Монголын ард түмэн Б.Чойжилсүрэнд САЙДЫН СУУДЛЫН өртэй юу?!

2026 оны 11 сарын 11

Arslan.mn

Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэнг Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилж магадгүй гэх мэдээлэл гарлаа.

Тэрбээр өөрөө “Би Ерөнхийлөгчтэй сар гаруйн өмнө уулзсан. Эдийн засаг, хөгжлийн сайд болох санал одоогоор надад ирээгүй байна” гэж тайлбарласан. Үүгээрээ санал ирвэл томилгооноос татгалзахгүй гэдгээ хэлэх гэсэн бололтой.

Б.Чойжилсүрэн өмнө нь Эрчим хүчний сайдаар ажилласан. Түүнийг дахин Засгийн газарт оруулах тухай ярих бол эхлээд өмнөх ажлынх нь тайланг нийтэд ойлгомжтой танилцуулах хэрэгтэй. Ямар зорилт тавьсан, хэдийг нь хэрэгжүүлсэн, юу нь биелээгүй, ямар шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх вэ? “Туршлагатай” гэдэг ганц үг эдгээр асуултын хариуг орлохгүй.

Туршлага гэдэг нь албан тушаал хашсан жилийн тоо биш. Шийдсэн асуудал, хэрэгжүүлсэн бодлого, иргэдэд хүрсэн үр дүнгээр хэмжигдэх учиртай.

Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн Энхтайваны гүүр орчмыг “бетонон ширэнгэ” болгож дуусгасан нөхөр. Энхтайваны гүүрээр урагш давахад л түүний тансаг зэрэглэлийн “КН” апартмент угтана. Цааш залгаад “ХААН Банк”-ны төв оффис буюу 25 давхар “КВ тауэр” гэх шилэн барилга, хажууханд нь байрлах “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төв, чанх урд нь байх 780 айлын “Цэнгэлдэх” хотхон бүгд Б.Чойжилсүрэнгийнх.

Үүгээр зогсохгүй Энхтайваны гүүрний баруун хойд үзүүрт “Наран тауэр” гэх 132 айлын, баруун урд үзүүрт “Энхтайван” гэх 160 айлын хотхон бий. Аль аль нь түүнийх. Цаашилбал, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон “Рапид харш” хороолол, “Академи”, “Хүннү 2222”, “Хүннү плас”, “Хүннү стандарт” хотхонууд гээд бүгд түүнийх. Товчхондоо, Энхтайваны гүүр, Төв цэнгэлдэх хүрээлэн орчим Б.Чойжилсүрэнгийн “эзэнт улс” болчихсон.

Энэ мэтчилэн Улаанбаатар хотын А зэрэглэлийн байршлуудад хамгийн олон барилга барьсан хүмүүсийн нэг нь Б.Чойжилсүрэн. Гэтэл энэ бүхэндээ ханахгүй, 6,000 айл өрх шавааралдан суурьшсан газрыг авч, Улаанбаатарын хамгийн том үзвэр, үйлчилгээний газар  "UB Palace-ийг нураан, эргэх зайгүй шахам 8 блок орон сууцны хороолол барьж буйг бид өмнө нь мэдээлсэн.

Хуулиар нягтаршил ихтэй газарт ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолоос өөр барилга байгууламж барихыг хориглодог ч төрийн сайд, гишүүн Б.Чойжилсүрэнд энэ хууль, журам үйлчилсэнгүй.

Харин ч Эрчим хүчний сайдын албан тушаалаа ашиглан хамаарал бүхий компанийнхаа найман блок “бетонон ширэнгэ”-ийг сүндэрлүүлж, цахилгааны холболтыг нь шийдүүлэн, өөртөө л ашигтай ажилласан “ганц сайд” гэвэл илүүдэхгүй байх. Дахин сайд болох тухай яриа нь тус хотхоныг ашиглалтад оруулах сонирхолтой холбоотой юу ? гэдэгт олон хүн эргэлзэхгүй байгаа байх.

Энэ мэтээр иргэдийн эрх ашгийг хумхын тоосны чинээ үзэж, шуналдаа хөтлөгдөн яваа барилгын магнат Б.Чойжилсүрэнд Улаанбаатар хотын иргэдийн амьдрал хамаагүй бололтой.

Эдийн засаг, хөгжлийн сайдад бүр ч тодорхой шалгуур шаардлагатай. Хөрөнгө оруулалт, бүтээмж, экспорт, ажлын байр, томоохон төслүүдийн хэрэгжилтэд ямар өөрчлөлт авчрах хүн бэ? Өмнөх сайдаас юуг илүү хийх вэ? Яагаад заавал Б.Чойжилсүрэн гэж?

Эдгээр асуултад хариулаагүй атлаа хэнийг томилохоо түрүүлж тохирдог бол бодлогоосоо өмнө суудлаа хуваарилж байна гэсэн үг.

Улс төрч албан тушаалаас бууснаа өөрийн хүсэлтээр гэж тайлбарлаж болно. Гэхдээ буцаж томилогдох үндэслэл нь мөн л өөрийнх нь хүсэл байж болохгүй. Нийтийн өмнө тайлагнасан ажил, нотлогдох чадвар, хэрэгжүүлэх тодорхой хөтөлбөр байх ёстой.

Монголын ард түмэн Б.Чойжилсүрэнд ч, өөр хэнд ч сайдын суудлын өргүй. Харин төрийн албан тушаал хашсан хүн бүр иргэдэд ажлынхаа үр дүнг тайлагнах үүрэгтэй.

Сайдын суудал хэн нэгний улс төрд удаан явсны шагнал биш. Намын дотоод тэнцвэрийг хадгалах, бүлэглэлүүдийг эвлэрүүлэх хэрэгсэл ч байх ёсгүй. Энэ бол иргэдийн амьдралд нөлөөлөх шийдвэр гаргаж, үр дүнгийнх нь төлөө хариуцлага хүлээх албан тушаал.

Дахин томилох тухай ярихаасаа өмнө өмнөх ажлынх нь тооцоог хийе. Суудалд нь тохирох хүн хайхаас өмнө шийдэх асуудал, хүрэх үр дүнгээ тодорхой болгоё.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671457
0 эможи

keyboard_arrow_up