Ч.Улаан сайдад Монголын ард түмэн ямар өртэй вэ
Ч.Улааныг Монгол төрийн түүхэн дэх 28 Сангийн сайдаас “Хамгийн худалч”, овжин зальтайгаар нь тодруулж болохоор дүр зураг харагдаж байна. Энэхүү 28 Сангийн сайдын дунд тэрбээр гурвантаа тоологддог. Энэ бол ховор завшаан. Харин энэ удаагийнх шиг ичих булчирхайгүйгээр, улайх ч үгүй худал хэлж байсангүй. Тэрбээр ирэх оны улсын төсвийг хэлэлцэх үеэр 30 минутын уулзалтаараа хэвлэлийнхнийг цуглуулж нэг ч татвар шинээр нэмэхгүй хэмээн мэдэгдлээ. Гэвч түүний оруулж ирсэн төсөв орон нутгийн удирдлагуудад төсвийн эрхийг “бэлэглэх” нэрийдлээр дур зоргоороо татвар санаачлан орлого төвлөрүүлэх “дээрмийн арга хэрэглэх эрх”-ийг давхар олгосон. Үүнийг өөрөө сайн мэдэж байгаа боловч Засгийн газраа болон Сангийн яамаа, өөрийгөө хамгаалан гоё үгсийг урлаж зүйн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “тархи угаасаар” байна.
Ирэх оны төсөвт дөрвөн төрлийн татвар төсвийн төсөлд тусгасан. Үүнд нийслэлчүүдийн хувьд агаар ус мэт хэрэгцээт газар, орон сууц, тээврийн хэрэгслийн татварыг хоёр дахин нэмэхээр болсон юм. Тэр тусмаа үл хөдлөх хөрөнгийн татварын дээд хязгаарыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тооцжээ. Өмнө нь 0,6- 1,0 хувьтай татвар байсныг 0,6-2,0 хувь хуулийн төслөөр болгож байгаа. Жишээ нь, хотод 80 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй хүн жилд 800 мянган төгрөгийн татвар төлж байсан бол 1,6 сая төгрөг төлөх юм байна. Энэ нь шинээр барилга барьж буй компаниудын үйл ажиллагаанд саад болоод зогсохгүй орон сууц худалдан авах гэж амь насаараа дэнчин тавих шахан өөрийгөө барьцаанд тавьчихаад байгаа гэр бүлүүдэд “дайсагнасан” хэрэг биш гэж үү.
Харин Тээврийн хэрэгслийн татварыг Улаанбаатар, Дархан уул, Орхон аймгийн төвүүдэд ногдуулж, татварын дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр төслийг боловсруулжээ. Жишээлбэл, манай ард иргэдийн нийтлэг унадаг Pruis суудлын автомашины татвар 36 мянгаас 72 мянган төгрөг болж нэмэгдэх ажээ.
Мөнорон нутгийн иргэдийн амьжиргааны цорын ганц эх үүсвэрээс авдаг малын хөлийн татварыг яаж багасгах вэ хэмээн үе үеийн төрийн удирдлагууд тархиа гашилгаж байсныг умартан малын хөлийн татварыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Малчин өрх, мал бүхий этгээдийн албан татвар. Малын хөлийн тоогоор хонин толгойд шилжүүлэн татварыг 0-1000 төгрөгийн хязгаарт багтаан аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоохоор төсөлд тусгажээ. Нэг хонинд 500 төгрөгөөр тооцоход гурван ам бүлтэй, 250 хоньтой айл жилд 95000 төгрөгийн татвар төлөх юм байна.
Түүнчлэн Үндсэн хуультай илтэд зөрчилдөхүйц нэг татварыг шинээр нэмэх болсон нь хотод амьдардаг иргэн бүр татвар төлөх болсон явдал юм. Татварын хувь хэмжээг НИТХ шийдвэрлэх юм байна. Үүнийгээ Сангийн сайд “Шинэчлэлийн Засгийн газар олон жилийн мөрөөдлийн хуулийг чинь хэрэгжүүлэх арга замыг нээж өглөө” хэмээн тайлбарлаж сууна. Татвараас эмээгээд хүссэн газар нутагтаа амьдарч чадахгүйд хүрэх нь Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэж үү. Үүнийг арай соёлтойгоор “хийх” гарц “шинэчлэгчдэд” олдсонгүй бололтой.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн хүндрэлт байдлыг даван туулах арга хэмжээг тусгаагүй. Зөвхөн монголчуудын өрийг нэмэгдүүлэх, иргэдээс дөрвөн төрлийн татвар нэмж авах санал оруулж ирсэн. Эдийн засаг хямралтай, ард түмний амьдрал хүнд үед татвар нэмэгдүүлнэ гэсэн бодлого гаргадаг эрх баригч дэлхийн аль ч улсад байхгүй. Татвар төлнө гэдэг бол ард түмэн, аж ахуйн нэгжүүдийн халааснаас авна л гэсэн үг. Ард түмэн ирэх оны төсөв бидний амьдралд яаж наалдах вэ, аж ахуйн нэгжүүд бидэнд ямар ахиц дэвшил авчрах вэ гэж хүлээж суугаа. Гэтэл ард түмний нуруун дээрх татварыг хоёр дахин нэмнэ гэсэн бодлогын баримт бичиг оруулж ирж байгаа учраас МАН-ын бүлэг энэ төсвийн хуулийн төслийг эсэргүүцэж байна" гэсэн.
Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүний нүдэнд хоёулаа Сангийн сайдаар ажиллаж байсан эдүгээгийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, гурван удаагийн Сангийн сайд Ч.Улаан нарын санал нэгдсэн Төсвийн тухай хуулийн төсөл ингэж харагдсан байна. Тэгээд ч гурван удаа Сангийн сайдаар ажилласан Ч.Улааныг туршлагагүйтлээ, мэдэхгүй, чадахгүй байна гэвэл түүн шиг худал үг үгүй. Түүнд Монголын төр гурван удаа итгэл хүлээлгэж улсынхаа сан хөмрөгийг атгуулсны үр дүнд ийнхүү нийслэлчүүд үл хөдлөх хөрөнгө эзэмшсэний болон нийслэлд амьдарсны татвар, орон нутгийн иргэд малын хөлийн татварт, нийтээрээ тээврийн хэрэгслийн татварын “яланд” унах нь энэ. Яавал Ч.Улаан сайдыг жаргалтай байлгаж, яавал түүнд өргүй амьдрах вэ. Монгол төрийн үнэ цэнтэй албан тушаалуудад цадаагүй түүнийг хэдэн удаа Сангийн сайдаар томилбол, өөр ямар өндөр албан тушаалаар мялаавал тэр ард түмнийг хайрлах бол.
Иргэн бүр улсын төсвийн балансыг уншиж чадахгүй. Гэвч татвар нэмэхээр яадгийг, хэнд ашигтай болон хэн хохирохыг дэндүү сайн мэднэ. Иймд ард түмнийг доромжилсон, дарамталсан энэхүү Төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар татан авчээ. Нөгөөтэйгүүр Засгийн газар нэр хүндээ цэвэр авч үлдэхийн тулд “Нэг ч татвар шинээр нэмээгүй” гэчихээд нийслэл, орон нутгийн удирдлагуудад “Би үхэхээр чи үх” гэгчээр ял тулгах мэт эрх олгох нэрийдлээр өөрсдөө татвараар орлогоо олж ав гээд бултах овжин арга олсон нь энэ. Үүнд нийслэлийн удирдлагууд бухимдан Засгийн газрын талд бус иргэдийнхээ талд орж буй нь талархууштай.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийнхэн “Хэрвээ ирэх оны төсвийн төслийг эргүүлэн татах бус ганц хоёр хуудас сольсон байдлаар өөрчилбөл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар хууль зөрчсөн асуудал үүснэ” хэмээн анхаарууллаа. гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт анхаарууллаа. Үүний зэрэгцээ Засгийн газрын өргөн барьсан ирэх оны төсвийн хуулийн төсөл нь ард түмний нуруун дээр ачаа нэмсэн, "тонуулч" төсөв болсныг сануулж, төсвийн хуулийн төсөлд засвар оруулж, дахин өргөн барихыг эрх баригчдаас шаардаж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр "Хямралтай үед аль болох ард иргэдийнхээ бодит орлогыг дэмжсэн төсөв оруулж ирэх ёстой. Гэтэл Засгийн газар гаднаас авсан "Чингис", "Самурай" бондын зээлээ төлөхийн тулд татвар нэмэх замаар ард олныхоо халаас руу гар дүрж болохгүй. Ерөнхий сайд нь худалч, одоо бүр танхимын сайд нь хүртэл улаан цайм иргэдээ хуурсан мэдэгдэл хийж байгааг МАН-ын бүлгийн дарга шүүмжлэв. Учир нь ирэх оны төсөвт цалин тэтгэврийг 2.5 дахин нэмэгдүүлнэ гэж Ч.Улаан сайд мэдэгдсэн. Гэтэл төсөвт суулгасан гэх 500 тэрбум төгрөг нь бодит байдал дээр цалин тэтгэврийг 2.5 дахин нэмэгдүүлэх хэмжээний мөнгө огт биш. Тиймээс ард түмнийг хуурч, тархи угааж болохгүй” гэжээ.
Хэдийгээр сөрөг хүчин болсон ч нэг намд гар, сэтгэл нийлэн ажиллаж байсан УИХ-ын гишүүд түүний юу бодож санаж, хэний төлөө ажиллаж буйг мэдрээд байна. Шинэчлэлийн Засгийн газар “хуучин” Ч.Улааныг “аймшигтайгаар” шинэчилжээ.