ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан ШИЙДВЭРҮҮД

2026 оны 11 сарын 11

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Оюу Толгой” компани, “Рио Тинто” группээс Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлснийг Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд "Оюу Толгой" ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас 2027 онд "Оюу Толгой" ХХК-аас гурван их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь "Оюу Толгой"  ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжаас гадна төлөх дүн байх юм” гэдгийг захидалд тэмдэглэжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, "Оюу Толгой" ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдгээр боломжийг бодит үр дүн болгоно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах бодлого баримтлан тус аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

Нэгдүгээр шатанд буюу 2026-2027 онд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх, эрсдэлийн үед шуурхай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Хоёрдугаар шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлснээр дараах үр дүнд хүрэхээр төлөвлөжээ. Үүнд:


1.Малчдын орлогыг тогтвортой нэмэгдүүлнэ.


2. Иргэдийг эрүүл хүнсээр хангана.


3. Инфляцын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.


4.Бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжинэ.

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж,  амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

“Шүгэл үлээгч мэдээллээ баримт, эх сурвалж, шалгаж тогтоох боломжтой нөхцөлд тулгуурлан гаргасан бөгөөд тухайн үедээ үнэн гэж үзэх хангалттай үндэслэлтэй байсан бол мэдээлэл гаргасных нь төлөө иргэний, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэхгүй. Шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол хамгаалалтын арга хэмжээг нэн даруй авна” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээллээ.

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн төсөл нь нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлсэн хүн, хуулийн этгээдийг дэмжих, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, дарамт, өс хонзон, ялгаварлан гадуурхалт болон эрх зүйн байдлыг дордуулах үйлдлээс хамгаалах харилцааг зохицуулна. Төсөл 26 зүйлтэй бөгөөд шүгэл үлээх, мэдээлэх сувгууд, хамгаалалтын баталгаа, нөхөн төлбөр, урамшуулал, санхүүжилт, хариуцлагыг хамарна.

Мөн дагалдуулан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулна. 

Хуулийн төсөл батлагдсанаар, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, төрийн үйл ажиллагаанд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, авлигаас ангижирсан улс болох зорилтдоо хүрэх, олон улс дахь авлигын индексийн үзүүлэлтэд эергээр нөлөөлнө гэж үзлээ.

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөл батлагдсанаар,

-Хохирогч дахин хохирдог сөрөг үзэгдлийг таслан зогсооно.

-Гэрчийн аюулгүй байдлыг бүрэн хангаснаар гэмт хэргийн шийдвэрлэлт шуурхай болж, нуугдмал гэмт хэргүүд илэрнэ.

-Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллага нь мөрдөгч, прокурор, шүүхээс хараат бусаар бие даан хэрэгжүүлнэ.

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрх хангагдана.

-Хамгаалалтад авах субъектийн хүрээ өргөжиж, хүний эрхийг өргөн хүрээнд хамгаалах боломж бүрдэнэ.

-Хүний эрхийг хангасан гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоо бэхжиж, хамгаалалтын арга хэмжээний чанар, хүртээмж нэмэгдэнэ.

-Шүүн таслах ажиллагааг аюулгүй, хэвийн явуулах нөхцөлийг хангаж, шүүгчийн хараат бус байдлыг ханган, шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ гэж үзлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671469
0 эможи

Зочин
2026-11-11 16:20
Ямарч хэрэггүй хог шааруудаар дүүрцэн хогын цуглуулга шиг луйварчин магадгүй алуурчид ч сууж байж мэдэх газар бол УИХуралын танхим
keyboard_arrow_up