх болов уу. Гэхдээ ухаантай нь өөрөө хэлүүлэлтгүй мэдэж байгаа, дотроо шаналдаг биз. Тэнэг нь, эсвэл хүн чанараа алдаж, ичих булчирхайгүй болсон нэг нь урваснаа мэдэхгүй, ойлгох ч үгүй. Эсвэл мэдэж, ойлгохыг ч хүсэхгүй. Тийм учраас ухаантайгийнх нь нэрийг хэлж шаналал дээр нь нэмж шаналгаад яахав. Харин тэнэгийнх нь, эсхүл ичих булчирхайгүй болсных нь нэрийг хэлээд нэгэнт ойлгохгүй, эсхүл ойлгохыг хүсэхгүй юм чинь илүү ажил болно биз ээ.
Уг нь урвалт шарвалт бол монголчуудын хувьд хамгийн их цээрлэдэг шинж шүү дээ. Урвадаггүй байхдаа монголчууд хүчтэй байсан. Урваж шарвахдаа сул дорой болсон байдаг. Тийм учраас урвалт шарвалтын тухай ярихдаа урвагчдыг илчлэх, ичээх, дахин урваж шарвах явдал гаргуулахгүй байхын тулд ярьдаг, шүүмжилдэг, буруушаадаг. Харин урвасан нь “баатар” болж “хождог”, урвалгүй үлдсэн нь “буруутан” юм шиг байж хэрхэвч таарахгүй. Надаас урвах бол яахав. Цаанаа чинь улс орон, ард түмнээсээ урвачихаад байна шүү дээ. Тэгэхлээр надаас урвасан тухай асуудалд хэт их анхаарал хандуулснаар ард түмнээсээ урвагчдаас анхаарал сарниулах оролдлого хийгдээд байгаа юм биш биз гэж заримдаа бодогддог шүү. Тухайлбал Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашиггүй байгуулсан нь, Таван толгойг нийт ард түмэн бус, харин цөөн хэдэн хүн хэт баяжих ажил болгож байгаа нь, сонгуулийг луйвар, булхай, хулгай болгосон нь, долдугаар сарын 1-ний асуудлыг нуун дарагдуулж байгаа нь, амлалтаа биелүүлэхгүй бултаж байгаа нь бүгд л ард түмнээсээ “урваж шарвасны” нотолгоо шүү дээ. Тэгээд хэн ингэж урваж, шарваж байна вэ. “МАН-АН”. “МАН-АН” ч гэж дээ гишүүд, дэмжигчдийнхээ нэрийг барьсан цөөн удирдлага нь гэвэл илүү оновчтой болно.
 Дашрамд хэлэхэд “Хамгийн сайн “бөгс долоогч” гэж хэн бэ. Түүнийг яаж таньж тодруулах вэ” гэж сэтгүүлчид асуух дуртай байдаг. Шуудхан хэлье. Тэгээд ч “бөгс долоогчид”-ыг таньж байх нь хаана хаанаа хэрэгтэй. Ард түмэнд ч, сэтгүүлчдэд ч. Урьд өмнө миний шууд дэмжлэгтэйгээр, удирдлага дор, нөмөрт ажиллаж байсан, өнөөдөр зүв зүгээр байж байгаад, урдах ажлаа сайн хийж чадахгүй мөртлөө гэнэт утга учиргүй над руу дайрч давшилж байгаа хүн бол “хамгийн сайн бөгс долоогч байсан этгээд” гээд ойлгочих. Тэгээд өөрсдөө тодруул. Амархан. Тэгэхлээр ийм урвалтыг ярих нь, яриад зогсохгүй ард түмэндээ ойлгуулж жигшүүлэх нь сонгууль шударга явуулахын, ард түмнээсээ айж ичдэг, түүнд үйлчилдэг шударга төр тогтоохын үндсийн нэг мөн. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн эрхэм үүрэг бол ард түмнийхээ эрх ашгаас урвагчдыг илчлэх, үнэн нүүр царайг нь илрүүлж харуулах гэж ойлгох хэрэгтэй биз ээ.
Тэр ингэж ярьж байжээ. Тэгвэл ардчилал, ардчилангуйллын тухай “1996-2000 онуудад засгийн эрхэнд байсан “Ардчилсан холбоо эвсэл” төрийн албанд ажиллаж байсан олон хүнийг улс төржин халсан, өмч хувьчлалын бодлогын цаана өөрийн намын гишүүдийг дэмжих үйл ажиллагааг өрнүүлсэн, хээл хахууль ихэссэн гэх зэрэг олон алдаа гаргасан. МАХН сөрөг хүчний хувьд энэ алдаануудыг шүүмжилж байсан. 2000 онд УИХ-ын сонгуульд ялсны дараа МАХН-ынхан мөнөөх алдаануудыг давтсан. Төрийн албанд улстөржин олон хүнийг оруулсан, МАХН-ын гишүүд АН-ынхантай барьцаж хөрөнгө мөнгөтэй болохын тулд улайрсан. Мэдээжийн хэрэг, АН нь МАХН-ын эдгээр алдааг шүүмжилсэн.
Н.Энхбаяр: УИХ-ын 2000 оны сонгуулийн дараа миний хамгийн их гайхаж, бас дотроо харамссан зүйл бол тэр үеийн МАХН-ын гишүүд нөгөө АН-ыг улс төржиж, намчирхаж хүмүүсийг ажилд томилдог, өмч хувьчлалыг явуулахдаа улс төрийн бодлого хавчуулдаг гэх зэргээр шүүмжилдэг байснаа өөрсдөө миний сонгуульд тусалсан ийм хүнийг тийм албан тушаалд томилмоор байна. АН-ын гишүүд хөрөнгө мөнгөтэй болж баяжсан, одоо бид хөрөнгө мөнгөтэй болох хэрэгтэй байна гэх зэргээр ярьж эхэлсэн. Би эхлээд тэгэж өөрчлөгдсөнийг нь хараад гайхсан, эсэргүүцсэн. Гэхдээ манай улс төрийн тогтолцоо бол эрх баригчид үүрэг хүлээхээс илүү эрх эдэлдэг буруу тогтолцоо байдаг тул эрх мэдэлтэй олон хүн, тэдний цаана байгаа, албан тушаал горилсон бүр олон хүний саналыг буруу гэж бодсон ч нэг хүн хэдийгээр өндөр албан тушаалтан ч хэр удаан эсэргүүцэхэв дээ. Тогтолцоогоо бүхлээр нь шинэчилж өөрчлөөгүй цагт тэр олон хүний улайран зүтгэсэн байдалтай “эвлэрэх”-ээс өөр аргагүй болно. Би ч нэлээд эсэргүүцэж, байгаад сүүлд нь хүчирхээ болиод тэр олон эрх мэдэлтнүүдийн ард нь байгаа хүмүүсийг ажил төрөлтэй, амьдралтай болгох ажлыг хийсэн дээ. Тэгэхийн тулд дор хаяхад өөр намын хүмүүсийг ажлаас нь өөрчлөх шаардлага гарна. Миний өмнө ч, дараа нь ч намын дарга нар тийм л маягаар ажилласан. Өөрсдийгөө зөвтгөхийн тулд чи ч бас тэгсэн, та нар ч бас тэгсэн шүү дээ гэж алдсанаа зөвтгөнө. Эцэст нь хамаг муу нэрийг нь намын дарга л үүрнэ. Уг нь ардчилал бол алдсанаа засдаг тогтолцоо байх ёстой. Алдсанаа бусдын алдсантай барьцаж давтана гэдэг бол яваандаа ардчилангуйлалыг бий болгоно гэсэн үг. Харин алдсанаа хүлээн зөвшөөрч, давтахгүй байх, засах гэж зүтгэх нь улстөрчийн шинэчлэгдэж байгаагийн шалгуур. Ардчилал баталгаажихын нэг үндэс.

М.Энхсайхан дарга Узбекистанд айлчилж байхдаа алдарт доголон Төмөрийн хэлсэн үгийг харсанаа хэлж байсан. Тэр үгийн утга нь: “Шударга ёсонд тулбал хүчтэй” гэж. “МАН-АН”-ын эсрэг МАХН, МҮАН болон бусад улс төрийн хүчин, иргэний хөдөлгөөний байгууллагууд шударга ёсонд тулгуурлан нэгдэнэ гэдэгт итгэж байна. МАН-АН-ын нэгдэл бол Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн нэгдэл учраас буруу нэгдэл байлгүй яах вэ. Хамгийн гол нь ам, ажил хоёрын зөрүү. Ярих нэг хэрэг. Бодит амьдрал, ажил бол өөр байна шүү дээ. Бид яриагаар биш, ажлаар дүгнэх хэрэгтэй. Хуучны дарангуйллын тогтолцоонд яриагаар дүгнэдэг байсан. Бүх юм болж бүтэж байгаа мэт ярина. Үнэн хэрэг дээрээ ажил нь тийм урагштай байгаагүй. Өнөөдөр зарим үед яг тэр үе эргээд ирсэн юм шиг санагдана. Ардчилангуйлал тогтож байна.
Энд МАХН-ын дарга Н.Энхбаярын 2011 оны аравдугаар сарын 31-нд ярьсныг эргэн сануулав. Гурван жилийн хугацаанд их зүйл өөрчлөгджээ. Магадгүй “Ардчилангуйлал”-тай тэмцэгч “Дарангуйлагч” няц дарагдаад эргэн ирэхдээ өөрөө “Ардчилангуйлагч” болохоор шийдсэн ч юм билүү. Цаг хугацаа л бүхнийг харуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10478
0 эможи
keyboard_arrow_up