“Цемент шохой” ХХК-ийн удирдлагууд ₮10 тэрбумын илүү худалдан авалт хийсэн зэрэг ₮558 тэрбумын ЗӨРЧИЛ илэрчээ

2026 оны 11 сарын 12

Arslan.mn

Үндэсний аудитын газар 2026 оны гуравдугаар сарын 16-нд  "Цемент шохой" ХХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд сөрөг дүгнэлт өгчээ.

2025 онд “Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг Д.Баттүвшин, Т.Алтанхуяг, Л.Ганбаатар нар дараалан хариуцаж байжээ.

Аудитын явцад 738.7 сая төгрөгийн бүртгэлийн алдааг залруулсан ч залруулаагүй алдаа, илэрсэн зөрчлийн нийлбэр 558.3 тэрбум төгрөгт хүрч, аудитын ач холбогдлын босгоос давсан байна. Уг дүнд баталгаажуулаагүй өрийн үлдэгдэл, хөрөнгийн дахин үнэлгээ, борлуулалтын бүртгэлтэй холбоотой дүн багтжээ.

Аудитаар илэрсэн 511 тэрбум төгрөгийн зөрчлөөс 48.2 сая төгрөгт төлбөрийн акт тогтоож, 109.2 тэрбум төгрөгт холбогдох албан шаардлага хүргүүлэн, 401.8 тэрбум төгрөгт холбогдох зөвлөмж өгчээ.

Мөн тус компани хэрэгцээ шаардлагаас илүү 10 тэрбум төгрөгийн бараа материал худалдан авсан байна. Мөн агуулахад удаан хугацаанд хадгалагдсан 3046 нэр төрлийн 1,027,173 ширхэг бараа материалын үлдэгдэлтэй байжээ. Түүнчлэн 65.9 тэрбум төгрөгийн найдваргүй авлагад холбогдох нөөц байгуулаагүйгээс авлагын цэвэр үлдэгдлийг 30.2 тэрбум төгрөгөөр илүү тайлагнасан байна.

Үүнээс гадна 16 харилцагчаас байгуулсан гэрээний үнийн дүнгээс хэтрүүлэн нийт 5.9 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд  борлуулалтын орлоготой холбоотой 40.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна.

Аудитын гол илрүүлэлтүүд

  • 318.1 тэрбум төгрөгийн зээлийн өрийг актаар баталгаажуулаагүй. Компанийн тайланд Хөгжлийн банканд 276.2 тэрбум, Худалдаа хөгжлийн банканд 41.9 тэрбум төгрөгийн зээлийн өртэй гэж тусгасан ч үлдэгдлийг банкуудтай тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй байна.

  • 47.3 тэрбум төгрөгийн дахин үнэлгээ аль хөрөнгөд хамаарах нь тодорхойгүй. Дахин үнэлгээний нэмэгдлийг санхүүгийн тайланд тусгасан боловч үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд оруулаагүй тул бүртгэл үнэн зөв эсэхийг тогтоох боломжгүй байжээ.

  • 40.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг буруу бүртгэсэн. Борлуулалтын авлагыг зохих дансанд бүртгэхийн оронд нийлүүлэгчийн өглөг, цалингийн өглөг, бараа материалын дансаар дамжуулан орлого бүртгэсэн зөрчил мөн илэрчээ.

Компанийн тайлагнасан дүнгээр, борлуулалтын цэвэр орлого өмнөх оны 71.4 тэрбум төгрөгөөс 84.5 тэрбум төгрөг болж өссөн ч 2024 онд 19.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан компани 2025 онд 3.17 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай гарчээ.

"Цемент шохой" ХХК-ийг 2025–2026 онд хэн удирдсан бэ?

  • 2025 оны 9-р сар хүртэл сар хүртэл Д.Баттүвшин: 2024 оны хоёрдугаар сарын 9-нд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд ТУЗ түүнийг 2025 оны есдүгээр сарын 2-нд чөлөөлсөн байна.
  • 2025 оны сүүлээс 2026 оны тавдугаар сарын 15 хүртэл Л.Ганбаатар:  2025 оны арваннэгдүгээр сарын 17-ны байдлаар гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв. Тэрбээр 2026 оны тавдугаар сарын 15-нд ажлаа Ч.Баяраад хүлээлгэн өгсөн. Одоо гүйцэтгэх захирлаар Ч.Баяраа ажиллаж буй.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671479
0 эможи

keyboard_arrow_up