“Монголын тусгаар тогтнол хууль бус болж байна уу” нийтлэл хэвлэгдлээ
"Өдрийн сонин"-ы энэ долоо хоногийн лхагва гаригийн дугаар хэвлэгдэн уншигч та бүхний гарт хүрлээ. Өнөөдрийн дугаарын гол нийтлэл, Өдрийн сурвалжлага, Улс төрийн булан, цаг үеийн үйл явдлын товчоон, дэлхий дахины халуун цэгт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
"Өдрийн сонин" үйл явдал өрнөж буй халуун цэгт хүрч, нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлан уншичдадаа хүргэдгээрээ бусдаас онцлог байдаг. Орон нутагт томилолтоор ажиллаад ирсэн сурвалжлах хэсэг маань Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас бэлтгэсэн сурвалжлагаа хүргэж байна. Тариа ногоогоороо алдартай энэ нутгийнхан эрт ургацын байцаагаа зургадугаар сарын сүүлээр хураана хэмээн ярьж байна. Тариан талбайд өрнөж буй их ажлын талаар энэхүү сурвалжлагаас илүү дэлгэрэнгүйг хүлээн авч уншаарай.
Цагдаагийн ерөнхий газрын харьяа Эрүүгийн цагдаагийн дарга асан, хурандаа З.Төрмандахтай манай сэтгүүлч Э.Хүрэлбаатар цуврал ярилцлага хийн нийтэлж байгаа билээ. Өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа "Бид Д.Төмөр-Очирын хэргийг илрүүлэхэд их ойртсон шүү" хэмээн З.Төрмандах хурандаа ярьжээ. Энэхүү ярилцлагыг нэг болон долдугаар нүүрээс уншина уу.
Ой нэг сартай охинд сувилагч парацетамолын лаа хийхдээ бөгс рүү нь бус шээсний сүв рүү нь хийчихсэн тухай мэдээлэл цацагдсан билээ. Энэ хэргийн талаар яг юу болсныг сэтгүүлч Б.Янжмаа сурвалжлан хүргэж байна. "Эмнэлгийнхэн хүүхдийн сүвийг ялгахаа больтлоо ачаалалтай ажиллаж байна уу" хэмээх гарчигтай энэ ярилцлагыг нэг, 17 дугаар нүүрт нийтэллээ.
"Өдрийн сонин"-ы топ нийтлэл хэвлэгддэг гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл бол улс төр болон нийгмийн амьдралд нүд чих болж, үнэнийг дэлгэн, уншигчдынхаа дунд шуугиан тарьдаг. Энэ утгаараа бид сониныхоо гуравдугаар нүүрийг ямагт онцолж та бүхэнд хүргэдэг юм. Өнөөдрийн дугаарт нэрт нийтлэлч Баабарын "Монголын тусгаар тогтнол хууль бус болж байна уу" нийтлэл хэвлэгдлээ. Та бүхэн сонины гуравдугаар нүүрийг дэлгэн энэ нийтлэлийг унших биз ээ.
Улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрт Эрүүгийн хуулийг гэмт хэргийн тухай хууль болгон өөрчилж, УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийн талаар ХЗЯ-ны хэлтсийн дарга Г.Оюунболдтой хийсэн ярилцлага гарлаа. Мөн энэ нүүрт "С.Баяр Ц.Мөнх-Оргил хоёрыг шударга шүүхээр шүүхгүй бол цусан өшөө яригдаж эхэлсэн нь аймаар" гэж онцолсон байна.
Эдгээр онцлох үйл явдлуудаас гадна дэлхийн дахины мэдээ, улс орны дотоодод өрнөсөн цаг үеийн үйл явдлууд, цаг агаарын төлөв байдал, телевизийн хөтөлбөр, зурхай зэрэг өдөр тутмын хэрэгцээт мэдээллүүд тогтсон нүүрүүдэд орлоо. Мөн Төрийн шагналт, шог зохиолч Ц.Доржготовтой хийсэн ярилцлагын үргэлжлэл хэвлэгдэв. Түүнтэй манай сэтгүүлч Н.Пагма ярилцсан юм.
Дашрамд дурдахад манай сонины хоёрдугаар улирлын хэвлэл захиалга явагдаж байгаа тул та бүхэн 99112954 дугаарын утсаар холбогдон хэвлэлээ захиалахаа мартуузай. Мөн "Цахим Өдрийн сонин" булангаар зочилж, дэлхийн хаанаас ч төвөггүй захиалах боломж бийг дуулгая.