Э.БАТ-ҮҮЛ: Ичгүүр сонжуургүй, увиагүй үйлдэл гаргаж байгаа Н.Алтанхуягт манай нам хариуцлага тооцоно
Ардчилсан нам, МАХН-тай 2024 он хүртэл хамтран ажиллахаар болж талууд гэрээг байгуулаад байгаа. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Баттулга нар сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийсэн юм. Энэ үеэр Э.Бат-Үүл даргаас дараах асуултад хариулт авлаа.
-Танай намын дарга Н.Алтахуяг МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурчихлаа. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?
-Өнгөрсөн бямба гарагт манай намын дарга МАХН-ын даргатай гэрээ байгуулсан. Энэ гэрээг хийх гэж байгаа талаараа хэнтэй ч ярьж зөвлөөгүй, гэнэт өөрөө шийдээд л гүйж очоод байгуулсан. Энэ гэрээнд АН-ын эрх ашгийг маш их хохироосон гурван заалт орсон байна. Уг гэрээний гуравт “Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд УИХ-ын сонгуулийн можиртар тойрогт хоёр намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлнэ. Өөрөөр хэлбэл хоёулаа давхцуулж нэр дэвшүүлэхгүй гэж байгаа юм. МАХН-д тойрогт нэг гишүүн нь нэр дэвшиж байвал манайх тэр тойрогт нь нэр дэвшихгүй гэсэн үг. Хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялуулан зохиуцуулах зарчмын баримтална гэж байгаа юм. Яг үнэн хэрэг дээрээ сонгуулийн хуулиар сонгуулийн эвсэл болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тойргоо хуваагаад тэрэндээ бие биенээ давцуулахгүй нэр дэвшүүлээд ажиллах нь л дээ.
АН ба МАХН нар хамтран ажиллахдаа Нийслэл хөдөө орон нутагт нэг нэгнийхээ дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана гэсэн байгаа юм. Энэ бол асар том заалт. Энэ заалтыг Нийслэлийн АН хэзээ ч дэмжихгүй, хамтарч ажиллахгүй ээ. Энэ гэрээнд ИХ-д нэр дэвшсэн хүнийг нь ч дэмжинэ. Нэг ёсондоо сонгуульт албан тушаалтныг нь дэмжиж ажиллах болж байгаа юм. Нийслэл ч мөн дэмжиж ажиллана. Гэрээний 14-т “Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 оныг дуустал хүчинтэй байна” гээд заачихсан байгаа юм. Ингээд талууд гарын үсэг зурчихсан. Тэгэхээр энэ гэрээ одоо хүчин төгөлдөр болсон. Тэгээд хоёулаа нэг нэгийг хувийг хадгална гэж байгаа юм. Манай намын дарга Н.Алтанхуягт ийм эрх байхгүй. Манай намын дүрмийн 6.4-9.5 дээр “ АН-аас бусад нам эвсэлтэй байгуулсан гэрээг ҮЗХ батална” гэж заасан байдаг. Гэтэл ҮЗХ хэлэлцэж батлаагүй байхад энэ гэрээг хүчин төгөлдөр байхаар гарын үсэг зурчихсан. Бүүр 2024 он хүртэл шүү дээ.
-Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхлэх болоод байна. Тэгэхээр танай намын зүгээс ямар алхам хийх бол?
-Тийм ээ Иргэний хуулиар бол энэ гэрээ хүчин төгөлдөр болчихсон. Тэгэхээр манай намын дарга Н.Алтанхуяг өөрийнхөө эрх мэдлийн хадгалж үлдэхийн тулд хүний санаанд багтамгүй увиагүй үйлдлүүд гаргалаа. Намын гишүүд байтугай жирийн хүний санаанд багтамгүй үйлдэл их гаргаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Ерөнхий сайдын албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд долоон сайдыг золионд гаргасан тэр хүн. Бүүр ичгүүр сонжуургүйгээр танхимаасаа гаргасан. Гэтэл тэр нь явахгүй болохоор АН-ыг улс төрийн золиос болгож байна. Орон нутагтаа ямар ч зохион байгуулалт байхгүй. Нэг хүний хувийн өмч болчихсон МАХН-ыг үндэсний хэмжээнд зохион байгууллалтад орсон эрх барьж байгаа намтай энэ тэнцүү авч үзэж ийм гэрээ байгуулсан. Энэ гэрээ бол хууль дүрмийг бүгдийг зөрчиж байгаа. Яагаад гэхээр МАХН бол МҮАН хоёр нэгдэж “Шударга ёс” эвсэл байгуулсан. Энд тэр эвслийн талаар ямар ч яриа байхгүй. МАХН л байгуулсан. Эвсэл бол сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд нэг хуулийн этгээд байдаг. Тэгсэн хоёр намын нэр барьж энэ хоёр гэрээ хийсэн. Дээр нь намын дарга эрх мэдлээ хэтрүүлж, намын үндсэн дүрэм зөрчсөн. Би Нийслэлийн АН-ын даргын хувьд мэдэглэл хийж, ҮЗХ-г хуралдуулж, ийм хариуцлагагүй үйлдэл гаргаж АН-ыг улс төрийн ноцтой нөхцөл байдалд оруулсан намын даргатай хариуцлага тооцохыг шаардаж байгаа. Миний энэ мэдэгдлийг манай намын 1000, 1000 гишүүд дэмжинэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Орон нутгийн намын байгууллагуудаас цочирдсон удирдлагууд бидэн рүү байнга ярьж байна. Өнөөдөр олон түмэнд “Авлигын загалмайлсан эцэг” гэж нэрлэгдсэн тэр хүнийг “авлигатай тэмцэнэ” гэдэг сонгуулийн том мөрийн хөтөлбөртэй авлигатай тэмцэх үйл ажиллагааг манлайлж яваа энэ нам өмгөөлж хамгаалах гэрээ байгуулчихсан. Тэгээд түүний улс төрийн үйл ажиллагааг дэмжинэ гээд заачихсан байгаа. Бүүр дээрээс нь тойрог гаргаж өгөөд намын байгууллагууддаа ажиллуулна гэнэ. Нийслэлийн АН хэзээ ч МАХН-ыг дэмжиж ажиллахгүй, ийм үүрэг авахгүй. Хамгийн гол нь засч болохгүй аюултай байдалд хүргэсэн. Тиймээс бид шүүхэд хандахаас өөр ямар ч арга байхгүй.
-Өнөөдөр Н.Алтанхуяг сайд энэ гэрээтэй холбоотой мэдээлэл хийсэн. Ингэхдээ ҮЗХ-тойгоо зөвшөлцсөний үндсэн дээр байгуулсан гэж хэлсэн. Гэтэл та ҮЗХ-ндоо мэдэгдээгүй гэж байна. Энэ талаар?
-Үнэхээр ямар ч үндэслэл байхгүй мэдээлэл хийжээ тэр хүн. Өнөөдөр Н.Алтанхуяг намын даргын хувьд “Ичсэн хүн хүн ална” л гэдэг болоод байна. Манай намын гэрээнд “Энэ гэрээг ҮЗХ” батлана гэж заасан байгаа. Гэтэл “Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний хугацаа 2024 оныг дуустал хүчинтэй” гэж байгаа юм. Хамгийн гол аюул нь энэ. ҮЗХ-той яриагүй УИХ-ын намын бүлэгтэй ч яриагүй. Тэр бүү хэл надтай ч яриагүй. Би дүрмээрээ намын удирдлагын нэг гишүүн. Намын удирдлагын гурван гишүүн байдаг. Намын дарга, Нийслэлийн намын дарга, Ерөнхий нарын бичгийн дарга. Гэтэл энэ талаар надтай огт яриагүй.
-Ирэх бямба гарагт ИЗН-тай яг иймэрхүү гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон гэсэн мэдээлэл байгаа?
-Энэ гэрээг харахад ИЗН-тай дахиад гэрээ байгуулах ямар ч орон зай байхгүй. Яагаад гэхээр энэ гэрээ нь хоёр талын гэрээ байгаа юм. Зөвхөн хоёр талын намууд бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн гэрээ байгаа юм.
-ҮЗХ-г хуралдуулах ямар боломж байна. Мөн танай намын бусад фракцууд үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Эрүүл саруул ухаантай л бол энэ гэрээ хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол дэндүү бусармаг үйл явдал гэж хэлэхэд ч багадана. Энэ гэрээг манай намын ямар ч фракц, гишүүд дэмжигчид дэмжихгүй. АН-ыг МАХН-ын барьцаа болгосон ийм гэрээг хүлээж авах боломжгүй. Ямар ч зохион байгуулалт хариуцлага байхгүй МАХН-д АН-ыг гэрээгээр барьцаалаад өгч байгаа юм. Бид энэ гэрээг шүүхэд өгч хүчингүй болгохгүй бол манай намын улс төрд маш аюултай цохиолт болно. Бид өмнөөс нь ичиж нүүрээ ч хийх газаргүй болж байна. Бид ҮЗХ –г яаралтай хуралдуулахыг шаардах болно.
-Энэ гэрээ чинь үзэглэсэн нь саяхан боловч аль зургаан сарын өмнө гарчихсан байсан гэсэн шүү дээ. Тухайн үед нь та яагаад мэдэгдэл хийж сэргийлээгүй юм бэ?
-Нээлттэй сэдэв гэж байдаг юм. Аль намтай хамтрах уу, үгүй уу гээд л яригддаг олон сэдэв байдаг. Энэ бол нээлттэй сэдэв биш хуулийн өмнө хүчин төгөлдөр гэрээ болчихлоо.
Би бол огт мэдээгүй. Гэтэл ийм зүйлийг өнгөрсөн бямба гарагт зурчихлаа шүү дээ.
-Гэрээг эсэргүүцсэн намын гишүүдийг намаасаа хөөх шийдвэр гаргасан гэсэн. Тухайлбал Ж.Батзандан?
-Одоо энэ гэрээг байгуулсан этгээдэд өөрт нь хариуцлага тооцох болно.