Э.Батшугар: Аймаг бүрд Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулна

Эрүүл мэндийн сайд Батшугар Төв аймагт ажиллаж, Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд болон 27 сумын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй уулзан санал солилцжээ.
Тэрбээр, "Анхан шатны тусламж үйлчилгээ, сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагууд бол хамгийн чухал салбар. Тиймээс бодлогын дэмжлэгийг энэ түвшинд чиглүүлэх шаардлагатай. Нэг иргэнд ногдох эрүүл мэндийн санхүүжилтийг 40-120 хувиар нэмэгдүүлсэн. Цаашид иргэдээ бүрэн бүртгэлжүүлсэн тохиолдолд нэмэлт 15 хувийн урамшуулал олгоно. Мөн Азийн хөгжлийн банктай 225 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулсан. Энэ хүрээнд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөж, яаралтай тусламжийн тасаг, мэс заслын болон эрчимт эмчилгээний тасгийн хүчин чадлыг сайжруулна. Түүнчлэн эмч, сувилагчдыг сургаж чадавхжуулах ажлыг хэрэгжүүлнэ.
Төв аймаг эмийн худалдан авалтаа нэгдсэн байдлаар зохион байгуулж, улмаар сумдынхаа хэрэгцээнд хуваарилж байгаа нь ихээхэн хэмжээний хэмнэлт бий болгож байна. Ийм тогтолцоог лавлагаа шатны эмнэлгүүдэд нэвтрүүлж, нэгдсэн эх үүсвэр болон нэгдсэн худалдан авалтаар эмээ нийлүүлдэг болно. Ингэснээр гарсан хэмнэлтийг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, эмийн хүртээмжийг сайжруулахад зарцуулна" гэв.
Түүнчлэн аймаг бүрд Нийгмийн эрүүл мэндийн төв байгуулж, эх, хүүхдийн эрүүл мэнд, өвчлөлийн эрт илрүүлэг, эрүүл мэндийн боловсролын ажлыг системтэй хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллах талаар дурдсан байна.






