Төсвийн алдагдал ДНБ-ий зургаан хувьтай тэнцэхүйц байгааг хоёр хувьд хүртэл танаж байж Засгийн газар тэсэж үлдэнэ
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1.3-т Тухайн жилийн төсвийн нийт зарлагын ДНБ-д эзлэх хувийн жингийн өсөлт хоёр нэгж хувиасхэтрэхгүй” байхаар заасан байдаг. Мөн энэ хуулийн тавдугаар бүлгийн 14 дүгээр зүйл буюу Хариуцлага тооцох үндэслэлийн 14.2-т “Засгийн газраас өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээ, тухайн жилийн төсвийн төсөл болон төсвийн гүйцэтгэл төсвийн тусгай шаардлагыг хангаагүй нь Засгийн газрыг огцруулах тухай санал гаргах үндэслэл болно”, мөн хуулийн 14.3.2-т“Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж Засгийн газрын тухай хуулийн 22.2-т заасны дагуу Ерөнхий сайд албан тушаалаасаа буюу Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох тухай хүсэлтийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно” хэмээн заасан байдаг.
Энэ хуулийн заалтыг ийн сануулсны учир нь Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд, одоогоор эргүүлэн татаад байгаа 2015 оны төсвийн хуулийн төсөлд “Ирэх онд 7.2 их наяд төгрөгийн орлого төвлөрнө, 8.4 их наяд төгрөгийн зарлага санхүүжигдэнэ гэж тооцсон. Түүнд Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрүүдийг багтаасан байгаа юм.Төсвийн орлогын тухайд энэ оныхоос 900 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол зарлага нэг их наяд төгрөгөөр нэмэгдэхээр төсөвлөсөн аж.
Засгийн газарт хийж буй бүтцийн өөрчлөлтийн өргөтгөсөн зардлыг хийж тооцсоноор ирэх онд алдагдал ДНБ-ий зургаан хувьтай тэнцэнэ гэж үзжээ. Үүнийг шат дараалан буулгаад 3-4 жилийн дотор хоёр хувийн төвшинд бууруулж ирэх зорилт тавьсан хэмээн Сангийн сайд Ч.Улаан тайлбарлаж байна.
Гэвч холбогдох хуульд “Алдагдлыг шат дараалан бууруулбал хариуцлага тооцохгүй” гэсэн үг, үсэг байхгүй учраас хэрэв алдагдлаа ДНБ-ий зургаан хувиас бууруулахгүй төсөв оруулж ирвэл Засгийн газар огцрох үндэслэлээ хангана гэсэн үг.
Дараагийн энэ төсөвт хамт яригдах ёстой хариуцлагын асуудал бол гадаад өрийн хязгаартай холбоотой.Одоогоор өрийн хязгаарыг ДНБ-ий 70 хувьтай тэнцэж болдог байхаар хуульд өөрчлөлт оруулах төслөө УИХ-д өргөн бариад байгаа. Засгийн газрын тооцоолсноор улсын өрийн хэмжээ 48.6 хувьтай тэнцүү байгаа нь аргачлалын зөрүүгээс болоод 60 гаруй хувьд хүрсэн мэт харагдаад байгаа юм гэж Сангийн сайд тайлбарлаж буй. Тэрбээр үүнийгээ “Хяналтаас гарах, эрсдэлд орох аюултай хэмжээ биш” хэмээсэн.
Харин өнгөрсөн оны улсын төсөвт аудит хийсэн талаараа Үндэсний аудитын газрын дарга бөгөөд Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад ярихдаа “Оруулж ирсэн төслөөр нь бол улсын нийт өр 50.3 хувьд хүрчихээд байгаа учраас Тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж улсын өр дотоодын нийт бүтээгдэх үүний 60 хувиас хэтэрэхгүй байна гэсэн заалт оруулах гээд байгаа юм” гэж ярьсан байдаг.
Дашрамд сануулахад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Шинэ бүтцийн өөрчлөлтөөр Хөгжлийн банкны асуудал Сангийн яаманд харьяалагдана” гэв. Ирэх жил улсын төсвөөс 858 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Чингис бонд болон Хөгжлийн банкны эх үүсвэрээр хоёр тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгө оруулалтын эх үүсвэр хийх бололцоотой. Гадаад зах зээлээс босгосон энэ эх үүсвэрийг бодит эдийн засагт хөрөнгө оруулах ёстой болохоос төсвийн цоорхой нөхдөггүй, төсвийн зорилгоор ашигладаггүй хуультай. Харин хэрэгжүүлэгч байгууллага нь нэг болсноор хуулийг үг, үсгийн дагуу хэлбэрэлтгүй мөрдөнө, үүнд нь УИХ бүрэн хяналт тавьж хариуцлага тооцож чадах уу гэдэг нь эмзэг, эргэлзээтэй асуудал болчихоод байна.
Мөн өмнөх онд нүүрсний борлуулалтыг хэтэрхий өөдрөгөөр төсөөлж 31.4 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн нь дэлхийн зах зээлийн төлөв байдал, одоогийн борлуулалт, өмнө нь нүүрсээ урьдчилгаа болгон авсан зээл зэргээс эрсдэл үүсэх, төлөвлөсөн орлого бүрдэхгүй байхад хүргэсэн. Ирэх оны төсөвт 20 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Экспортын хэмжээг зах зээлийнхээ байдал, эрэлт хэрэгцээтэй уялдуулж тооцсон.Ирэх жилийн төсөвт нүүрс, зэсийн ханшийг тусгахдаа ч дэлхийн зах зээлийн хандлага, олон улсын судалгааны дүнд үндэслэн тогтворжуулсан зарчмаар тооцсон гэцгээж буй. Тухайлбал, сайн чанарын нүүрсийг 130 ам.доллар, чанар нь буурахаар хамгийн багадаа 50 ам.доллар байхаар авсан. Зэсийн ханшийг 6900 ам.доллараар тооцжээ.
Одоо Засгийн газарт “огцрохгүй тэсэх” шаардлага хангах төсөв бус биелүүлэх боломжтой, бодитой төсвийг УИХ-д оруулж ирэх л чухал болоод байна. Хамгийн хэцүү нь өнөөх “тусгай шаардлага” буюу төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-ий зургаан хувьтай тэнцэхэд хүргэснээ хэрхэн хоёр хувьд хүртэл танах нь сонин байгаа юм.